Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Д.Дорлигжав: Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой нь юм

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Д.Дорлигжавтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын алба гэдэг утгаараа бусад төрийн байгууллагаас хэрхэн ялгардаг вэ?

-Бусад төрийн байгууллагаас ялгаатай тал ч бий, адил ч тал бий. Ерөнхий зарчим адил улсынхаа эрх ашиг нэгдсэн бодлогын төлөө хуулийн хүрээнд ажиллана. Ерөнхийлөгчийн институцын онцлог бол олон талтай үйл ажиллагаа явуулдаг. Батлан хамгаалах, эсвэл хуульзүйн яам шиг нэг л салбар хариуцаагүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчид хамаарахгүй юм гэж байхгүй. Хуулиараа Ерөнхийлөгч бүгдийг нь шийддэггүй ч ард иргэд төрийн тэргүүндээ санал хүсэлтээ тавьдаг. Төрийн тэргүүн улс орны гадаад дотоод бодлогод байр сууриа илэрхийлдэг.  Төрийн ёслол хүндэтгэл гэдэг хүн харахад шоу юм шиг мөртлөө цаанаа гүнзгий утга учиртай. Иймд цаг тухайд нь зөв, ёс зүйтэй хийх гээд үүрэг хариуцлага ихтэй.

Дээрээс нь манай хуулинд нэг сонин зүйл байдаг юм. Ерөнхийлөгч сонгогдоод намаасаа татгалзаад намын бус зарчмаар ажиллана гэж Үндсэн хуулинд байдаг. Зөв л дөө. Тэгсэн хэрнээ зөвлөхүүд нь, Тамгын газрын дарга нь улс төрийн албан тушаалтан байдаг. Тамгын газрыг толгойлж байгаа хүн улс төрийн байр сууринаас хандаж ажиллах юм уу, эсвэл өөрөөр ажиллах уу гэсэн ойлголтын бэрхшээл байдаг. Миний хувьд үндсэндээ төрийн талаа барьж ажилласан. Яагаад гэвэл цаана нь бүхэл бүтэн нам байна. Тэр нь улс төрийнхөө үйл ажиллагааг явуулчихна. Ерөнхийлөгч бол үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт тусгасныхаа дагуу ажиллаж, өөрөө ардчилсан нийгмийн баталгаа байх ёстой. Эрх мэдэлгүй мэт харагдах боловч Ерөнхийлөгчөөс гарч байгаа бодлого, шийдвэрүүдэд нэвт шингэсэн байгаа учраас тухайн намынхаа улс төрийн үзэл бодлыг үйл ажиллагаандаа шингээж байна л гэсэн үг. Тэр үүднээс Тамгын газрын дарга, зөвлөхүүд, улс төрийн албан тушаалтнууд нэг их улс төр яриад яваад байх шаардлагагүй. Үндсэн хуулийн үзэл санааг Ерөнхийлөгчийн хэлж байгаа үг, гарч байгаа шийдвэрт шингээх гэдэг утгаараа төрийн ч үйл ажиллагаа болдог, улс төрийн ч үйл ажиллагаа болдог. Энэ асуудал дээр бол зөрчилдөөд сүйд болдоггүй юм.

Тамгын газрын үйл ажиллагааны талаарх олон нийтийн санаа бодол ойлголтын тухайд?

-Манай Үндсэн хуулийн гажиг энд байгаа юм. “Ийм ийм мөрийн хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд сонгогдоод гараад ирсэн шүү дээ. Үүнийгээ хэрэгжүүлэх байх” гэсэн хүлээлт иргэдэд байдаг. Гэтэл нөгөө талд нь өөр нам засгийн эрх бариад байж байдаг. Тэд өөр хандлагатай, өөр зорилт дэвшүүлсэн байгаа. Ингэхээр Ерөнхийлөгчтэй ил далд зөрчилдөх нь их. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувьд хамгийн том бэрхшээл бол энэ. Би хувьдаа тэр бүхнийг улс төрийн хэрүүл маргаан болгож хэзээ ч ил гаргадаггүй байсан. Яагаад гэвэл төр энэ асуудал дээр ард түмнийхээ нүдэнд хэзээ ч сайхан харагддаггүй. Гэхдээ л тэр сөрөөд байгаа, зөрөөд байгаа Засгийн газрын гишүүн, тухайн Засгийн газартай ойлголцохын тулд хувиараа ч, албаны журмаар ч уулзаж ярилцана. Зарим үед улс орны эрх ашиг ярих, заримдаа бүр аргагүй байдалд Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгагдчихсан асуудал гэх мэтээр аль болох л ойлгуулахыг хичээж ажиллаж байлаа.

Хамгийн том бэрхшээл бол Ерөнхийлөгч зарлигийн төсөл санаачлах, хуулийн төсөлд санал оруулах үед өрсөлдөгч намын Засгийн газартай зөрчил үүсдэг юм. Тийм асуудал дээр “Ерөнхийлөгчийн хэлж байгаа юм чинь авууштай юм байна. Хэрэгтэй” гээд ханддаг хүмүүс ч бий. “Ерөөсөө сөрөг хүчний Ерөнхийлөгч учраас сөрж байх ёстой” гэсэн богинохон бодолтой, тийм араншинтай сайд нар ч таардаг. “За яахав дээ Ерөнхийлөгч саналаа л хэлсэн. Авбал аваг. Байвал байг” гээд хаяж болохгүй. Гарцаагүй хаяж болохгүй зүйлийг ойлгуулчих, шийдвэр болгоод хэрэгжүүлчих гээд  хичээдэг боловч муйхарлаад байдаг. Энэ л хамгийн том зөрчил байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрыг удирдаж байх үедээ тус байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх чиглэлд таны оруулсан хувь нэмэр юу байсан бэ?

-Би олон удаа хэлсэн. 30-аад жил төрийн албанд зүтгээд, хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байхад нэг зүйлийг ойлгосон. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр гээд бүх Ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд дандаа л зөрчилд ордог. Зөвхөн өөр намын Засгийн газартай төдийгүй, өөрийн нам нь засгийн эрхэнд гарсан ч ялгаагүй зөрчилдөж байсан. Зарим хүмүүс хүнээсээ болоод байгаа юм байна гэж ойлгоод Ерөнхийлөгчийг ч юм уу, эсвэл Ерөнхий сайдыг буруутгах хандлага байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь манай тогтолцооны гажиг юм. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож байгаа нь “Таны энэ бодлого зөв байна. Энийг хэрэгжүүл” гэсэн эрхийг нь буюу мандат өгсөн хэрэг. Гэтэл жилийн дараа УИХ-ын сонгууль болоод дахиад нэг өөр мөрийн хөтөлбөртэй Засгийн газар гарч ирдэг. Тэгээд энэ хоёр мөрийн хөтөлбөрийн зөрчил илт эхэлдэг. Ерөнхийлөгч бол төрийн онолоороо гүйцэтгэх засаглалд ордог. Гэтэл гүйцэтгэх засаглалын хоёр институцыг ард түмнээс сонгочихно. Тэгээд энэ хоёрыг хооронд нь мөргөлдүүлээд байдаг тогтолцооны гажиг байдаг. Энэнээс л манай төрийн энэ бүх гацаа, хэрүүл улбаалаад, цаашаа нам ба фракц, төрийн хагарал зөрчил эхэлж байна гэдэг нь ойлгогдож байсан. Тиймээс төрийн тогтолцоон дээр зарчмын шинж чанартай том өөрчлөлт хийх хэрэгтэй.

Ерөнхийлөгчөө ард түмнээс сонгож байгаа бол гүйцэтгэх засаглалаа толгойлоод явдаг, Ерөнхийлөгчийн засаглалтай болъё. Нэг бол ард түмнээс сонгогддогоо бүр болиод, парламентаасаа сонгогддог. Нэг их олон юм яриад байхгүй, тэд нарынхаа аясаар явж байдаг ийм л хоёр замын нэгийг сонгомоор байгаа юм. Миний бодлоор хууль тогтоодог парламент нь ч ард түмнээс сонгогддог, гүйцэтгэх засаглалын тэргүүн Ерөнхийлөгч нь ч ард түмнээс сонгогддог, Ерөнхийлөгчийн засаглалтай бол их ойлгомжтой зөрчилгүй явах боломжтой. Би Ерөнхийлөгчийн засаглал Монгол Улсад тохирохоор байна гэдгийг удаа дараа хэлээд байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт шинэчлэлээр энэ асуудлыг шийдэх болов уу гэж их харж хүлээсэн. Харамсалтай нь шийдэгдсэнгүй. Харин ч ард түмнээс сонгогдож, мандат авсан Ерөнхийлөгчийн эрх хэмжээг хасах, Ерөнхий сайдын эрх хэмжээг нэмэх замаар энэ зөрчлийг шийднэ гэсэн маягтай өөрчлөлт орсон. Энэ бол асуудлыг шийдэж байгаа биш юм. Улам л гүнзгийрүүлсэн хэрэг. Энэ асуудал дээр “Ерөнхийлөгч хоёр удаа сонгогддог учраас  дараагийн сонгуульд ялахын тулд зөрчил үүсгээд байна” гэж буруу дүгнэлт хийсэн. Үгүй. Ерөнхийлөгч бол нэг эсвэл хоёр сонгогдохоосоо үл хамааран, гарч ирээд өөрийнхөө зөв гэсэн үйл хэргийг, ард түмэндээ дэвшүүлээд гаргаж ирсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд асуудал тавина. Зөрчил хэвээрээ л байна. Харамсалтай нь энэ асуудлыг шийдэж чадаагүй.

Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлдөг. Гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд тулгарч байсан асуудлууд?

-Гадаад харилцаан дээр бэрхшээл бага гарч байсан. Үндсэн хуулиараа Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсыг гадаадад төлөөлөх эрхтэй. Тэр утгаараа Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой гэж үзэж болно. Яагаад гэвэл Үндсэн хуулийн үзэл санаа нь тийм юм. Тийм учраас гадаад харилцаан дээр Ерөнхийлөгч маш их идэвх санаачилгатай ажилласан. Засгийн газар ч гэсэн энэ тал дээр зөрчилдөөгүй. Жаахан зөрөх гээд байдаг нь Элчин сайд нарын томилгооны асуудал. Гэхдээ энэ бол зарчмын гэхээсээ илүү хувь хүний л үзэл бодлын асуудал  учраас гайгүй байсан. Гадаад, дотоод дээд хэмжээний айлчлал, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын айлчлал гэх мэт зүйлийг ҮАБЗ дээр яриад зохицуулчихдаг байсан.

Танд Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал бий юу?

-Гучаад жилд Монгол Улс таван Ерөнхийлөгч сонгоход одоо хүртэл шийдэж чадаагүй нэг асуудал байдаг юм.  Бид санаачилга гаргаад хуулийн төслийг нь бэлэн болгосон. Тэр юу гээч? Тэр бол төрийн дээд шагнал, одон, медалийг олгох журам, түүний хэв загварыг шинэчлэх. Энэ бол гарцаагүй шинэчлэх ёстой зүйл. Учир юу гэвэл шинэ Үндсэн хууль батлагдаад 30 жил болж байна. Гэтэл одоо хүртэл шагнал урамшууллын хууль нь шинэчлэгдээгүй. Хуучин төрийн сүлдтэй, хуучин батлагдсан загвараараа төрийн одон, медаль үйлдвэрлэгдэж байгаа. Энэ дээр үнэхээр хэлэх үг олддоггүй. Арчаагүй ч юм шиг, төрийнхөө ажилд хэнэггүй хандаад байгаа ч юм шиг. Хатуухан хэлбэл хууль зөрчөөд байгаа ч юм шиг. 30 жил өнгөрөөд байхад хуучин төрийн сүлдтэй одон, медаль хүний энгэрт зүүсээр л байна.

Бидний боловсруулсан шагнал урамшууллын тухай хуульд төрлийг нь өөрчилж оруулж өгсөн юм. “Иргэний алдар”-ын 1,2,3-р зэргийн одонгоор иргэнээ шагнадаг, “Цэргийн алдар”-ын 1,2,3-р зэргийн одонгоор мөрдэстэй хүмүүсээ шагнадаг. Гадаадын иргэнийг шагнадаг гурван шагнал нь одоо байгаа “Эрдэнийн очир”, “Найрамдал” медаль, “Алтангадас” одон. Ингээд иргэнээ шагнадаг гурав, цэргээ шагнадаг гурав, гадаадын иргэнийг шагнадаг гурван шагналтай. Дээр нь Улсын баатар, Хөдөлмөрийн баатар хоёрыг нэгтгээд нэг болгоё. Төрийн соёрхол нь байж байг. Чингис хааны одон бол онцгой хүндэтгэлийнх учраас байж байг. Өөр бусад олон шагналыг цэгцэлье” гэсэн төсөл бэлтгэсэн. Тэр үедээ ч, дараагийн 4 жилдээ ч шийдэгдсэнгүй. Энэ Ерөнхийлөгчийн үед ч шийдэгдэхгүй нь. Яг хуулийн дагуу аваад үзэхэд хууль бус шагналууд өгөгдөөд байгаа шүү дээ. Энэ үндсэн хуулийн биш шагнал гэсэн үг.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга  Антонио Гутерреш наймдугаар сарын 8-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреший 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тантай Бээжин-2022 Өвлийн Олимпын наадмаас хойш Монгол Улсад дахин уулзаж байгаадаа баяртай байна гээд НҮБ цар тахлын үед КОВАКС хөтөлбөрийн хүрээнд “AstraZeneca”, “Pfizer” вакциныг цаг алдалгүй нийлүүлснээр манай улс хүн амаа вакцинжуулж, энгийн амьдралын хэмнэлдээ бүрэн шилжсэн Ази-Номхон далайн бүсийн анхны орнуудын нэг болж чадсан гэдгийг дурдлаа.

Мөн тэрбээр “Тантай Бээжингийн Олимпийн үеэр манай улсын анхны усан цахилгаан станцын чухал төсөл болох Эгийн голын усан цахилгаан станцын талаар ярилцаж байсан. Энэ төслийг 2016 оноос БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр барилга угсралтын ажил эхэлсэн ч ОХУ ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд  гомдол гаргаснаар ажил саатсан. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаагаар энэ төсөл ОХУ-ын Сэлэнгэ мөрөн, Байгаль нуурын усны нөөц горимд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн манай улс олон улсын тендер зарлаж, Франц Улсын компаниар биологийн нөлөөллийн судалгаа хийлгэж байна. Эдгээр судалгааны дүнг ирэх оны ЮНЕСКО-гийн  Дэлхийн өвийн хорооны хурлаар оруулж шийдвэр гарвал Эгийн голын усан цахилгаан станц төсөл үргэлжлэх боломж бүрдэнэ” гээд Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх энэ төслийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Түүнчлэн “Ковид-19”, олон улсын хямрал, Их гүрнүүдийн зөрчил, бодлогын тулгалт зэрэг нь хөгжиж буй орнуудын эдийн засагт хүндээр тусаж байгаа, дэлхийн санхүүгийн байгууллагуудын уян хатан бодлого, хөнгөлөлтийн гарц юу байж болох талаар ирэх аравдугаар сард болох G-20 уулзалтын үеэр хөндөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Антонио Гутерреш найрсаг дотноор хүлээн авч уулзсанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд талархал илэрхийлээд хөгжиж буй орнууд эрчим хүчний хараат байдалд байж болохгүй. Тиймээс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн 46 дугаар чуулганаар судалгааны үр дүнтэй танилцаад, НҮБ энэ тал дээр бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн Монгол Улсын Засгийн газар авлигын индексийг бууруулахын тулд төрийн үйлчилгээгээ цахимжуулж, цахим засаглалд ахиц гаргаж буйг сайшаав.

Монгол Улсын Засгийн газар 2024 он гэхэд төрийн үйлчилгээний 90-ээс доошгүй хувийг "Цахим Монгол" нэгдсэн платформд оруулан, “Дижитал үндэстэн” болох зорилт дэвшүүлээд байгаа юм.

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд хотын хүн амын төвлөрлийг сааруулах, орон нутгийг хөгжүүлэх, тэнд ажлын байр олноор бий болгох бодлого баримталж буй. Энэ хүрээнд НҮБ хот, хөдөөгийн төвлөрлийн үнэлгээ хийж өгөхөөр талууд уулзалтын төгсгөлд тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулна

Огноо:

,

Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээний нээлт 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцон үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид,

Хүндэт зочид оо,

Монгол үндэстний бахархал, дэлхийн түүхийн мянганы суут хүмүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Тэртээ 860 жилийн өмнө Эзэн Богд Чингис хаан хүмүүн заяаг олон мэндэлж, тархай бутархай овог аймгуудыг нэгэн тугийн доор нэгтгэн, нүүдэлчийн соёл иргэншлийг цогцлоож, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг эзэнт гүрний нэгийг байгуулсан түүхтэй билээ.

Чингис хааны баримталж байсан үзэл санаа, өрнүүлж байсан үйл хэрэг нь хүн төрөлхтний хөгжлийг сааруулж байсан зөрчил тэмцэл, дайн тулааныг эцэслэж, өрнө дорныг төвшитгөн “Монголын их амар амгалан”-г тогтоож, дэлхийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан билээ.

Монгол судлалын үе үеийн эрдэмтэн судлаачид Та бүхний нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Эзэн Богд Чингис хаан болон түүний залгамжлагчид соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна.

Энэхүү үйл хэрэгт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, олон улсын эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн эрдэмтэн мэргэд Та бүхэн Монголын түүх, соёлыг тал бүрээс нь сурвалжлан судалж, дэлхий нийтэд үнэн бодитоор сурталчлан таниулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.

Монгол төрийн бодлогын цөмд Монгол судлал чухал байр суурь эзэлж ирсэн билээ. Монгол судлалын тэргүүлэх чиглэл болсон Чингис хаан судлалыг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд, Монгол Улсын төрөөс Чингис хааны өв соёлын бие даасан судалгааны хүрээлэн байгуулсан бөгөөд Чингис хаан музей тун удахгүй үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Чингис хаан судлалын олон улсын холбоо” байгуулж, дэлхийн олон орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг идэвхжүүлэн дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, ном бүтээл хэвлэн нийтлүүлэх, Чингис хааны өв соёлыг сурталчлан таниулах үйл хэргийг дэмжин ажиллахаар тусгасан юм.

Ийм учраас энэхүү хурлаар Чингис хаан судлалын олон улсын холбоог байгуулж, “Чингис хаан судлалын олон улсын хурал”-ыг гурван жил тутамд нэг удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулахыг санал болгож байна.

Түүнчлэн, цаашид дэлхийн улс орнуудын номын сан, музей, архив, хувь хүмүүсийн цуглуулгад буй Чингис хаан болон түүний залгамжлагчдын түүхэнд холбогдох эд өлгийн болон оюуны соёлын зүйлсийг сурвалжлан цуглуулах, судлан шинжлэх, сурталчлан таниулах, хамтын бүтээл туурвих, чухал ном бүтээлийг орчуулах зэрэг ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж,  Та бүхэнтэй нягт хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Чингис хаан бол дэлхийн түүхэнд монгол хүн, монгол үндэстнийг мөнхлөн дархалж, тусгаар Монгол Улсын оршихуйг тамгалсан гавьяатан билээ.

Бидний монголчууд, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид Эзэн богд Чингис хааныхаа суу алдар, түүх намтар, үзэл санаа, үйл хэргийг алдаршуулан мөнхжүүлэх, монголчуудын төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх бодлогыг баримталж ирсний дагуу, сүүлийн жилүүдэд их хааны шүтээн Бурхан Халдун хайрхныг дэлхийн соёлын өвд бүртгүүлж, Төрийн ордон, төрийн болон орон нутгийн бүх шатны байгууллага, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд, сургалтын байгууллага, монгол хүн, айл өрх бүр Чингис хааны эш хөргийг дээдлэн залах Ерөнхийлөгчийн зарлиг гарч, хэрэгжиж эхэлсэн бөгөөд их хааны төрсөн нутагт аялал жуулчлалын томоохон төв байгуулахаар төлөвлөж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн мэргэд ээ,

Чингис хаан болон түүний үйл хэргийг хэдий чинээ олон улсын эрдэмтэн судлаачид сонирхон судална, төдий чинээ монголчууд бидний түүх дэлхий дахинаа танигдан тодрох учиртай.

Эзэн Богд Чингис хааны дэлхий дахинд үлдээсэн агуу их өв, олон зуун жил дамжин үргэлжилсэн түүхэн үйл хэргийн талаарх судалгааг нэгэн шатаар ахиулахад энэ удаагийн олон улсын хурал үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна.

Чингис хааны суу алдрыг мөнхжүүлж, Монгол судлалыг дэлхий нийтэд хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхний эрдэм судлалын ажилд амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Эрхэм хүндэт Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч үеийн үед даян дэлхийд мандан дуурсагдах болтугай.”

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Боловсролын салбар дахь авлигын асуудлаар гомдол, мэдээллээ 110 тусгай дугаарын утсаар ирүүлнэ үү

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаар боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Авлигатай тэмцэх газар боловсролын салбар дахь авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр 2019 оноос иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллан, улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг журамлах тухай Зөвлөмж хүргүүлэх зэргээр нөлөөллийн арга хэмжээ авсаар ирсэн. Сургууль, цэцэрлэгийн удирдлагууд аливаа дарамт шахалт, зохимжгүй нөлөөллөөс сэргийлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийг мөрдөж ажиллах, нөгөө талаас албан тушаалтны дээр дурдсан үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.6-д заасны дагуу шууд хориглох зөрчилд тооцогдон хариуцлага хүлээхээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйн нөхцөл шинжийг хангаж болзошгүй байгааг уг Зөвлөмжөөр анхааруулж байсан билээ.

Засгийн газраас боловсролын салбар дахь авлигатай тэмцэх, түүнийг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, үүнтэй холбоотой гомдол, мэдээллийг 11-11 төвд өргөтгөсөн байдлаар хүлээн авахаар шийдвэрлэсэн бөгөөд уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Авлигатай тэмцэх газрын төлөөлөл орж ажиллах юм.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хамран сургах тойргийн бус харьяаллын хүүхдүүдийг хувийн ашиг сонирхлын үндсэн дээр элсүүлэн авдаг явдлыг таслан зогсоох, цэцэрлэгийн хүртээмжийг адил, тэгш түвшинд хүргэх шаардлагатай. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар авлигатай тэмцэх Засгийн газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй албан тушаалтнууд. Доод, дунд шатанд байгаа авлигыг таслан зогсоох цаг тулж ирсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Авлигатай тэмцэх газрын гомдол, мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарын утсаар сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлаар гомдол, мэдээллээ ирүүлэхийг иргэдэд уриалж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох