Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шадар сайд Я.Содбаатар ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаанд оролцов

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар энэ оны 11 дүгээр сарын 30-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ.

ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг 2020 онд даргалж буй Энэтхэг энэ жилийн ээлжит хуралдааныг КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулав. Тус хуралдааныг Энэтхэг Улсын Дэд ерөнхийлөгч М.Венкая Найду нээж үг хэлэв.

Хуралдаанд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч А.Э.Новиков, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсынпарламент дахь Гадаад харилцаа эрхэлсэн сайд Андлиб Аббас, ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустин, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхий сайд Кохир Расулзада, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Н.Арипов нар оролцов. Мөн ШХАБ-ын ажиглагч орнуудаас Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Амрулла Салех, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд Р.А.Головченко, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Тэргүүн дэд ерөнхийлөгч Джахангири Эсхак, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нар оролцож үг хэлэв. Тус хуралдааны тусгай зочноор Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов оролцов.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 дэлхий дахинд аюул учруулж буй энэ үед цар тахлын хор уршгийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл солилцож, буурай хөгжилтэй орнуудад тусламжийн гараа сунгаж, цар тахлын хүнд үеийг даван туулахад туслалцаа үзүүлэх шаардлага дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгааг дурьдан хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг уриалав.

Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах, боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой байгааг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар хуралдаанд оролцох үеэрээ илэрхийлэв.

Мөн тэрээр Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн үйл явц тодорхой ахицтай байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Орос, Хятад гурван улсын "Эдийн засгийн коридор"-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгээд зогсохгүй, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэв.

Ирэх жил ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийг Бүгд Найрамдах Казакстан Улс тэргүүлэхээр болов гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ эхэллээ

Огноо:

,

Монгол Улс, БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хоёр дахь шатны хэлэлцээ энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Хэлэлцээг Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны Чөлөөт худалдааны хэлэлцээрийн бодлогын асуудал хариуцсан дарга Рю Поб Мин нар нээж, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, стратегийн түвшний түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд энэхүү хэлэлцээр нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Эхний шатны хэлэлцээний үеэр гарсан үр дүн, ахиц дэвшилд тулгуурлан бараа, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт болон харилцан сонирхсон эдийн засгийн хамтын ажиллагааны гол салбаруудыг хамарсан сэдэв, асуудал тус бүрээр 2024 оны 5 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд гурван өдрүүдэд гурван өдрийн турш хэлэлцээ өрнүүлэх юм.

Хэлэлцээрийн зорилго нь худалдааны урсгалыг жигд, үр ашигтай явуулахын тулд тарифын болон тарифын бус саад бэрхшээлийг бууруулах, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан ашигтай эдийн засгийн түншлэлээ өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчид, иргэдэд шинэ боломжуудыг бий болгоход чиглэх юм.

Энэ удаагийн хэлэлцээнд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон бусад холбогдох байгууллагуудын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож байна гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгаж байна

Огноо:

,

Хур борооны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, объект барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг албадан чөлөөлөх Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.

Үүнтэй холбоотойгоор Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буулгах ажлыг гүйцэтгэж байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний зүүн талд байрлах “Эн Өү Ти Эс” ХХК дунд голын голдирол хааж хашаа, барилга барьсан зөрчил, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, гурвалжингийн гүүрний баруун талын “Авто терминал” ХХК дунд голын гольдрол хааж хашаа, барилга барьсан, гүүр хоолой байрлуулж тээврийн хэрэгслийн орц гарц гаргасан зөрчил, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын урд дунд голын голдирол хаасан авто замын гүүрийг нураах, шороо асгаж газар үүсгэсэн хэсгийг чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна.

Өмнө нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “S Outlet” сэлбэ голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан байсныг буулгаж чөлөөлсөн. Мөн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Соёмботой хөшөө Гандигийн гудамжийг Нарны замтай холбосон түр замын гүүр хоолой, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Алтай хотхоны зүүн талын голын голдиролд газар үүсгэж, үерийн урсац хаасан “Шунхлай” ШТС-ыг буулгаж чөлөөлөх ажлыг гүйцэтгэсэн.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар идэвхтэй, үр дүнтэй ажилласныг Ерөнхийлөгч сайшаалаа.

Конвенцын хэрэгжилтийг хангах, олсон ололт амжилтыг улам бататгах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол Улс өндрөөр үнэлдгийг онцлов.

Ерөнхийлөгч мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ид өрнөж байгааг хэлэв.

Монгол Улс дэлхий нийтийн өмнө сорилт болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг чухалчлан анхаарч, цаг үеэр олсон санал, санаачилга дэвшүүлэн, чармайлт гарган ажиллаж буйд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио талархал илэрхийллээ.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох