Улстөр нийгэм
Монгол - Хятадын хэвлэл мэдээллийн XI форум амжилттай болж өнгөрлөө
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форум энэ сарын 22-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр хоёр улсад ээлжлэн зохион байгуулагддаг энэхүү форум нь энэ жил цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдсан юм.
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн ээлжит форумыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран “Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвээр зохион байгууллаа. Монголын талаас тус форумоор “Цар тахлын үед Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаанд тулгамдаж буй сорилт, бэрхшээл” сэдвээр Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд дарга Н.Туяацэцэг үндсэн илтгэлийг танилцуулж, улмаар шинэ нөхцөл байдлын үед хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хэрхэн ажиллаж, ямар туршлага хуримтлуулсан талаар дэд илтгэлүүдийг хэлэлцлээ.
Тус арга хэмжээг нээж, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар үг хэлж, БОАЖ-ын сайд, МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Д.Сарангэрэл үйл ажиллагаанд амжилт хүссэн илгээлт ирүүлсэн юм. Мөн зохион байгуулагч талаас МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа үг хэллээ. Тэрбээр “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд нь уламжлал болж тогтсон хамтын механизм. Жил бүр хоёр талдаа ээлжлэн зохион байгуулагдаад явдаг. Энэ жил Монгол Улсад зохион байгуулагдах ёстой байсан ч хөл хорионы улмаас ийнхүү онлайнаар хийж байна. Тухайн жилдээ хамгийн хурц, сонирхолтой байгаа сэдвүүдээр бид форумоо зохион байгуулж ирсэн. Энэ жил цар тахлын үед хэвлэл мэдээлэлд ямар сорилт, бэрхшээл тулгарав, ямар туршлага хуримтлуулав гэдгийг ярилцахаар өнөөдрийн форумыг зохион байгуулж байна. Сэтгүүлзүй, хэвлэл мэдээлэл бол үйл явдлаа дагаж явдаг салбар. Манай худалдаа, эдийн засгийн хамгийн ойрын түнш Хятад, Монголын хооронд хорио цээрийн нөхцөл ямар бэрхшээлийг үүсгэв, түүнийг бид хэрхэн даван туулж байна вэ гэдэг дээр үндсэн илтгэлийг хэлэлцүүлнэ” гэсэн юм.

Хоёр орны хэвлэл мэдээллийн цахим форумын модератор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Болортулга “Өнөөдөр түүхэн өдөр болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлахдаа 30 мянган хонийг цар тахлын үеийн хүнд нөхцөлд нь хандив болгон өгсөн. 30 мянган хонийг хүлээлгэж өгөхөөр Гадаад харилцааны яамны төлөөллүүд Замын-Үүдэд өнөөдөр ажиллаж байна” гэдгийг онцолсон.
Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд хэлсэн үгэндээ “БНХАУ болон Монгол Улс бүхэл бүтэн 4.7 мянган километрээр хил залгадаг хэрнээ одоог хүртэл коронавирусийг зөөвөрлөсөн тохиолдол ширхэг ч байхгүй. Энэ бол хоёр улсын цар тахлын үеийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын үр дүн юм. Өнөөдөр Монгол Улс хүнээс хүнд коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй орны нэгд багтсаар байна” хэмээн онцолсон юм.
Тэрбээр мөн хоёр орон хамтран цар тахалтай тэмцсэн тухай дүрс бичлэгийг үзээд сэтгэл хөдөлснөө илэрхийлж, цар тахал дэгдэхэд Монгол Улс хамгийн түрүүнд Хятадтай хилээ хаасан ч хоёр улсын хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж, БНХАУ ч цар тахлын үед авч байгаа манай улсын арга хэмжээг ойлгож хүлээж авсныг онцолж байлаа.
ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга, төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны дарга Шюй Линь , ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган нар Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн XI форумд Хятадын талыг төлөөлж нээлтийн үг хэллээ.

Өдрийн сонины дизайн, компьютерын төвийн дарга Я.Баярбат илтгэлдээ “Өдөр тутмын сонины хувьд өглөөний шуурхай хурал тухайн өдрийн ажлын 70 орчим хувь нь байдаг буюу тухайн өдөр юу нийтлэх, ямар асуудлыг голлож хөндөхөө чухалчилж, бүх ажилтан ярилцдаг. Харин цар тахал дэлхий дахинд дэгдсэнээс хойш хоёр сарын хугацаанд өдөр тутмын сонинуудын хувьд онлайн хэлбэрээр ажиллаж эхэлсэн. Онлайн хэлбэрээр хурлаа хийж, ажиллах нь тодорхой хэд хэдэн давуу талтай байсан. Тухайлбал, сэтгүүлчдийг амьсгалын замын аливаа өвчний эрсдэлээс хамгаалахад ач холбогдолтой. Мөн онлайнаар ажиллах нь цаг зав хэмнэх хамгийн том давуу тал болсон бөгөөд тог цахилгаан зэргээс эхлээд эдийн засгийн олон төрлийн хэмнэлт гарсан гэж дүгнэж байна. Гэхдээ цар тахлын улмаас онлайнаар ажиллахын сул тал нь өглөөний хурал дээрх амьд харилцаа, мэтгэлцээн алга болсон зэрэг олон сул талууд бий. Мөн олон газраас интернетийн хурд харилцан адилгүй байсантай холбоотойгоор яг Монголын нөхцөлд онлайн хурал хийхэд нэлээд хүндрэлтэй байсан нь харагдсан. Энэ нь редакц бүр техник технологио сайжруулах шаардлагатайг харуулж байлаа. Түүнчлэн цар тахлын үед төрийн албан байгууллагууд нэг гарцаар мэдээлэл өгнө гэх шийдвэрээс болж мэдээллийн ил тод байдал хумигдсан төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын мэдээлэл бүгд ижил төстэй бөгөөд албаны маягтай болж байгаа нь ажиглагдсан. СOVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд ярилцагчтайгаа биеэр уулзаж ярилцлага хийх нь ховордсон. Энэ нь амьд ярилцлагын хэмжээнд хүрэхгүй байсан гэж харж байна.
Хамгийн гол нь СOVID-19 цар тахал гарснаас хойш төрийн удирдах албан тушаалтнууд сэтгүүлчийн асуултаас бултах боломжтой болсон. Харин 2020 онд сонгууль болох байсан учраас улс төрчид харьцангуй ярилцлага мэдээллийг нээлттэйгээр өгч байсан гэдгийг онцолъё” гэлээ.
Хятадын талаас илтгэл тавьсан зочдоос БНХАУ-ын өдрийн сонины олон улсын албаны дарга Чэнь Инчюнь “Цар тахал анх Ухань хотод дэгдсэнээс хойш БНХАУ утаагүй дайнд ханцуй шамлан оролцсон. Энэ үед Хятадын өдөр тутмын сонины 15 сэтгүүлч Уханьд очиж эмнэлэг, зах, дэлгүүр, хороолол зэргээр явж тэргүүн фронтод очиж сурвалжилга бэлдэж, шуурхай мэдээллийг газар дээрээс нь дамжуулж байсан. Бидний сурвалжилга нийт 82 өдөр үргэлжилсэн бөгөөд цар тахалтай холбоотой 58 мянга гаруй мэдээллийг бэлтгэсэн. Хятадын Өдрийн сонин нь цар тахалтай холбоотой бүхий л салбарт ажиллаж энгийн иргэнээс эхлээд эмнэлгийн ажилтан зэрэгтэй уулзаж бодит мэдээллийг хүргэж байсан. Цар тахлын үед сэтгүүлчид маш бодитойгоор, нэн даруй шинжлэх ухаанчаар хандаж бүрэн гүйцэд мэдээлэх ёстой. Бид Хятадын туршлага мэдээллийг дэлхий нийттэй хуваалцсан нь өнөөдөр 200 сая хүнд хүрчээ. Хятад, Монгол хоёр улс цар тахлын үед бие биедээ туслан харилцан хамтран ажиллаж, тэмцэж чадсан. Цаашид улам их амжилттай ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн ярилаа.
МҮОНР-ийн Хурд агентлагийн редактор Г.Ариунболд илтгэлдээ коронавирусний халдвар дэлхий дахинд эрчимтэй дэгдэж эхэлсэн цагаас хойш хэвлэл мэдээллийн бүх хэрэгсэл урьдчилан сэргийлэх чиглэлээр халдваргүйжүүлэлт тогтмол хийж байх ёстойг мэдээлж байсан ч хэдхэн сарын дараа мэдээллийг идэвхтэй хүргэх байдлаа алдаж эхэлснийг дурдав. Тэрбээр “Өөрөөр хэлбэл урьдчилан сэргийлэлт чухал гэсэн ойлголтыг өгч, иргэдийн сэтгэлзүйд нөлөөлж чадахаа больсон. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хуучин мэдээлдэг байснаасаа шинэ арга хэлбэрээр иргэдийн сэтгэл зүйд нөлөөлөх шаардлагатайг харуулж байна. Мөн бид нягтал, бас дахин нягтал гэх зарчмыг улам лавшруулж мөрдөх шаардлагатай. Учир нь ийм үед нийгмийг цочроож мэдэхээр худал ташаа мэдээлэл ихээр гардаг. Цаашлаад дэлгүүрийн лангуу хүртэл хоосорч байсан тохиолдол бий. Коронавирусний дэгдэлт нэг талаар сэтгүүлчдэд хөгжих боломж олгосон. Тодруулбал, дэлхий дахинд коронавирусийн халдвар шинэ байсан учир иргэдэд судалгаагүй мэдээлэл өгөхгүйн тулд бүгд энэ вирусийн талаар судалж эхэлсэн. Эцэст нь сэтгүүлчид аюул гамшиг цар тахлын үед ажиллах бүрэн чадамжтай болсон туршлага хуримтлуулсан гэж бодож байна” гэлээ.
“Синхуа” сайтын ерөнхий редакторын туслах, сошиал дэлгэрүүлэх төвийн ерөнхий хянагч Лю Хүн ярихдаа “2020 онд цар тахал дэгдсэн нь мэдээллийн хэрэгслийн чадавхыг дээшлүүлэх шинэ сорилт байлаа. Онцгой цаг үед Хятадын төр засгийн албаны мэдээллийг гадаад дотоодод дамжуулан ажилласан. Бид олон хэлний давуу талаа ашиглан "Үүлэн хэлний ярилцлага" гэдэг тусгай арга хэлбэрээр гадаадаас Хятад улсад суугаа Элчин сайд, төлөөлөгч нарын санаа бодлыг цаг алдалгүйгээр дамжуулсан. Ирээдүйд "Үүлэн ярилцлага" сурвалжилгыг хэвлэл мэдээллийн салбарт цаашид ашиглах түргэн шуурхай арга хэмжээ болох байх гэж бодож байна” гэсэн юм.
Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбооны олон улсын албаны дэд дарга Чэнь Чао “Цар тахлын үед сэтгүүл зүйд тулгамдаж буй сорилт, туршлага болон хамтын ажиллагаа” сэдвээр мэдээлэл хийсэн бол Хятадын төвийн телевизийн Ази Африк бүс нутгийн хэлний нэвтрүүлгийн төвийн монгол хэлний албаны дарга Гэрэлт, Өвөр Монголын өдрийн сонины дэд эрхлэгч Лхамжав нар онцгой дэглэмийн үед Хятадын сонин, сайт, телевиз, радио хэрхэн ажиллаж байсан талаар илтгэл хэлэлцүүллээ.
Монгол, Хятад хоёр улсын хооронд тогтоосон стратегийн түншлэлийн харилцааг бүхий л шатанд харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон бодитой хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн салбар аль ч цаг үед чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд уламжлал болон тогтсон Монгол, Хятад хоёр орны хэвлэл мэдээллийн форумоор дараагийн 10 жилийн хамтын ажиллагааны зорилго, чиглэлийг тодорхойлсон тунхаг бичгийг гаргалаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хооронд нь холбох хамтарсан төсөл, сурвалжилга, технологийн хөгжүүлэлт зэрэг ирэх 10 жилийн харилцааг тодорхойлсон тунхаг бичгийг уншиж танилцуулснаар форум өндөрлөсөн юм.


Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай худалдаа, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.
Мөн “Монгол Улс, ХБНГУ хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулж, “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхойлно.
Төрийн тэргүүн нар Берлин хотноо гаргах “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.
Айлчлалын хүрээнд “Монгол-Германы бизнес форум”, “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг”, “Монгол ба монголын дараах үеийн Евроази дахь соёлын солилцоо, байгаль орчин” олон улсын эрдэм шинжилгээний хурал, зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурал болно.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2024 онд манай улсад төрийн айлчлал хийж, нийтлэг үнэт зүйлд суурилсан харилцааг ахиулж, “Стратегийн түншлэл”-д хүргэсэн юм.
Улстөр нийгэм
Нийслэлийн ногоон бүсэд орц, гарц хаасан, зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчлүүдийг арилгаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва наймдугаар сарын 26-нд нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх ногоон бүс, ойн сан бүхий зуслангийн 26 аманд ажилласан. Энэ үеэр ойн сан бүхий, ногоон бүсэд иргэдийн чөлөөтэй зорчих, амарч зугаалах орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцалж, зөрчлийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.
Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд зөрчилтэй 407 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажил үргэлжилж байна.

СХД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу ойн сан бүхий газарт иргэдийн зорчих орц, гарцыг хаасан, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, мод сүйтгэн газар ашигласан зэрэг зөрчилтэй нэгж талбаруудын газар эзэмших эрхийг цуцлах, газрын зөрчлийг арилгах, нийтийн эзэмшлийн орц, гарцыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нийт 83 нэгж талбарт зөрчил арилгах, газар эзэмших эрхийг хүчингүй болгох юм. Өнөөдрийн байдлаар 37 нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгож, 46 нэгж талбарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбоотой сонсох ажиллагаа үргэлжилж байна. Мөн 10 байршилд орц, гарцыг чөлөөлөөд байна. Тухайлбал, 21 дүгээр хороо, Жаргалантын аманд нэг байршлын 400 метр, Ар гүнтэд хоёр байршлын 14 метр, 34 дүгээр хорооны Баянголын аманд нэг байршлын 1,996 метр, 42 дугаар хорооны Зүүн салааны зуслангийн бүсэд нэг байршлын 268 метр урттай зөвшөөрөлгүй төмөр хашааг албадан буулгаж, орц, гарцыг чөлөөлсөн” гэв.

ЧД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Оргил “Чингэлтэй дүүргийн ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 67 нэгж талбарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Түүнчлэн дүүргийн 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан, иргэдийн ногоон бүсэд чөлөөтэй зорчих эрхийг хязгаарласан нийт 70 нэгж талбарт илэрсэн зөрчлийг үе шаттайгаар арилгаж байна” гэлээ.

СБД-ийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Н.Чинсанаа “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас “Ногоон бүсээ хамгаалъя” аяны хүрээнд кадастрын зурагт тусгасан хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан зөрчилтэй есөн нэгж талбарын байршлыг өөрчилж, иргэдийн чөлөөтэй, саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэн орц, гарцыг чөлөөлөөд байна. Эзэмшил бүхий газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар дээрээ бодит ашиглалт хийгээгүй 178 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын зөрчил арилгасан байршлуудад дахин хашаа барих, зөрчил давтан гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн хороог хариуцсан болон газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнүүд долоо хоног бүр хяналт тавин ажиллаж байна” гэсэн юм.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Гантогтох “Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 10 байршлын 112 га талбайд дрон нисгэж, боловсруулалт хийж, судалгааг нэгтгэсэн. Энэ хүрээнд ойн сан бүхий газарт ашиглалтгүй байсан 68 нэгж талбарт холбогдох сонсох ажиллагааг зохион байгуулж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Харин зургаан нэгж талбарын газар эзэмших эрхийг дуусгавар болгох асуудал дүүргийн Засаг даргын захирамжийн төслийн шатанд хянагдаж байна. Зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа татсан, ойн сан бүхий газарт нэвтрэх орц, гарцыг хаасан зөрчилтэй нэгж талбаруудыг чөлөөлж, иргэдийн зорчих эрхийг хангах ажил үргэлжилж байна. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, иргэдэд 14 хоногийн өмнө мэдэгдэл хүргүүлэх, эзэнгүй хашаанд мэдэгдэх хуудас байрлуулах зэрэг арга хэмжээ авдаг. Ийнхүү газар чөлөөлөх ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлдэг” гэв.







Улстөр нийгэм
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
-
Цаг үе2026/03/04
Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байн...
-
Цаг үе2023/05/29
“Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг 7 хоног бүр явагдаж б...
-
Үзэл бодол2019/08/02
УИХ-ын дарга Г.Занданшатар хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудад албан бичиг...
-
Улстөр нийгэм2021/05/11
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөнгөө зогсоолоо
