Улстөр нийгэм
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
Монгол Улсын Их Хурлын дараах байнгын хороодын хуралдаан өнөөдөр /2020.12.22/ болно. Үүнд:
1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 13 гишүүнээс 2020.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /“Монгол Улс олон талт Олон Улсын гэрээнд нэгдэн орсноор хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайланг холбогдох Олон Улсын байгууллагад хүргүүлэх, тайлантай холбогдуулан Олон Улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж буй ажлын явц байдалтай танилцах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий/.
2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай;
- Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
- Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.
3. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;
- Байнгын хорооны 2020 оны 01 тогтоолоор байгуулсан Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсох.
4. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
5. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Улстөр нийгэм
Төрийн өмчийн ЕБС-ийн захирлуудтай уулзаж, санал хүсэлтийг нь авч эхэллээ
Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулгын хамт Баянзүрх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хүлээн авч уулзан, бодлого төлөвлөлтөө танилцуулахын зэрэгцээ тэдний тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонслоо.
Боловсролын сайдын зүгээс багш нарын ачааллыг бууруулах, хүүхэд бүрийг тэгш хамран сургах, сурагчдад тулгардаг ачааллыг багасгах гэх мэт зорилгоор хэрэгжүүлж буй зохицуулалт, шинэчлэлүүдийн талаар мэдээлэл өгч, нэгдүгээр улирлын бие даалтын долоо хоногт сурагчдыг музей үзүүлэх бол гуравдугаар улирлын бие даалтын долоо хоногт гамшгаас хамгаалах сургалтад хамруулна гэдгийг онцлов.
Захирлуудын хувьд сургууль болон заалны барилгууд ашиглалт, стандартын шаардлага хангахгүй, хүртээмжгүй байгаа нь хамгийн том асуудал болоод байгааг онцолж, сургуулийн орон тооны нормативыг нэмэх, багш, ажилтнуудын цалинг өсгөх зэрэг хүсэлтийг илэрхийлсэн юм.
Засгийн газраас аль нэг салбарыг онцлох бус, төрийн албан хаагчдын цалинг нийтэд нь, инфляцтай уялдуулан үе шаттайгаар өсгөх бодлого баримталж буйг Боловсролын сайд хэлж, уулзалтын үеэр ирүүлж буй бүх хүсэлтэд хариу хүргүүлнэ хэмээв. Энэ мэтчилэн бүх дүүрэг дэх төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудтай уулзалт зохион байгуулна.
Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 34 ерөнхий боловсролын сургуульд 78,000 гаруй хүүхэд суралцаж, 7000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд тус дүүрэгт гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй 16 сургуулийн 8138 сурагч байсан. Үүнээс 10 сургуулийн 6743 сурагчийг түрээсийн хичээлийн байранд хамруулж, 5 сургуулийн дотоод нөөц боломжийг ашигласан бол 1 сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх асуудал шийдэгдсэн байна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Улстөр нийгэм
Сайд С.Одонтуяа орон нутгийн томилолтоо говийн бүсээс эхлүүлнэ
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа орон нутгийн албан томилолтоо энэ сарын 12-ноос эхлүүлэхээр боллоо.
Салбарын сайд албаны томилолт говийн бүс буюу Өмнөговь, Дундговь аймгаас эхлүүлэхээр төлөвлөлөө.
Тодруулбал, энэ сарын 12, 13-нд Өмнөговь аймагт ажиллана.
Энэ үеэр "Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөөд байна.
Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж уулзалт хийж, чиглэл өгөх юм.
Харин энэ сарын 14-нд Дундговь аймагт ажиллах бөгөөд энэ үеэр цөлжилттэй тэмцэх арга хэмжээний цаашдын чиг хандлагыг тодорхойлох, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Дундговь аймагт үр дүнтэй зохион байгуулах зорилгоор уулзалт хийж, чиглэл өгөх, мод үржүүлгийн газартай танилцахаар төлөвлөөд байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.