Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 19. Сумъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын адаг өлзийт улаан нохой сарын Билгийн тооллын 3. Даваа гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр.
Өдрийн наран 7 цаг 18 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.
Цаг үе
Д.Баньд: Иргэд нийслэлийн суурьшлын бүсэд баавгай харсан тохиолдолд 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
Нийслэлийн ногоон бүсээс суурьшлын бүс рүү энэ оны наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай нэвтэрсэн гэх дуудлага анх бүртгэгджээ. Үүнээс хойш “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньдаас зарим зүйлийг тодрууллаа.
Нийслэлийн Байгаль орчны газрын Амьтан, ургамлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Баньд "ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн 2022-2024 онд хийсэн автомат камерын судалгаагаар нийслэлийн ногоон бүсийн Сэлбийн голын эх, Улиастайн голын эхээр тус бүр нэг баавгай суурьшиж байгаа нь батлагдсан байдаг. 2018 онд нэг, 2019 онд хоёр, 2020 онд нэг, нийт дөрвөн удаа баавгай суурьшлын бүс рүү орж ирсэн. Энэ онд наймдугаар сарын 11-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Баянгийн эхэд баавгай орж ирсэн дуудлага анх бүртгэгдсэн. Энэ үед иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж эхэлсэн. Дараа нь наймдугаар сарын 30-нд “Богдхан ууланд баавгай байна” гэсэн дуудлага ирсэн. Он гарсаар “Баавгай орж ирсэн” гэх долоон дуудлага бүртгэгдэж, нийслэлийн Байгаль орчны газраас хоёр баавгайг барьж, суурьшлын бүсээс ойролцоогоор 180 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт тавьсан.
Баавгай 25-30 км зайд хоол тэжээлийг үнэрлэж олдог амьтан. Иймд иргэд гэр орон, өвөлжөө, хаваржааны ойр байх малын сэг зэмийг холдуулах, булах, хадлан тэжээл бэлтгэж, жимс түүж хөдөө, орон нутагт явж байгаа иргэд хоолны хог хаягдлыг холдуулах, битүүмж сайтай байлгах, аль болох ойтой газраар аялахгүй байхыг зөвлөж байна” гэлээ.
Баавгай аравдугаар сарын дундаас арваннэгдүгээр сарын эхэн үед ичдэг байна. Иймд иргэд, олон нийт сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна. Нийслэлийн Байгаль орчны газраас суурьшлын бүсэд нэвтэрсэн баавгайг суурьшлын бүсээс гаргаж, холдуулах арга хэмжээг авдаг. Энэ чиглэлээр мэргэжлийн 2-3 хүнтэй баг байнга ажиллаж байна. Хэрвээ иргэд суурьшлын бүсэд баавгай харвал нийслэлийн Байгаль орчны газрын 7272-0303, нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 1131-0005 дугаарт яаралтай залгаж, мэдэгдээрэй.
Цаг үе
"Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт" сургалт зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас БНХАУ-ын Бээжин хотын Усны аж ахуйн газартай хамтран “Үер, газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ үеэр дэд дарга, хурандаа Д.Хадбаатар нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэл, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөлт, зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэж, санал солилцлоо.
Сургалтын хүрээнд Бээжин хотын Усны аж ахуйн газрын дарга Лю Бинь тэргүүтэй төлөөлөгчид Туул голын Гачуурт-Сонсголон Био комбинат хэсэгт газар дээрх үзлэг хийж, үерийн хамгаалалтын байгууламжийн нөхцөл байдал, голын ус нэвтрүүлэх чадвар болон ус зайлуулах системтэй танилцсан. Мөн үерийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээ, хур тунадас болон усны түвшний мониторинг, үерийн урьдчилан сэргийлэх мэдээ, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог боловсронгуй болгох мэргэжлийн чиглэлээр санал, туршлага солилцсон юм.


Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, бороо орж, сэрүүснэ.
2026 оны есдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 6 хэмээр сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Өчигдөр өдрөөс 5 хэмээр сэрүүсэж 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Өчигдөр өдрөөс 6 хэмээр сэрүүсэж 13-15 хэм дулаан байна.
2026 оны есдүгээр сарын 23-27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Ховд, Хөвсгөлийн нутаг, Говь-Алтай, Завхан, Архангайн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар, 23-ны өдөр Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Булган, Сэлэнгийн өмнөд, Завханы зарим, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булган, Сэлэнгэ, Хэнтийн өмнөд, Архангай, Төв аймгийн ихэнх сумд, Дундговийн хойд сумдын нутгаар, 24-ний өдөр Баян-Өлгий, Увс,Завхан, Хөвсгөлийн зарим сумд, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Сүхбаатарын хойд сумдын нутгаар 24-25-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Архангай, Дорнодын зарим сумдаар, 25-ны өдөр Архангайн ихэнх сумд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумд, Увс, Завханы зарим сумд, Хөвсгөл, Төв аймгийн өмнөд сумдын нутгаар, 25-26-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн өмнөд сумд, Дундговийн хойд сумд, 26-ны өдөр Увс, Хөвсгөл, Булган, Дорноговийн зарим сумд, Өмнөговийн зүүн сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 23-нд говь, тал, хээрийн нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүхэн, шөнөдөө Завхан, Заг, Байдраг голын эхээр 5 хэм хүйтнээс 10 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 5 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 7-12 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
-
Урлаг спорт2020/01/17
Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадамд уригджээ
-
Үзэл бодол2025/09/25
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
-
Улстөр нийгэм2022/04/14
УИХ: Эдийн засгийн байнгын хороо хуралдана
-
Цаг үе2026/04/14
Нутгийн 60 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
