Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад үүрэг чиглэл өгөв

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нарыг хүлээн авч уулзав. КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон нөхцөлд банк санхүүгийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хангах чиглэлээр гаргаж буй шийдвэр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг Улсын Их Хурлын дарга сонсож, Монголбанкны ерөнхийлөгч болон Санхүүгийн зохицуулах хорооны даргад холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит бус хурлаас гаргасан багц шийдвэрийн талаар танилцуулав. Үүнд, бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх; банкны заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох; эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; Жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг дөрвөн шийдвэрийг гаргажээ.

Энэ нь КОВИД-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэх ач холбогдолтой юм байна. Түүнчлэн дунд хугацаанд санхүүгийн болон эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжих аж.

Дээрх шийдвэрүүдийн зэрэгцээ эдийн засгийг богино хугацаанд сэргээх, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах үүднээс зээлийг дахин санхүүжүүлэх 230 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хамрах хүрээг нь өргөжүүлэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, уул уурхайн бус экспорт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хамруулахаар болсон байна. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулахаар бэлтгэж байна гэв. 

Мэдээллийг сонссоны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголбанкны ерөнхийлөгчид иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж бүрд бодит нөлөө үзүүлэх мөнгөний бодлого, зээл, зээл хүүгийн хөнгөлөлтийн арга хэмжээ авах тодорхой санал, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж маргаашийн Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Үүсээд буй давагдашгүй хүчин зүйлийн улмаас ББСБ, ХЗХ-дын зээлдэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа, орлого тасалдаж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийн эргэн төлөлт саатах нөхцөл байдал үүсээд байгааг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан Улсын Их Хурлын даргад танилцуулав. Түүнчлэн санхүүгийн байгууллагууд цахим хэлбэрээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэв. Даатгалын компаниуд ч үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлсэн аж.

Улсын Их Хурлаас баталсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны 183 тоот “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд ББСБ, ХЗХ-ноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэхээр тусгагдсан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэж тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн гэв. Эл шийдвэрийг холбогдох бүх байгууллагуудад албан бичгээр хүргүүлсэн бөгөөд нэгбүрчлэн утсаар холбогдсон гэв. Түүнчлэн өнөөдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эл шийдвэрийн талаар мэдээлэл, сурталчилгааг явуулж эхлээд байгаа талаар танилцуулсан юм.

Зээлдэгчид эргэн төлөлтөд хүндрэл үүссэн талаарх тайлбар, холбогдох баримтаа зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтийн хамт цахимаар гхүргүүлж шийдвэрлүүлэх боломжтой юм байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар ББСБ, ХЗХ-дын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, түр зогсоох арга хэмжээг нэр мөр хэрэгжүүлэх талаарх санал боловсруулж, маргааш болох Түр хорооны хуралдаанд танилцуулахыг үүрэг чиглэл болгов. Мөн тус хорооноос боловсруулсан Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн эргэн төлөлтийг түр зогсоох тухай хуулийн төсөлтэй танилцсан болохоо дурдаад, “Энэ төрлийн зохицуулалтыг хийхийн тулд бие даасан хууль батлах шаардлагагүй хэмээн үзэж байна. Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд дээрх зохицуулалтуудыг тусгахаар нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж Түр хороонд танилцуулах, цаашид яаралтай горимоор өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг үүрэг болгож байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

“Улаанбаатар бонд” өрийн хэрэгсэл шинээр бүртгэгдлээ

Огноо:

,

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар Нийслэлийн засаг даргын гаргаж буй дараах нөхцөлтэй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийг Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ.   

Бондын нэр: Улаанбаатар бонд

Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг

Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг

Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%

Бондын хугацаа: 24 сар

Бондынхүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд

Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст

Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Эрдэнэс Тавантолгой ХК 20 сая дахь тонн нүүрсээ борлууллаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2023.09.27/ 20 сая дахь тонн нүүрсээ борлуулж, компанийн түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо. Компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш 13 жилийн хугацаанд хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд буюу ковидын өмнөх жилд хийж 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан. Тэгвэл өнөөдөр компанийн түүхэнд анх удаа 20 сая тонн нүүрс борлуулж түүхэн амжилтыг шинэчлэн тогтоолоо.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Онцгой дэглэм тогтоосон хугацаанд 2.4 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, улс болон орон нутгийн төсөвт 2.4 их наяд төгрөгийн татвар хураамж төлөөд байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, гэрээг цуцлана

Огноо:

,

Засгийн газрын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд болж, “Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын тухай” Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан 2024 онд шилжих төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулж, гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу гүйцэтгэлийг хянаж, гэрээний үнийг нэмэгдүүлэх шаардлагыг бодитой дүгнэхийг бүх шатны Төсвийн шууд захирагч нарт үүрэг болголоо.

Мөн хуульд заасан хугацаанд хэрэгжээгүй буюу 2023 онд ажил гүйцэтгээгүй гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний гүйцэтгэлийг энэ оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дүгнэж, гэрээг цуцлахыг даалгав.

Төсвийн тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төслөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг улсын төсөвт суулгах асуудлыг нэгтгэн зохион байгуулах, алдаатай зураг, төсөв боловсруулсан зохиогч, гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран хуулиар тогтоосон хугацаанд ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгох, зохиогч, гүйцэтгэгчийг хар жагсаалтад оруулахыг холбогдох сайд нарт тус тус даалгалаа.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох