Улстөр нийгэм
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишратай цахим уулзалт хийлээ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Тапан Мишратай цахимаар уулзлаа.
Уулзахдаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газрын зүгээс төлөвлөж буй зарим арга хэмжээ, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих ойрын болон хэтийн хамтын ажиллагаа, цар тахал ба хүний эрхийн нөхцөл байдал, Хүний эрхийн олон улсын өдрийг Монгол Улсад тэмдэглэн өнгөрүүлэх, ирэх онд тохиох Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсаны 20 жил, Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.
Мөн энэ үеэр НҮБ-ын хүний эрхийн шинжээчээс Монгол Улсад хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хууль батлахыг уриалсан уриалга ирүүлснийг уламжилсан юм.
- * -
НҮБ-ын шинжээч Монгол Улс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах хууль батлахыг уриалав
ЖЕНЕВ ХОТ (2020 Арванхоёрдугаар сар 1) - Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн шинжээч өнөөдөр Төв Азид орших Монгол Улс нь хүний эрхийн төлөө зүтгэж байгаа хүмүүсийг хамгаалах, бусдад жишиг болохуйц хуулиа батлах нь зүйтэй хэмээн онцлов.
Хүний эрх хамгаалагчдын нөхцөл байдал хариуцсан Тусгай Илтгэгч Мэри Лаулор “Монгол Улс нь бүс нутагтаа анхдагч, манлайлагч болох боломжтой бөгөөд хүний эрх хамгаалагчид өөрийн үйл хэргээ үргэлжлүүлэхэд ихээхэн туслах энэхүү чухал хуулийг дэмжинэ үү гэж Парламентын бүх гишүүнээс хүсч байна” гэж хэллээ. Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг иргэний нийгмийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс боловсруулан, өнгөрсөн тавдугаар сард Улсын Их Хуралд өргөн барьсан билээ. Энэхүү хуулийн төслийг арван хоёрдугаар сард хэлэлцэх нь чухал билээ. Тус хуулиар хүний эрх хамгаалагчийг олон улсын жишгийн дагуу тодорхойлсон төдийгүй тэднийг хэрхэн хамгаалах талаар зохицуулалт бий. Мөн тэдний эрхэд халдахаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах хараат бус этгээдийг байгуулах заалттай болно.
Лоулор хэлэхдээ: “Би уг хуулийг хууль тогтоогч өргөн барьсныг сайшааж байна. Бүх нам хуулийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Хуулиа баталсан тохиолдолд Монгол Улс анх удаа бүс нутагтаа энэ төрлийн анхны хууль баталсан орон болохын зэрэгцээ хүний эрхийн төлөөх хичээл зүтгэлээ тод томруун харуулсан үйлдэл болох юм.”
Улстөр нийгэм
ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.
Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох шаардлагатай байгааг 2020 оны коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Н.Шакиевт бараалхав
Mонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиевт бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын Парламентын даргын түвшинд анх удаа хийж буй уг айлчлалд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол, Киргизийн найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 2023 онд Киргиз Улсад анх удаа айлчилсныг дурдаад айлчлалын үр дүнд худалдаа, эдийн засаг, боловсрол, уул уурхай зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, тэр дундаа алт цэвэршүүлэх салбарын хамтын ажиллагааны эхлэл тавигдсанд сэтгэл хангалуун буйгаа тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимжиж, улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцэл идэвхжиж байгааг онцлоод дээд, өндөр түвшний айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган нягт хамтран ажиллахаа харилцан нотлов. Түүнчлэн цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал, боловсрол, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол, Киргизийн харилцааны бэлгэ тэмдэг, нэрийн хуудас болсон хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар
Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы энэ долоо хоногийн /2024.04.25-26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Сэтгэгдэл