Улстөр нийгэм
Ерөнхий сайд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ажиллалаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний геологийн алба, Ашигт малтмал, газрын тосны газар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд ажиллалаа.
Үндэсний геологийн алба. Монгол Улсын Засгийн газар 26 жилийн дараа буюу энэ оны зургаадугаар сард Үндэсний геологийн алба байгуулсан. Тус алба:
- геологи, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ хийх
- ашигт малтмалын тархалтын зүй тогтол, минерагений судалгаа хийж, эрдэс баялгийн хэтийн төлөвийн үнэлгээ өгөх
- геологи, эрдэс баялгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах
- ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөн бүртгэх чиглэлээр ажилладаг тухай албаны дарга О.Чулуун танилцуулав.


Геологийн судалгааны төв, Геологийн төв лабораторийг харьяа байгууллага болгох, геологи-эрдэс баялгийн судалгаанд нэгдсэн бодлого хэвшүүлэх, суурьшлын бүсийн хөрсний гулгалт, суулт, шилжилт, хагарал зэргийн судалгааг шинээр эхлүүлэх нь Үндэсний геологийн албаны өмнө тулгамдаж байгаа асуудал юм байна. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд үүрэг болголоо.

Ашигт малтмал, газрын тосны газар. 2016-2020 онд тус газрын хийсэн онцлох ажлын талаар орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцууллаа. Дээрх хугацаанд АМГТГ 1.1 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бөгөөд газрын тосны экспортын орлого 848.9 тэрбум төгрөг буюу нийт орлогын 76.2 хувийг эзэлж байна. Сүүлийн 10 жил тогтмол өсч байсан газрын тосны бүтээгдэхүүний жижиглэгийн үнийг 2019 оноос хойш таван удаа арга хэмжээ авч литр тутамд нь 380-570 төгрөгөөр бууруулсан, цахим мэдээллийн сан бүрдүүлсэн, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар ил тод, нээлттэй олгож эхэлсэн зэргийг дурдлаа. 2020 оны 10 дугаар сарын 19-ний байдлаар ашигт малтмалын 2645 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн байна.
2016-2020 онд холбогдох хууль тогтоомжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн 935 тусгай зөвшөөрлийг цуцлан нийт 185,651.58 гектар талбайг төрийн мэдэлд буцаан авчээ. Хуулийн дагуу олгосон, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуул, ашиглалт явуулах гэхэд орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн байгууллага хууль бус шаардлага тавьж саад учруулах нь түгээмэл болсон байна. Мөн газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд шууд шилжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын нөхөн төлбөрийн зохицуулалтыг нарийвчлах шаардлагатай байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлага хэлэв.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус яаманд гарсан “Хүнд үйлдвэрийн салбарын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г үзсэний дараа яамны удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Тэрээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хувьд геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэр гэсэн эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой салбарын ажлыг зохицуулж, хөгжлийн бодлогыг тодорхойлдог. Эдгээр салбарын онцлог нь усан хангамж, авто болон төмөр зам, цахилгаан хангамж зэрэг дэд бүтцээс шууд хамааралтай учир салбар хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг тэмдэглэв.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүнээ ихэнхдээ олборлосон чигээр нь гаргаж, түүхий эдийг бэлтгэгч орон байсан бол одоо гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нь уул уурхайн бизнес эрхлэгчдийн үндсэн үүрэг гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна.

Цаашид:
- Эрх зүйн орчны шинэчлэл хийж, геологи, уул уурхай, газрын тосны салбарын хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлан, хуулийн төсөл боловсруулах
- Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, дамжуулах хоолойн техникийн даалгавар боловсруулж, олон улсын тендер зарлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
- Төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, шуурхай хүргэх зорилгоор ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх зэрэгтэй холбоотой ажлаа бүрэн цахимжуулах
- Говийн бүсэд хэрэгжих нүүрс, зэс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц зэрэг мега төслийн усны хэрэгцээг гадаргын усны төсөл хэрэгжих хүртэлх хугацаанд газрын доорх усаар хангах асуудлыг судлан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх
- Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг чанар, стандарттай уялдуулан ялгавартай тогтоох
- Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт талбайнуудын гэрээг дүгнэж цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх зэргийг үүрэг болгов. Мөн зөвхөн хуулийн хүрээнд ажиллахыг төрийн албан хаагч нарт чиглэл болгов.
Улстөр нийгэм
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийслэлийн туг мандууллаа
Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Монгол Улсын төрийн далбаа болон нийслэлийн туг мандуулах ёслолыг зохион байгууллаа. Энэхүү ёслол нь Монголын төрт ёс, тусгаар тогтнол, үндэсний эв нэгдлийн бэлгэдлийг дээдлэн хүндэтгэхийн зэрэгцээ нийслэл хотын түүх, соёлын өв, уламжлалыг эрхэмлэн дээдлэх агуулгатай юм.
Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж буй нь Монголын түүхэн өв, төр улсын уламжлалыг хүндэтгэж буйн илэрхийлэл бол төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах ёслол нь эх орон, нийслэл хотоороо бахархах үзэл, иргэдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.








Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эдвин Самуэлийг /2026.10.29/ хүлээн авч уулзлаа.
Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улс “гуравдагч хөрш” Британи Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгдгийг тэмдэглэж, манай талаас санаачилсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулах чиглэлээр талууд идэвхтэй ажиллахын чухлыг онцлов. Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцлоо. Тухайлбал, Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээрх Засгийн газрын зорилтыг хангахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монгол Улсын Засгийн газар Кэмбрижийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлэхээр зорьж буй. Ирэх онд Монгол Улсын зургаан бүс, нийслэлийн зургаан дүүрэгт олон улсын хөтөлбөртэй нийт 12 ахлах сургууль байгуулахаар төлөвлөж, санхүүжилтийг 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад байна.
Элчин сайд Эдвин Самуэл хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эдвин Самуэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өнгөрсөн наймдугаар сард барьж, үүрэгт ажлаа эхлүүлээд байгаа юм.

Улстөр нийгэм
Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатай
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн усны түншлэлийн байгууллагын дэлхийн усны элчид дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Улаанбаатар хотод зохион байгуулагдсан COP-17 Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын олон улсын хурлын үеэр Дэлхийн усны түншлэлийн байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг дэлхийн усны элчээр томилсон. Энэхүү томилгооны хүрээнд Ази, Номхон далайн бүсэд усны салбарт хөрөнгө оруулалт татах ажлыг манай улс манлайлж ажиллах боломжтой гэж үзэж, Ажлын хэсгийг Засгийн газар бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Монгол Улсын усны ашиглалт өсөн нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилт, цөлжилт, усны нөөцийн тэгш бус тархалт, хүн амын өсөлт, эдийн засгийн хөгжлийн хэрэгцээ усны аюулгүй байдалд нөлөөлж байна.

Иймд усны салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг салангид төсөл, арга хэмжээний түвшинд бус, харин үндэсний усны аюулгүй байдлыг хангах, нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах урт хугацааны нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлэх шаардлагатайг Ерөнхий сайд онцлоод, энэ хүрээнд хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах, газрын доорх усны нөөцийн судалгааг өргөжүүлэх, гадаргын усны хуримтлалыг нэмэгдүүлэх, нуурын экосистемийг сэргээх, стратегийн усан цогцолборуудыг хөгжүүлэх, санхүүжилтийн нэгдсэн механизм бүрдүүлэх зэрэг арга хэмжээг тэргүүлэх чиглэл болгон шийдвэрлэх нь чухал гэлээ.

Түүнчлэн, усны салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, усны нөөцийн нэгдсэн үр дүнтэй хэрэгжүүлж, усны нөөцийг шинжлэх ухаан, эдийн засгийн үндэслэлтэйгээр хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх шаардлагатай. Мөн усны нөөцийг зөвхөн байгалийн баялаг бус, улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжил, хүн амын амьдралын чанар, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, үйлдвэрлэл, бүс нутгийн хөгжлийг хангах стратегийн чухал нөөц гэж үзэн, усны салбарын бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийн бодлоготой нягт уялдуулах нь зүйтэй гэлээ.


