Урлаг спорт
Соёлын сайдын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийлээ

Соёлын сайдын зөвлөл энэ сарын 5-ны өдөр анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанд Соёлын сайд С.Чулуун яамны шинэ бүтэц бүрэлдэхүүн, бодлого чиглэл, соёлын салбарт хийгдэх ажлууд, салбарын бүтээн байгуулалт, УИХ-аар хэлэлцэж буй Соёлын болон Киноны тухай, мөн Музейн тухай хуулийн төслийг танилцуулга хийлээ.
Соёлын сайд С.Чулуун сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлэхдээ, “Соёлын яам байгуулагдсан цагаасаа соёлын салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд болон цаашдаа Монгол Улсын соёлын салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч, бодлого, үйл ажиллагаагаа төлөвлөж ирсэн бөгөөд өнөөдөр сайдын зөвлөлөөрөө энэхүү асуудлаа хэлэлцэж байна. Сайдын зөвлөлд Монгол Улсын урлаг, соёлын нэрт зүтгэлтнүүд, түүхч, эрдэмтдийн ахмад, залуу, дунд үеийн төлөөлөл бүхий салбар салбарын туршлагатай хүмүүс орсон.
Монгол Улсын соёл, урлагийн салбарт хийгдэх ажлууд нь зөвхөн нэг яамны ажил биш, энэ салбарт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүсийн дуу хоолой байх ёстой гэсэн утгаар сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнээ баталж, анхдугаар хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар бид 4 жилийн бодлого, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлүүдийг ярилцлаа. Цаашдаа улиралдаа нэг удаа уулзан, санал бодлоо солилцон, шийдвэрлэх асуудлаа хэлэлцэнэ.
Манай яамны тэргүүлэх 5-н чиглэлийн нэгд хүний нөөцийн асуудал орж байгаа. Соёлын салбарт хүний нөөцийн асуудал маш дутагдалтай. Сүүлийн 20-оод жил хүний нөөцийн бодлогогүй байснаас мэргэжлийн ажилтан ихээхэн дутагдалтай ирсэн. Ялангуяа хөдөө орон нутагт энэ асуудал хамгийн их тулгамдаж байна. Орон нутгийн 340 орчим суманд ажиллаж байгаа соёлын ажилтнуудын 70 хувь нь мэргэжлийн бус байна. Мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлд Соёлын яам тэргүүлэх бодлого баримтална. Дөрвөн жил ажилладаг биш, 40 жил ажиллах салбарын мэргэжилтэн бэлдэх шаардлагатай. Мөн дэлхийд өрсөлдөх чадвартай мэргэжилтнүүд ч бэлдэх ёстой” гэлээ.
Сайдын зөвлөлд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, “Чингис хаан” одонт, СГЗ Г.Мэнд-Ооёо, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, ШУА-ийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, СГЗ, бурханч лам Г.Пүрэвбат, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ, дуучин Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, МУГЖ, дуучин, продюсер Б.Дашдондог, доктор, профессор Э.Сонинтогос, МУЭ-ийн шагналт зураач А.Чадраабал, СГЗ, нэвтрүүлэгч Д.Цоодол, МУГЖ Н.Онон, “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар, найруулагч Б.Баатар нарын соёл, урлагийн нэрт зүтгэлтэн, уран бүтээлч, эрдэмтэн судлаачид багтжээ.
Хуралдааны үеэр зөвлөлийн гишүүд санал бодлоо илэрхийлсэн юм.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Соёл урлагийн асуудлыг Засгийн газрын түвшинд нэг бодлогоор, нэг чигээр авч явах үндсэн бүтэц бүрэлдлээ. Өнөөдөр хэд хэдэн асуудал чухлаар тавигдаж байна. Нэгдүгээрт, соёлын өвийн асуудал. Соёлын өв гэдэг нүүдлийн иргэншлийн гол зүйлийг үнэн чанартаа орхигдуулсан. Монголчуудын түүхийн үнэт зүйл зэс, нүүрс шиг газрын хөрсөн доор байна. Өнөөдөр Чингис хааны биет баримт байхгүй гэж ярьдаг. Энэ бүхэн газар дор байгаа гэж найдаж байна. Үүнийг илрүүлэх, судлах, хамгаалах хэрэгтэй. Хоёрдугаарт, урлагийн бодлогын асуудлыг ярьдаг. Урлагийг удирдаад явах хэрэггүй, урлаг өөрийн жамаар явдаг. Гуравдугаарт, нийгмийн соён гэгээрлийн асуудал. Соёлын талаар 30 жилийн өмнө шинэ үнэт зүйлийн баримжаа руу орох ёстой байсан. Гэтэл энэ үнэт зүйлээ өнөөдрийг хүртэл барьж авч чадаагүй. Тиймээс тусгаар тогтнолын баталгаа болсон соёлын үнэт зүйл, иргэний соёлын хүрээг өргөжүүлэх асуудал нэн чухал. Иргэд Үндсэн хуулиараа эрхээ илүү тунхаглаж ирсэн. Хэрвээ хүмүүнлэг ардчилсан нийгэм гэж ярьж байгаа бол хүний эрх, үүрэг 50, 50 хувьтай гэж үзвэл эрх нь бараг 80,90 хувь, үүрэг нь бага хувьтай байна. Тиймээс үндэсний дархлааг бэхжүүлэх, улс орныхоо чухал асуудалд иргэний үүргийг дээшлүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, Монголын соёл урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, орон зайгаа тэлэх хэрэгтэй. Тавдугаарт, монголчууд дэлхийн бусад оронд соёл, хэл, шинжлэх ухаанаараа нөлөөлж чадсан уу гэдэг асуудал чухал. Их Монгол Улсын үеэс монголын соёл дэлхийг хөтөлж байсан цаг үеийг судалж дэлхийн улс орнууд бүрэлдэн тогтохдоо монголын соёл, монгол ухааныг хэр зэрэг авч вэ гэдгийг судалж үзэх ёстой. Энэ чиглэлээр Соёлын яам нэлээн ажил зохион байгуулах ёстой” хэмээсэн юм.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан: Өнөөдрийн хуралдаанд оролцоод сэтгэгдэл өндөр байна. Бид хамгийн сүүлд хэзээ салбартаа тулгамдаж буй асуудал, хойшид хэрэгжүүлэх бодлого чиглэлээ тодорхойлж байлаа. Цар тахлын үед шинээр байгуулагдсан Соёлын яам өчигдрийг бодож, ирээдүйг тооцоолсон маш том бодлогын алхам хийжээ" гэлээ.
Эх сурвалж: Соёлын яам
Урлаг спорт
“Парис-2024”-д ажиллах сайн дурынхныг бүртгэж эхэллээ
“Парис-2024” зуны олимп болон паралимпын наадмын үеэр сайн дурын 45 мянган хүн ажиллана. Тэдгээр сайн дурын ажилтны бүртгэх ажлыг Зохион байгуулах хорооноос эхлүүлсэн байна.
Энэ оны тавдугаар сарын 3 хүртэл үргэлжэх тус бүртгэлд хамрагдахын тулд дараах гурван шаардлагыг хангасан байх шаардлагатай аж. Үүнд:
- 2024 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 18 нас хүрсэн байх,
- Франц, англи хэлний аль нэгээр ярьж чаддаг байх,
- 2024 оны долдугаар сарын 12-ноос есдүгээр сарын 10-ны хооронд дор хаяж 10 өдөр ажиллах боломжтой байх,
Хэрэв та эдгээр шаардлагыг хангаж байгаа, сайн дурын ажилтнаар өөрийгөө сориод үзэхийг хүсэж байвал https://www.paris2024.org/en/volunteers хаягаар зочлон мэдээлэл авах боломжтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэжээ.
Урлаг спорт
Катар Улсын Доха хотноо “Welcome тo Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан, мөн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилготой соёлын арга хэмжээг 2023 оны гуравдугаар сарын 6-ний өдөр Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Катар Улсын соёл урлагийн сан “КАТАРА”-тай хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Доха хотноо зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд болон байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг КАТАРА-гийн Драмын театрт толилууллаа.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол, Катарын найрсаг сайн харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт нэн ялангуяа иргэд хоорондын харилцаа, соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв.
Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Доха хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон катарын иргэд зэрэг 300 гаруй зочин үзэж сонирхсон бөгөөд арга хэмжээний төгсгөлд КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урилаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
“Welcome to Mongolia” арга хэмжээ Эль-Кувейт хотноо боллоо
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг Кувейт Улсад сурталчлан таниулах зорилготойгоор Монголын өдрүүд арга хэмжээний соёлын арга хэмжээг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлтэй хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Эль-Кувейт хотноо зохион байгуулав.
Арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд, Монголын байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг Абдулхуссейн АбдулРида театрт толилууллаа.
Тоглолтыг Кувейт Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл, Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Мухаммад Аль-Жасаар, Эль-Кувейт хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон кувейтийн иргэд зэрэг 500 гаруй зочин үзэж сонирхов.
“Монголын өдрүүд” нь Монгол орны ахуй, байгаль, ардын болоод орчин үеийн соёл урлаг, түүхийг кувейтийн ард түмэнд таниулах, соёлын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
-
Цаг үе2022/03/23
Улаанбаатарт 7 хэм дулаан
-
Улстөр нийгэм2022/06/29
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн бат...
-
Улстөр нийгэм2022/04/08
Борлуулагдаагүй үлдсэн буудайг худалдан авах ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж байна
-
Цаг үе2022/08/24
“НОМИН Холдинг” ХХК “Speed 130” урамшуулалт хөтөлбөр үрг...
Сэтгэгдэл