Улстөр нийгэм
УИХ-ын дарга Г.Занданшатар зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг даалгавар өглөө
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар мэдээлэл сонсон, санал солилцож, үүрэг даалгавар өглөө.
Цахим уулзалтад УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын зэрэг хүмүүс оролцлоо.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны төлбөр тооцоо хэвийн явж байгаа бөгөөд цаашид цахим төлбөр тооцоог түлхүү ашиглах шаардлага үүсэж байгааг мэдээлэв.

Тэрбээр өмнө нь Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлтэй хамтран шийдвэр гаргаж, 3.7 их наяд төгрөгийн зээлэнд бүтцийн өөрчлөлт хийсэн. Одоо арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Түүнчлэн өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байна гэлээ.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан зээлийн хүүг хойшлуулах, царцаах нь тохиромжтой арга хэмжээ биш. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид, иргэдэд яваандаа нэмэлт ачаалал үүсгэнэ. Үүний оронд зээлийн хүүг бууруулах, боломжтой бол түр хугацаанд тэглэх арга хэмжээ авах нь илүү оновчтой. Энэ талаар Монголбанкнаас Банкуудын холбооныхонтой ярилцаж, яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна. Юуны өмнө бага, дунд орлоготой иргэдийн зээл авдаг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод, ломбард зэрэг байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, тэглэх бүрэн боломжтой. Учир нь эдгээр байгууллагуудад зээлийн эх үүсвэрийн зардал үндсэндээ байхгүй гэлээ.

УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар өдрийн орлоготой болон орлого багатай иргэд, нийгмийн эмзэг бүлгийнхэн, тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эрсдэлд хамгийн түрүүнд өртөх магадлалтай тул тэдгээрт чиглэсэн тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна гэсэн санал хэллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын төгсгөлд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийг хэрэгжүүлэх, зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар шуурхай арга хэмжээ авах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
-
Цаг үе2021/06/14
Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх автобустай багуудыг ажиллуулж эхэллээ
-
Улстөр нийгэм2023/08/23
Төв аймгийн зарим сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа
-
Цаг үе2022/10/27
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Улстөр нийгэм2025/10/01
БНСУ-ын Үнэт цаасны санхүүжилтийн корпорацтай хамтын ажиллагаагаа эхлүүллээ
