Улстөр нийгэм
УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана
УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2020.11.03/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
- Засгийн газар болон Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн тус тус өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их засаг” танхимд;
- Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын газрын үйл ажиллагаатай 11.00 цагаас танилцана;
- “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Бэлчээр хамгаалах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их засаг” танхимд.
Улстөр нийгэм
Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабитатын Гүйцэтгэх захирал Ана Клаудиа Россбах нар 2026 оны наймдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй, аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, хүн амын нутагшил, суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг системтэй өргөжүүлэхээр тохиролцжээ.
Мөн цаашид хэрэгжүүлэх техникийн хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр, чадавх бэхжүүлэх ажлын үндсэн суурь баримт бичиг болгохоор төлөвлөсөн байна.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, тогтвортой хотжилтыг дэмжих, хот дахин төлөвлөлт, орон сууцжуулалт, нийтийн эзэмшлийн талбай болон ногоон байгууламжийг сайжруулах чиглэлээр бодлогын шинэчлэл хийж буйг онцолжээ.
Энэ хүрээнд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Орон сууцжуулалтын тухай хууль болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслүүдийг боловсруулан УИХ-д өргөн барьсан талаар мэдээлэв.
Тэрбээр НҮБ-Хабитатын олон улсын туршлага, аргачлал, техникийн мэдлэгийг Монгол Улсад нутагшуулах нь хот байгуулалтын шинэчлэлд чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хамтын ажиллагааг тогтмол, системтэй, хэмжигдэхүйц үр дүнтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлжээ.
Улстөр нийгэм
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
