Цаг үе
Ломбардуудын 36 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна

ШӨХТГ-аас 180 орчим барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардуудын үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Хяналт шалгалтад хамрагдсан ломбардууд барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг, зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог, хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцдог бол зарим газрууд нь алданги тооцдоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрлээ.
Харин Иргэний хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд:
- Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажилладаггүй;
- Хэрэглэгч эрхээ хамгаалах тухай болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглан хэт нэг талын ашиг сонирхол давамгайлсан, хууран мэхэлж, төөрөгдүүлсэн шинжтэй гэрээг шууд тулган байгуулдаг;
- Цахилгаан бараа, гар утас, нөүтбүүк, ТВ-ийг зах зээлийн ханшнаас доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг, хугацаа богино, хүү өндөр, хоногоор алданги тооцдог;
- Иргэний барьцааны эд зүйлсийг зээлийн хугацаа дуусмагц сануулах мессэжийг илгээдэг ба дараагийн өдрөөс зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан борлуулж ломбардын орлого болгох талаар гэрээнд тусгасан;
- Зээлийн гэрээний хугацаанаас өмнө иргэн эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүүг тооцож төлөхөөр гэрээнд тусгах зэрэг зөрчил илэрсэн байна.
Ломбардуудын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухайд 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бол үлдсэн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ШӨХТГ
Цаг үе
Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төв, сургуулийн бодлого, төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, ТЕГ-ын удирдлага, бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн үйл ажиллагаа, сургуулийн бодлого, цагийн байдал болоод байгууллага хоорондын уялдаа холбоо, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, дууриалган үзүүлэх дадлага сургуулийн талаар нэгдсэн ойлголт, талаар мэдээлэл өгч, холбогдох чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцууллаа.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 2014 онд 1,037 тэрбум, 2015 онд 5.6 тэрбум төгрөгийг таван жилийн хугацаатай, жилийн таван хувийн хүүтэйгээр 30-500 сая төгрөг хүртэлх хэмжээтэйгээр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлээр олгосон.
2020 оны байдлаар 2.5 тэрбум төгрөгийн эргэн төлөлт, 162 сая төгрөгийн хүүгийн орлого Төрийн санд төвлөрчээ. Харин 2019 онд “Капитал” банкийг татан буулгах шийдвэр гарч, тус банкнаас авах зээл, зээлийн хүү, алданги 3.7 тэрбум төгрөг үлдсэн байна. Өдгөө төрийн байгууллагад учирсан хохирлыг барагдуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд “Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулах боломжтой юм.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудалтай холбоотойгоор Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Цаг үе
“Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн-2023” болно
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн хүрээнд “Барилгын чанар, аюулгүй байдал-паспортжуулалт-2023” салбар зөвлөгөөн 2023 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн 08:00 цагт Хөвсгөл аймгийн “50/100” event hall-д болно.
Барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдал, салбарын бодлого, хөгжлийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэлэлцэх тус зөвлөгөөнд Барилга, Нийтийн аж ахуйн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилчид оролцох боломжтой юм байна.
-
Улстөр нийгэм2021/03/20
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг ЦЭЦЭД зүтгүүлж байн...
-
Улстөр нийгэм2021/10/05
Л.Оюун-Эрдэнэ: Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг ирэх жилийн төсө...
-
Улстөр нийгэм2019/08/22
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Цаг үе2020/02/21
Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Сэтгэгдэл