Цаг үе
Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ
- Шаардлага хангаагүй 69, хангалтгүй 67, хангалттай 25 нүүрс тээвэрлэгч байгууллага байна -
Автотээврийн үндэсний төвөөс Зам, тээврийн хөгжлийн яамтай 2020 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Ухаа худаг уурхайгаас 215 км-т буюу Ханбогд сумын Хайрхан багын нутагт орших Цагаанхад суурьшлын бүс хүртэлх аж ахуйн нэгжүүдийн автотээврийн хэрэгслийн ашиглалтын байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хамтарсан хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Энэхүү хяналт шалгалтыг “Ачаа тээвэрлэлтийн аюулгүй байдлыг шалгах хяналтын хуудас” болон “Зэрэглэл тогтоох хуудас”-аар хяналт шалгалтыг гүйцэтгэж илэрсэн дутагдлыг арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх автотээврийн аж ахуйн нэгж, байгууллагын хөдлөх бүрэлдэхүүнээс хамааруулан авто аж ахуй зэрэглэл тогтоон ажиллаж байна.
Энэ хүрээнд АТҮТ-ийн удирдлагууд өнөөдөр /2020.09.15/ дээрх аж ахуй нэгжүүдийн 200 орчим төлөөллүүдтэй уулзаж санал солилцож, тулгарч байгаа асуудлуудаа хэлэлцэж, шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтад нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэдэг 213 аж ахуйн нэгж хамрагдахаар төлөвлөгөөнд тусгагдсанаас 161 аж ахуй нэгж шалгалтанд хамрагджээ. Үүнээс “Их” эрсдэлтэй буюу шаардлага хангаагүй 69 ААН, “Дунд” эрсдэлтэй буюу хангалтгүй 67 ААН, “Бага” эрсдэлтэй буюу хангалттай 25 ААН байгууллага шалгагдсан байна.
Шалгалтаар тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл үйлчилгээний ил болон дулаан зогсоол, техникийн үйлчилгээ, засварын байранд тавигдах шаардлага, автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөл, боловсон хүчний хангалт, тээвэрлэгч жолооч, инженер техникийн ажилтанд тавигдах шаардлага, тээвэрлэлтийн гэрээ байгуулсан эсэх зэргийг шалгахад дараах нийтлэг зөрчил илэрсэн байна.
- Автотээврийн хэрэгслийг байрлуулах зориулалтын зөвшөөрөгдсөн зогсоол, талбайгүй
- Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг боловсруулаагүй
- Автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгах мэргэжлийн алба хүмүүсийг зохион байгуулаагүй
- Автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах техникийн үйлчилгээ, засвар хийх барилга байгууламжгүй
- Тээврийн хэрэгсэлд хийх техникийн үйлчилгээний хугацааг явсан бодит гүйлт эсвэл төлөвлөгөөт гүйлттэй уялдуулан тогтоогоогүй, мэргэжлийн ажилчид, инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн ангилал, зэрэг, ажлын байранд тавих шаардлагыг бүрэн тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлолтыг гүйцэд боловсруулаагүй
- Автотээврийн хэрэгслийн техникийн ашиглалтын хувийн хэргийг бүрэн хөтлөөгүй
- Тээврийн хэрэгслүүдийг баталгаажуулсан холбоо мэдээллийн хэрэгслээр бүрэн хангаагүй
- Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд удирдлагын ажлын байр болон жолооч амрах, хооллох байргүй зэрэг зөрчил нийтлэг илэрчээ.
Шалгалтын явцад зэрэглэл тогтооход 111 аж ахуйн нэгж шаардлага хангаагүй зөрчлийг илрүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагад хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай Улсын байцаагчийн заалт бүхий албан шаардлагыг 25-90 оноогоор дүгнэгдсэн 148 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлжээ. Шалгалтын дүн мэдээг олон нийтэд нээлттэй болгож, цахим хуудаст байршуулахаас гадна, “Тээврийн нэгдсэн систем”-ээс тавигдах шаардлага, дүн, оноог бүгд нээлттэй харах боломжтой гэдгийг энэ үеэр дуулгав. Мөн шалгалтад хамрагдаагүй 52 аж ахуйн нэгж, байгууллагад улс хоорондын ачаа тээврийн “С” төрлийн зөвшөөрлийн бичиг олгохгүй байх шийдвэрийг танилцууллаа.
Тээвэрлэгч аж ахуй нэгуүүдийн зүгээс “Тээврийн нэгдсэн систем”-д холбогдосоноор төрийн байгууллагуудтай харилцах уялдаа холбоо сайжирч, ил тод болсон гэдгийг онцлон хэлж байв. Мөн энэхүү системээрээ дамжуулж жолооч нарын хариуцлагыг сайжруулах, тэднийг бүртгэлжүүлэх, чадавхижуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг олон асуудлыг цэгцлэх боломжтой гэдэгт нийт төлөөлөгчид санал нэгдэв. Ингэхдээ хариуцлагагүй, ажил хаядаг, давхар бүртгэлтэй, осол зөрчил гаргадаг, ёс зүйгүй, хэрэг зөрчилд холбогддог, согтууруулах ундаа хэрэглэдэг, хориотой бараа тээвэрлэсэн зэрэг хэрэг зөрчилд холбогддог жолооч нарыг “хар жагсаалт”-д оруулж, хариуцлагыг өндөржүүлэх тал дээр нийт аж ахуй нэгжүүд хамтран ажиллахаар боллоо гэж Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нарын харилцан тохиролцсон зүйлс бодит ажил болж байна.
Казахстаны “Scat Airlines” компанийн агаарын хөлөг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ.
Ингэснээр зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад төрийн айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор иргэний нисэхийн салбарт идэвхтэй хамтрах, шууд нислэг үйлдэх талаар ярилцаж, тохиролцсон юм.
“Scat Airlines” компанийн агаарын хөлөг долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт Астана-Улаанбаатар, лхагва, бямба гарагт Улаанбаатар-Астана чиглэлд ниснэ.
Тус компани 1,300 гаруй ажилтантай, агаарын 21 хөлөгтэй. Дотооддоо 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлдэж байна.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
-
Шударга мэдээ2019/06/11
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
-
Шударга мэдээ2021/09/15
Улирлын томуугийн дархлаажуулалт энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ
-
Урлаг спорт2021/09/21
Соёл, урлагийн бүхий л үзвэр, үйлчилгээг аравдугаар сарын 1-нээс нээнэ
-
Цаг үе2023/11/29
Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
