Улстөр нийгэм
У.Хүрэлсүх: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсон ч автозамын нүүрс тээвэрлэлтийг бууруулахгүй
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 4-ний өдөр Гашуунсухайт боомтод ажиллах үеэрээ нүүрс тээврийн жолооч нарын төлөөлөлтэй уулзсан билээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна.
Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв. Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг баримтална. Иймд автозамын тээвэрлэлтээ үргэлжүүлж, жилд 20 сая тонн, төмөр замаар 30 сая тонн нүүрс тээвэрлэх зорилт тавьж байна. Цаашид автотээврийн жолооч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тээврийн замыг өргөтгөн сайжруулна. Төмөр зам, автозамын нүүрс тээвэрлэлтийг хослуулан явуулах учир жолооч нар аюулгүй байдлаа хангаж, холбогдох дүрэм журмын дагуу ажил үүргээ хэвийн үргэлжлүүхийг захилаа. Засгийн газраас жолооч нарын ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар шаталсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байна. Тухайлбал 2018 онд Ерөнхий сайдыг мөн Гашуунсухайт боомтод ажиллах үед боомтоор орж, гарахдаа түр амраад ахуйн үйлчилгээ авах үйлчилгээний төвтэй болох хүсэлтийг жолооч нар тавьж байсны дагуу Засгийн газраас холбогдох шийдлийг гаргасан. Өнөөдөр биелэлээ олж Гашуунсухайт боомтын дэргэд “Тайван зогсоол” байгуулж байна. Тус газрын барилга угсралтын гүйцэтгэл 86%- тай үргэлжилж байна.
Тайван зогсоол 2500 авто зогсоолтой, нэг ээлжинд 14000 жолооч үйлчлүүлэх боломжтой. Эмнэлэг, 220 хүний суудалтай кино театр, хоолны газар, үсчин, гоо сайхан, халуун усны газрууд тус тус үйлчилгээ үзүүлнэ. Жолооч нар замын алжаалаа тайлж тайван амрах нөхцөл бүрдүүлж байна. 24 цагийн харуул хамгаалалттай, хяналтын камерийн системтэй, зогсоолын талбай болон цогцолбор тэрчигтээ бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
-
Улстөр нийгэм2022/07/20
54.500 тонн сайжруулсан түлш нөөцлөөд байна
-
Цаг үе2021/01/04
Нийслэлд зохион байгуулж буй шинжилгээний төвүүдийн хаяг, байршил
-
Улстөр нийгэм2021/05/11
Засгийн газар төрийн 516 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна
-
Улстөр нийгэм2024/02/13
Төр, түмний заяа буяныг даатган Очирдарь шүтээнд мандал өргөлөө
