Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Батбаатар: ФАТФ-ын шалгуур өөрчлөгдөх болгонд Монгол Улс хөл нийлүүлэн алхах нь чухал

Огноо:

,

Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатартай ярилцлаа.

- Саарал жагсаалтаас гарах ФАТФ-ын зөвлөмжийг хэрхэн биелүүлснийг шалгах газар дээрх хяналтын баг саяхан Монгол Улсад ирж ажиллалаа.

- Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах Үндсэн чиглэлийн дагуу Монгол Улсыг энэ ондоо багтаан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гаргах нь Монголбанкны эн тэргүүний ажил байсан. Энэ хүрээндээ маш эрчимтэй ажиллаж, бусад төрийн байгууллага, хувийн сектор, мэргэжлийн холбоодтой хамтран ажилласны үр дүнд газар дээрх хяналт шалгалтын багийг Монгол Улсад авчирч чадлаа. Ингэснээр ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтын баг аравдугаар сарын 1, 2-ны өдөр хяналт, шалгалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийтдээ 100 гаруй төлөөлөгчид хуралд оролцож, бүгд өөр өөрсдийн салбарын хариуцсан ажлаа тайлагнасан. Тэгэхээр газар дээрх энэ хяналт, шалгалтын хариу нь аравдугаар сарын сүүлээр гарч, ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэр гарна. Тэгэхээр ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас гарах чиглэлийн үндсэн ажлууд 2020 онд хийгдсэн.

Харин ирэх онд ямар ажил хийх вэ гэдэг асуудал бий. Төв банк жил бүрийнхээ мөнгөний бодлогын үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах асуудалд өндөр ач холбогдол өгч, тэргүүн зэргийн заалт болгож оруулдаг. Ирэх жил ч бас энэхүү уламжлалаа хадгалж байгаа. Тэгэхээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр заалт оруулсан. Тодруулбал, “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах хүрээнд хууль эрх зүйн орчноо ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлэн боловсронгуй болгоно. Мөн Монгол Улсын үнэлгээний үр дүнтэй байдал буюу зөвлөмжүүдийнхээ үнэлгээг ахиулах чиглэлээр гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллана” гэж тусгасан. Түүнчлэн ирэх 3-4 жилд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр баримтлах бодлогын баримт бичиг буюу Үндэсний хөтөлбөрийг батлуулъя. Ингэж батлуулахдаа үндэсний эрсдэлийн үнэлгээг хийнэ. Энэ оны хоёрдугаар сард Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх ажлын хэсэг байгуулагдсан. Нийт 10 дэд ажлын хэсэгтэй, 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй энэ баг нь салбар бүрийн эрсдэлийг үнэлэх, үүн дээрээ тулгуурлаад, дутагдалтай талуудыг илрүүлж, асуудлыг систем, тогтолцооных нь хувьд тодорхойлох зорилготой юм. Бид энэхүү үндэсний эрсдэлийн үнэлгээг дөрөвдүгээр улирал гэхэд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Үндэсний эрсдэлийн үнэлгээний ач холбогдол юу вэ?

- Үндэсний эрсдэлийн үнэлгээгээр салбар бүрийн эрсдэлийг гаргаж ирснээр энэ нь ирэх оны эхний улиралд батлагдах Үндэсний хөтөлбөрийн гол цөм нь болох юм. ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн дараагийн үнэлгээ 2023 онд болно. Тэгэхээр Үндэсний хөтөлбөр нь ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн 40 зөвлөмжийн зөвлөмж тус бүрээр ямар асуудал тулгарах вэ, ямар эрсдэлүүд бий болох вэ, үүнийг хэрхэн шийдэх вэ, хэн, ямар байгууллага хариуцах вэ гэдэг бүх асуудлыг тодорхойлох бодлогын томоохон бичиг баримт болох юм. Тийм учраас бид ирэх оны эхний улирал гэхэд энэхүү баримт бичгээ батлуулаад, үлдсэн хугацаанд нь уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргаад, цаашид хэрэгжүүлж ажиллана. Энэ бүгд нь 2023 онд болох ФАТФ-ын техникийн хэрэгжилтийн үнэлгээг хамгаалах чухал суурь ажил болох юм.

- ФАТФ-ын зөвлөмжийн талаар үнэлгээг сайжруулахад ирээдүйд ямар алхам хийх вэ?

- Юун түрүүнд энэ он болон ирэх он дамнаад виртуал хөрөнгийн эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх хуулийг батлуулах шаардлагатай байгаа. Мөн ашгийн бус байгууллагын тухай хуулийг батлуулах хэрэгтэй. Үүн дээр ХЗДХЯ голчлон ажиллаж байна. Харин виртуал хөрөнгийн зохицуулалтын хуулийн хувьд Монголбанк хариуцах юм. Мөн 2021 онд техник хэрэгжилтийн “Зөвлөмж 1”-ийн үнэлгээг сайжруулах тухайд Үндэсний эрсдэлийн үнэлгээг хийх шаардлагатай байгаа. Дээр дурдсанчлан Үндэсний эрсдэлийн үнэлгээг 2020 ондоо багтаад хийнэ. Энэхүү үнэлгээний дагуу бид 2021 онд ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн бүлэгт үнэлгээг ахиулах чиглэлээр ажиллах юм. Техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийн хувьд хууль эрх зүйн орчноо сайжруулах асуудлууд илүү чухал байна. Ингэхдээ гадаад болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж, техникийн туслалцаа авна. Тэгэхээр 2021 онд баримтлах Үндсэн чиглэлд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр ийм бодлого хэрэгжүүлэх юм. 

Монгол Улс саарал жагсаалтад орсноор банкуудын гадаад гүйлгээ, мөн корреспондент банкны үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хумигдсан. Саарал жагсаалтаас гарснаар энэ асуудал эерэгээр шийдэгдэх үү?

- Саарал жагсаалтад орсон орны хувьд дараагийн нэг жилдээ ДНБ-ий өсөлт 0.98 нэгж хувиар буурдаг гэсэн статистик бий. Манай улсын хувьд энэ асуудал нь санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарт яаж нөлөөлөх вэ гэдэг нь маш чухал. Банкны сектороор дамжаад гадаад худалдаа эрхэлж байгаа хувийн секторын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлдэг. Тухайлбал, гадаад төлбөр тооцоо хийгдэх хугацаа уртасч, төлж байгаа шимтгэлүүд нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, нэг банкаар дамжаад төлбөр тооцоогоо хийдэг байсан бол хоёр банк болчихоор тухайн арилжааны банкны болон тухайн банкаар үйлчлүүлж буй хувийн хэвшлийн байгууллагын зардлыг өсгөдөг. Гэхдээ Монгол Улс саарал жагсаалтаас гарсан тохиолдолд энэ асуудал эерэг тал руугаа өөрчлөгдөнө. Гадаад төлбөр тооцоо дамжуулагч банкны хувьд корреспондент банкны харилцаа нь маш чухал. Саарал жагсаалттай холбоотойгоор корреспондент банкны үйл ажиллагаа хумигдсан ч ФАТФ-ын саарал жагсаалт болон Европын холбооны хар жагсаалтаас гарснаар манай улсын банкуудад гадаадын харилцагч банкуудаас тавих шалгуур зөөлөрнө. Мөн тухайн улс орны банкуудад Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагууд мөнгө угаахтай тэмцдэг, энэ чиглэлийн эрсдэл багатай юм байна, тийм учраас гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлье гэх мессежийг өгнө. Банкуудаас мөн корреспондент банкуудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр дахин эрчимтэй арга хэмжээг авч эхлэх байх. Энэ утгаараа ойрын хугацаанд корреспондент банкны үйл ажиллагаа сайжирна гэж харж байгаа. 

Ирэх онд эрх зүйн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улс дахин саарал жагсаалтад орохгүй байх нөхцөл бүрдэх үү?

- Саарал жагсаалтад орохгүй байхын тулд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа хамгийн чухал.  Мөн тухайн улс орон төрийн дээд түвшинд энэ асуудалд ач холбогдол өгч, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой хууль эрх зүйн орчноо тогтмол шинэчилж, хариуцсан байгууллагууд нь ажлаа цаг тухайд нь, чанартай хийх нь чухал юм. ФАТФ-аас тавьж байгаа олон улсын стандартууд байнга чангарч байгаа. Тэгэхээр энэ стандартуудыг Монгол Улс тухай бүрд нь дагаж мөрдөж байх ёстой. Тэгж чадахгүй бол дараагийн харилцан үнэлгээний баг ирэхэд дахиад л дутагдалтай байна гэж дүгнүүлэх эрсдэлтэй. Тэгэхээр стандарт өөрчлөгдөх болгонд Монгол Улс тэр стандарттай хөл нийлүүлж явах нь чухал юм. Тухайн стандартын дагуу хууль эрх зүйн орчиндоо шинэчлэл хийдэг, тэрхүү шинэчлэл нь практикт хэрэгждэг, бодлогын систем, зарчим, стратегитай байх ёстой. Үүнийг л ФАТФ-аас хамгийн гол зарчим болгож, шаарддаг.

 - ФАТФ-ын зөвлөмжийг дагахад төрийн байгууллагуудын оролцоо чухал гэдгийг та хэлж байна. Яг саарал жагсаалтаас гарах, Монгол Улсын үнэлгээг ахиулах зэрэг ажлуудад хамтын ажиллагаа хэрхэн хангагддаг вэ. Цаашдаа хамтын ажиллагааг илүү сайжруулах талаар хэрхэн ажиллаж байна вэ? 

- Санхүүгийн мэдээллийн алба нь төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа, мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны гадаад, дотоод харилцаа гээд бүхий л асуудлыг хариуцаж байдаг. Одоогоор Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд төрийн 20 гаруй байгууллагын оролцоотой Хамтын ажиллагааны зөвлөл ажиллаж байна. Мөн төрийн 20 байгууллагын оролцоотой Үндэсний зөвлөл бий. Тухайлсан төрийн байгууллагуудын дээд удирдлага болон дунд түвшний менежрүүдийн хосолсон  ажлын хэсгүүд тогтмол хуралдаж асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Мөн хамтын ажиллагаагаа сайжруулаад явж байна. Санхүүгийн мэдээллийн албанаас ФАТФ-ын зөвлөмжүүд, бусад стандарттай холбоотой хийгдэх ажлуудыг тухайн бүрд нь эдгээр зөвлөлдөө танилцуулж, аль байгууллага ямар ажил хийх вэ гэдгийг тодорхойлж, асуудлыг эзэнтэй болгоход тогтмол дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын МУТСТ талаарх ойлголт, хүний нөөц чадавхи харьцангуй сайжирсан гэдгийг бас онцлон тэмдэглэмээр байна. Мөн Терроризмтэй тэмцэх зөвлөл гэж бий. Уг зөвлөл нь терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Энэ зөвлөлд мөн л 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл бий. Тэгэхээр манай энэ зөвлөлүүд байнгын харилцан хамтын ажиллагаатай байх ёстой. Мөн мэргэжлийн холбоодуудын хүчин чармайлт чухал. Үүнээс гадна хэчнээн төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод хамтран ажилласан ч гэсэн энд хувийн хэвшлийн дэмжлэг маш чухал. Тэгэхээр мэдээлэх үүрэгтэй этгээдүүд маань төрийн байгууллагуудаа дэмжээд, үйл ажиллагаанд нь тогтмол хамрагдаж, мэдээлэл, туршлага солилцох байдлаар ажиллаж явах нь дараагийн удаад 2023 онд Монгол Улсын техник хэрэгжилтийн 40 зөвлөмжийг үнэлэхэд ямар нэгэн дутагдал гарахгүй байх чухал суурь болно.

- Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Үзэл бодол

Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож,  боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.

Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. ОюуТолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.

Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ. 

Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.

137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд,  

-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн авто зам барих
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ц.Цолмон: Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй

Огноо:

,

Уржигдар шөнө Улаанбаатар хотын уулархаг бүсэд нойтон цас орсон. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэр дэх цаг агаарын урьдчилсан төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын синоптик инженер Ц.Цолмонгоос тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын цаг агаар ямар байх вэ?

-Есдүгээр сарын 25-нд нийслэлийн нутаг дэвсгэрээр бороо орж, есдүгээр сарын 26-нд шилжих шөнө уулархаг хэсэгт нойтон цас орсон. Өнөө шөнөдөө ялимгүй хур тунадас орж, ойрын тав хоногт агаарын температур шөнөдөө 1 хэм дулаан, өдөртөө 7-10 хэмийн дулаан байна. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр цас орохгүй. Харин өнөө шөнөөс эхлэн баруун аймгийн нутгаар буюу Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгаа. Тиймээс иргэд, тээвэрчид шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байх, зорчих тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.

-Цас хэр хэмжээгээр орсон тохиолдолд аюултай үзэгдэлд тооцдог вэ?

-Цас 5-10 мм-ийн зузаантай орсон бол аюултай үзэгдэл, 10 мм-ээс дээш зузаантай байвал гамшигт үзэгдэлд ордог.

-Өнөөдрөөс хүйтэрч эхэлж байна. Ирэх өдрүүдэд дулаарах уу?

-Есдүгээр сарын 29-нөөс нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 30-наас ихэнх нутгаар агаарын температур өдөртөө бага зэрэг дулаарах төлөвтэй байна.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Бат-Оргил: Хуучин автобус оруулж ирж байгаа гэх мэдээлэл ташаа

Огноо:

,

Нийтийн тээврийн парк шинэчлэлээр авч байгаа автобуснуудыг хуучин гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Шинэ автобусны техникийн үзүүлэлтийн талаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер Э.Бат-Оргил:

 -Шинэ ногоон автобуснууд нь БНСУ-ын “Daewoo” компанийнх. Тус компани нь дэлхийн долоон оронд салбар үйлдвэртэй. Энэ бол “Daewoo” компанийн Вьетнамд угсралт хийсэн автобус. Шинэ автобус, техник хэрэгсэл ямар байдаг, тэр дагуу бүгд шинэ, бас хуулгатай, бичиг баримттай. Автобусны гэрэл нь лед, таван паартай, дулаалгын тусгай материал ашигласан. Өмнө нь бол дулаалгад хөөсөнцөр ашигладаг байсан. Үйлдвэрлэлийн явцын бичлэгүүдийг манайд ирүүлсэн. Суудлын бүрээс сайжруулсан лидрен материал. Суудал бүрд агааржуулагчтай. Мөн дөрвөн дэлгэц, утасны USB холбогчтой, цонх нь цантдаггүй. Манайх техникийн нөхцөлөө өгч хүлээж авч байгаа учраас хуучин автобус гэдэг бол ташаа мэдээлэл. Тоног төхөөрөмж, мотор гээд бүх зүйл нь шинэ. “Евро 5” дизель хөдөлгүүртэй, утаа бага ялгаруулах төхөөрөмж суурилуулсан. Зэвний хамгаалалтыг замаск, тос гэж андуурсан мэдээлэл гараад байгаа гэлээ.

Б.Тамир: Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир:

-Улаанбаатар хотод үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь 10-12 жилийн насжилттай болсон. Иймээс ч сүүлийн үед автобус шатсан тохиолдол олон гарч байна. Өдөрт 500-600 мянган зорчигч тээвэрлэдэг. Нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан байна. Иймээс парк шинэчлэлийг чинээнд нь тултал нь хийж, эхний автобуснууд үйлчилгээнд явж байгаа. Дизель автобус 20 орчим ороод ирчихсэн, үлдсэн 80 нь маргааш ирнэ. Автобуснуудад цахим карт уншуулах төхөөрөмж суурилуулж, аль болох богино хугацаанд үйлчилгээнд гаргана. Дизель автобуснуудыг холын чиглэлд, цахилгаан автобусаа хотын төвөөр гаргахаар төлөвлөж байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдал зэрэгт тохируулан автобуснуудад тодорхой тооны нэмэлт төхөөрөмж хийлгэсэн. Тухайлбал, хөргөлтийн систем, паар зэргийг нэмсэн. Автобуснуудыг зах зээлийн үнээр авч байгаа. 60 автобус авах тендер зарлаад жил гаруй үргэлжилсэн түүх бий. Өдгөө бид 800 гаруй автобусыг шинэчилж байгаа. Үүний цаана нийтийн эрх ашиг яригдах ёстой. Бид аль болох богино хугацаанд парк шинэчлэлийг хийж байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ, төлөвлөлтөд ажиллаж, хүлээгдэл багатай байхаар төлөвлөж байгаа. Өглөө, оройн ачаалалтай цагаар Энхтайваны өргөн чөлөөнд богино эргэлтийн чиглэлийг гаргасан. Түүнчлэн өглөөний эх авалтыг бүх буудлаас нэгэн зэрэг эхлүүлдэг системийг нэвтрүүлээд байна. Нисэх, Яармагт шинэ чиглэл, богино эргэлтийг нэмсэн. Мөн ачаалалтай чиглэлд автобусны тоог нэмж байгаа. Түүнчлэн алсын чиглэлийн буух цагийг хойшлуулсан гэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох