Шударга мэдээ
Гэр хорооллын цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдэн батлагдсан байдаг.
Уг журамд Агаарын тухай хуулийн 14.1-д заасан нөхцөл шалгуурын аль нэгийг хангасан болон нийслэлийн гэр хорооллын өрхийн ахуйн хэрэглээ, халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувиар, аймгийн төв болон арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлж байсан. Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017-2019 онуудад нийт 29.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Мөн түүнчлэн 2020 оны 1-3 саруудад 11.9 тэрбум төгрөгийг хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлсэн байна.
Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг гаргалаа. Эдгээр айл өрхийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд 4.7 тэрбум төгрөг зарцуулагдана.
Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, нийт 189 мянган гэр хорооллын айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болсон.
Гэр хорооллын хэрэглэгчдэд үзүүлэх тарифын хөнгөлөлт нь агаарын бохирдлыг бууруулах, мөн гэр хорооллын айл өрхийн хэрэглэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх гол зорилготой. Гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний тарифт хөнгөлөлт үзүүлснээр 220 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 80000 төгрөгийн, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй 1 өрх сард дунджаар 160000 гаруй төгрөгийн хөнгөлөлт авах бүрэн боломж бүрдэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын дээрх журмын дагуу стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлж агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт Төв, Зүүн, Өмнөд, Баруун бүс болон Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон гэр хорооллын тарифт тоолууртай өрхийн 1, 2, 3, 11, 12 дугаар саруудын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа юм.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2026/08/14
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын 87.2 км-ийн үндсэн а...
-
Цаг үе2026/04/07
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Цаг үе2020/05/07
Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан
-
Цаг үе2026/04/13
Баянзүрх усан спорт цогцолборын ойр орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын ...
