Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Х.Мандахбаяр: Үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчилна

Огноо:

,

"GOBI CHALLENGE-2020" ОЛОН ӨДРИЙН ТЭМЭЭН АЯЛАЛ РЕАЛИТИ ШОУ

2021 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9-НД  ҮЗЭГЧДИЙН ХҮРТЭЭЛ БОЛНО

Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчдийн өвөрмөц зан заншил, хоёр бөхт тэмээний хосгүй үнэт өв соёлоор дамжуулан Монгол Улсыг хилийн чандад сурталчлах томоохон зорилготой “Gobi challenge-2020” төслийн ерөнхий продюсер, “Эрхэт Монгол” медиа группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяртай ярилцлаа.


-“Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сантай хамтран “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг амжилттай зохион байгууллаа. Тэмээн аялал гэдэг утгаараа “тэмээчин бүсгүй” Н.Байгалмаатай хамтран ажилласан байх, тийм үү?

-Тийм ээ, Монголчууд нийтээрээ “тэмээчин бүсгүй” Н.Байгалмаагийн аяллыг сонирхдог болсоор удлаа. Миний бие монголчуудынхаа адилаар Н.Байгалмаагийн үзэгч, сошиал дэмжигч нь байсан. Сонин юм шүү, яагаад жирийн нэгэн монгол бүсгүйн толгойд “Тэмээ унаад дэлхийг тойрно”, “Английн хатан хаантай уулзана” гэсэн бодол төрдөг байна аа. Ганц надад биш олон хүнд сонин санагдсан байх. Би өөрөө говийн хүн. Тэр утгаараа тэмээг хайрлаж, сурталчилж байгаа бүсгүйд үзэгчийн сэтгэлээр “дурлаж” байгаа юм. Ингээд сэтгүүлч хүнийхээ хувьд “Н.Байгалмааг дэмжих ёстой юм байна” гэсэн хувийн итгэл үнэмшилтэй болсон. Гэхдээ миний хийсэн зүйл нь Н.Байгалмаагийн сошиал орчинд тавьсан пост болгон дээр “лайк”, зураг болгон дээр “зүрх” дарах хэмжээнд байв. Бас өөрийнхөө эзэмшиж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд “Тэмээчин бүсгүйг дэмжиж ажиллаарай” гэдэг санал хүргүүлсэн. Учир нь Н.Байгалмаагийн эхлүүлсэн ажлын цараа, хүсэл мөрөөдөл, бэрхшээлийг даван туулж байгаа хүч зориг, тэвчээр хатуужлыг монголчууд бид дэмжих ёстой шүү дээ. Ер нь монгол хүн монгол хүнээ, Монголыг гэсэн үзэл санаа, ажил үйлсийг дэмжих ёстой. Ийм л үзэл санаагаар Н.Байгалмааг анх дэмжиж эхэлсэн.

-Та Н.Байгалмааг дэмжих болсон шалтгаанаа ярилаа. Гэхдээ Та хоёр яаж танилцсан юм бэ? 

-Би Н.Байгалмаагийн идэвхтэй “лайк”-чдийн нэг байсан учраас намайг анзаарсан юм шиг байгаа юм. Мөн Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн даргаар ажиллаж байсан болохоор Н.Байгалмаа “Сэтгүүлчдийн холбооны дарга нь намайг дэмжиж байгаа юм байна” гэж бодсон байх. Тэр үед Н.Байгалмаа маань дундад Азиар аялж байсан. Нэг өдөр надад сошиалаар захидал /чат/ ирж байна. Өөрийгөө танилцуулаад “дэмжиж явдагт баярладаг шүү” гэжээ. Тэгээд Н.Байгалмаа “Таны эзэмшдэг зарим сайт дээр миний хувийн амьдралтай холбоотой мэдээлэл гарсан байна. Түүнийг аваад өгөх боломж байна уу” гэж хүссэн. Энэ бүхнийг ярьж байгаа шалтгаан нь “Gobi challenge-2020” төсөл хэрэгжихэд урьдач нөхцөл юу байсан бэ гэдгийг тайлбарлах гэснийх юм. Н.Байгалмаа гэдэг тэмээчин бүсгүй, Х.Мандахбаяр гэдэг сэтгүүлчийн чин хүслийн цаана энэ төслийг хэрэгжүүлэх зайлшгүй нөхцөл бүрдэж байсан гэдгийг ойлгуулах гээд нуршиж яриад байгаа юм шүү.

Ингээд Н.Байгалмаад “Ах нь редакцийн бодлогод оролцдоггүй. Сэтгүүлчийнхээ бичиж байгаа зүйлд нөлөөлдөггүй, сэтгүүлч хараат бус ажиллах ёстой гэсэн зарчим баримталдаг” гэдгээ тайлбарлалаа. “Гэхдээ ах нь чамайг зөв юм хийсэн, буруу юм хийсэн болохыг мэдэхгүй. Хувийн амьдрал чинь надад сонин биш. Монгол бүсгүй Монголынхоо төлөө ганцаараа зүтгэж байхад заавал хувийн амьдралаар нь сэтгэл санааг нь үймүүлэх хэрэг байхгүй. Тиймээс би нэг удаа зарчмаасаа ухарч хүсэлтийг чинь биелүүлье. Дахиад битгий ийм хүсэлт надад тавиарай. Харин аяллынхаа тухай мэдээлэл өгч, манай телевиз, сайтуудад ярилцлага өгч байгаарай” гэсэн. 

Удалгүй би 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшлээ. Сонгуулийн үеэр Н.Байгалмаа холбоо барьдаг юм байна. “Сайн байна уу, Таныг нэр дэвшиж байгаад баяр хүргэе. Би Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байна. Тантай уулзаж, амжилт хүсье. Яагаад гэвэл таны байгаль хамгаалах үйлс, эх оронч үзлийг би дэмждэг. Нөгөө талаар та надад ямар ч болзолгүйгээр сэтгэлийн дэм өгч байсан учраас дүү нь тантай уулзах гэсэн юм. Миний олон улсын аялал цар тахлаас болоод саатсан. Энэ хугацаандаа би дотоодын тэмээн аялал хийх гээд зорьж явна” гэсэн. Ингээд бид хоёр уулзахаар болоод байтал миний сонгуулийн сурталчилгааны маршрут өөрчлөгдөөд тав хоногийн дараа Мандал-Овоод иртэл Н.Байгалмаа хүлээж л байсан. Хөдөө хээр гэрээ дугуйлаад, мөнгөн аягатай сүүгээ бариад угтсан. Бид тэгж анх удаа уулзаж байлаа.

-Ингээд Н.Байгалмаатай хамтран “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллыг зохион байгуулсан юм байна?

-Тэр үед Н.Байгалмаа цар тахлын хил хаалттай хугацаанд тэмээн аяллаа тасалдуулахгүй гэж зорин “Монгол давлагаа” буюу “Mongolian wave” төслөө санаачлан хэрэгжүүлж байсан. Гэтэл надтай уулзсанаас болоод Х.Мандахбаярыг дэмжсэн хэмээгдэж сөрөг хүчний намын өрсөлдөгчдийн зүгээс тэмээнүүдийг нь “хураасан” байгаа юм. Тэд “Монгол давлагаа” аяллыг дэмжиж, тэмээгээр тусалж байж л дээ. Гэтэл гэнэт мөнгө нэхэж, тэмээг нь “хураагаад” авчхаж. Үндсэндээ надаас болж байгаа хэрэг.

Тэгээд Н.Байгалмаа бас сонин хүн. Тэр үед надад хэлээгүй. Сонгууль дууссаны дараа манай ажил дээр ирээд энэ тухайгаа анх удаа ярьж байгаа юм. “Би таныг их ажилтай байхад дуулгаад яахав гэж бодсон” гэсэн. Хариуд нь би Н.Байгалмаад “Тэгвэл хоёулаа хамтраад бүр өргөн цар хүрээтэй тэмээн аялал зохион байгуулъя. Ахад нь санаа байна. Би говийн хүн. Өмнөговийн бүхий л үзэсгэлэнтэй газраар тэмээтэй аялъя. Уул хангайгаа ухаж биш, гайхуулж, аялал жуулчлалаар мөнгө олж болно гэдгийг монголчууддаа ойлгуулъя. Хоёрдугаарт, дүүгийн тасалдсан төслийг үргэлжлүүлье” гэсэн. Ингээд бидний санаа нийлж, удалгүй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Санамж бичиг дээрээ үндэслээд “Gobi challenge-2020” төслийг санаачилж, “Эрхэт Монгол” медиа группийн 40 гаруй хүнтэй багаар зохион байгуулалтынхаа ажилд ханцуй шамлан орсон. Үндсэндээ 2020 оны долоодугаар сараас эхлээд бүтэн дөрвөн сар бэлтгэл хангасан. Их ч өндөр өртгөөр, олон ч хүний хүч хөдөлмөрөөр “Gobi challenge-2020” төслийн контент болох 10 цуврал реалити шоу нэвтрүүлэг бүтсэн.

-“Gobi challenge-2020” төсөл говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Энэ зорилгоо биелүүлж чадсан уу?

-Цар тахлын жил таарлаа шүү дээ. Тиймээс гадаад харилцаан дээр тодорхой бэрхшээлүүд үүсээд байна. Н.Байгалмаа олон улсын аялагчдынхаа чиглэлээр, манай групп медиа шугамаар гадаад харилцаандаа анхаарч ажиллаж байна. Бид зорилгоо биелүүлсэн гэхээсээ илүүтэй том ажлын шан татлаа гэж хэлэх байна. “Gobi challenge” төсөл ганцхан жил өрнөөд дуусчихгүй. Цаашдаа илүү өргөн цар хүрээтэй үргэлжилнэ. Магадгүй энэ жилийн контентийн формат, стандартад зарим нэг дутагдал байхыг үгүйсгэхгүй. Харин ирэх жил энэ төсөл улам чамбайрна. Бидэнд төлөвлөсөн ажил их бий. Тэмээ унаж байгаа оролцогчдыг олон улсаас сонгохоор “Gobi challenge” төсөл олон улсын чанартай болно. Дээрээс нь нэвтрүүлгийг гаднын томоохон медиа группүүдийн уран бүтээлчид хамтран бүтээнэ. Ингээд ирэхээр “Gobi challenge” төсөл Монголын гадаад сурталчилгаа, өвлийн аялал жуулчлал, байгаль хамгаалах үзэл санаанд асар том хувьсгал хийнэ гэж үзэж байгаа юм. Энэ том амбицийг биелүүлэх эхний алхмаа тун амжилттай гүйцэтгээд байна.

-“Gobi challenge-2020” нэвтрүүлэг хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын нэвтрүүлэг долоо хоног бүрийн бямба гарагт үзэгчдийн хүртээл болно. Анхны нэвтрүүлэг нь ирэх бямба гарагт буюу 2021 оны нэгдүгээр сарын 9-ний 20:30 цагаас “ТВ8” телевизээр гарна.

-Тэмээн аяллын маршрут сонирхолтой байна?

-“Gobi challenge-2020” аялалд нийгмийн салбар бүрийн төлөөлөл 10 оролцогч нэгдэн тэмээтэй аялсан. Аяллын туршид Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 18 өдрийн турш аялахдаа 650 км зам туулан барианд орсон юм. 

-Олон өдрийн тэмээн аяллаас үзэгчид юу мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

-Би нэвтрүүлгийн агуулгыг ярих учиргүй. Товчхондоо үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоороо дамжуулан Монголоо дэлхийд сурталчилна. Хүмүүс манай контентийг үзээд өөрсдөө мэдрээсэй гэж хүсэж байна. Тун чиг олон зүйлийг өгүүлэх шоу болсон. Би нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. Н.Байгалмаа гэдэг бүсгүй тэмээ унаад хилийн чандад аялаагүй бол энэ шоу нэвтрүүлгийн санаа төрөхгүй байсан биз ээ. Монгол бүсгүйн ид шидийн гэмээр хүсэл тэмүүллээс урган гарсан тэр аялал юуг агуулж байгаа вэ гэдгийг цомхон хэлбэрээр агуулж байгаа юм. Цар тахал дууссан үед “тэмээчин бүсгүй” аяллаа үргэлжлүүлэхэд маань цаашдын зам нь дардан байгаасай, олон хүн дэмждэг байгаасай гэдэг үзэл санаа ч энэ шоуг бүтээхэд ихээхэн нөлөөлсөн гэдгийг тэмдэглэе. Цар тахлаас болоод улс орнуудын хил хаагдчихсан. Тэмээн аялал битгий хэл дэлхийн эдийн засаг царцсан үед Н.Байгалмаа "Монгол давлагаа" төслөө санаачилж өөрийнхөө аяллыг үргэлжлүүлэх сонирхолтой байсан. Харамсалтай нь улс төрийн шалтгаанаар саад учирсан нь бид хоёрыг хамтарч ажиллах боломжийг нээж өгсөн юм.

Ер нь “тэмээчин бүсгүй”-н олон улсын аяллаас бид нэг зүйлийг олж харах учиртай. Хувь хүн Н.Байгалмаа тэмээ унаад хүсэл мөрөөдлөө биелүүлж байгаа мэт харагдах боловч монгол хүн хоёр бөхт тэмээгээрээ дэлхийг тамгалж, улс орноо хилийн чандад сурталчилж байна шүү дээ. Энэ бүсгүй монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг тэмээнийхээ нуруун дээр ачаалаад дэлхийд алхаж байгаа гэж бид сэтгэх ёстой. Цаашид Монголын төлөө гэсэн энэ санаачилгыг ард түмэн маань илүү тод олж харж, төр засаг маань бодитой дэмжээсэй гэж би хүсэж байна. Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд Н.Байгалмаагийн олон улсын тэмээн аяллын төслийг сурталчилгааны томоохон арга хэрэгсэл гэдгийг олж хараасай. За тэгээд “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж сайхан үг бий дээ. Бид Н.Байгалмаа шиг хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа эх оронч галыг бадрааж байх ёстой юм.

-Таны хэлсэнчлэн эх оронч үзэл санааг дэмжсэн байгууллагуудыг нэрлэхгүй юу?

-“Gobi challenge-2020” төслийг олон байгууллага ивээн тэтгэж оролцсон. Төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ ажилласан. Ивээн тэтгэгч байгууллагаар “Энержи ресурс” ХХК, “Ард Кредит” ХК, “Ард Лайф” ХХК, “Мандар” групп, дэмжигч байгууллагаар Монгол Улсын Соёлын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, “Монголросцветмет” ТӨҮГ ажиллалаа. Мөн хамтран ажиллагч байгууллагаар “Бодиос”, “Отог” брэнд, “Shijir shine”, “Хүннү фэйшн”, “Дархан нэхий”, “Тод оймс”, “Техник импорт”, “Гор газ”, “Бэст бэйкери”, “Алтан тариа”, “Морьт хангай”, “Тнгри инвест” групп,  Өмнөговь аймгийн "Их говийн төгөл" компани зэрэг олон байгууллага хамтран ажилласан. Түүнчлэн орон нутгийн мэдээллийн дэмжигч байгууллагаар Umnugovi.mn, Melmii.mn, “Монгол говь” сонин зэрэг байгууллагууд ажилласан байна. Би ямар нэгэн байгууллагын нэрийг дутуу үлдээсэн байх вий. Эдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр “Gobi challenge-2020” төсөл амжилттай хэрэгжсэн. Санхүү байхгүйгээр нэг ч төсөл хэрэгжихгүй. Гэхдээ бид босгосон санхүүжилтээрээ төслийнхөө 70 хувийг санхүүжүүлсэн. 30 хувийг нь “Эрхэт Монгол” медиа групп өөрөөсөө гаргаж энэ төслийн ард амжилттай гарлаа.

Би шоуны агуулгаас бусад бүх зүйлийг ярихыг хичээж байгаа юм шүү. Хэдийгээр би төслийн ерөнхий продюсерээр ажилласан боловч багийнхаа үгийг сонсох ёстой. Энэ шоу нэвтрүүлгийг үзсэний дараа олон хүнд Монголоо гэсэн омогшил төрөх байх гэж бодож байна. Зүгээр нэг тэмээгээр аялаад ирсэн хэдэн хүний асуудал биш болохыг ухаарах байх. “Монголын өвлийн аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх вэ”, “Байгаль хамгаалах үзлийг яаж төлөвшүүлэх вэ”, “Монгол хүний амбиц дэлхийд ямар байж болох вэ”, “Монголын гадаад сурталчилгаанд Монголын онцлогтой брэндээрээ хэрхэн гарах вэ” гэдэг асуултуудад бид хариулт хайсан.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол болж, “Нийслэлийн бахархал” шагнал гардууллаа. Нийслэлийн хөгжил, дэвшилд бодит хувь нэмэр оруулж, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан үр бүтээлтэй ажилласан иргэний амжилт, санаачилгыг үнэлэн алдаршуулав.

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслолыг нээж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлчүүд та бидний эрүүл мэнд, амар тайван амьдрал, аюулгүй байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл чимээгүй хөдөлмөрлөдөг баатрууд бол онцгой байдал, эрүүл мэнд, хот тохижилт, цагдаа бусад үйлчилгээний салбарт зүтгэж буй мянга мянган ажилтан албан хаагчид билээ. Түүхт ойн энэ өдөр есөн салбарын шилдэг төлөөлөл "Улаанбаатарын бахархал" цомыг хүртлээ. Энэ бол та бүхний мэдлэг, ур чадвараа зориулж, хамт олныхоо итгэлийг дааж ирсэн олон жилийн хөдөлмөр зүтгэлийн үнэлгээ” хэмээн тодотголоо.

 “Нийслэлийн бахархал” шагналын эзэд

  1. “Хотын авран хамгаалагч бахархал” номинаци

Дэмбэрэлсүрэнгийн Анхбаатар - Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч

2009 оноос 17 жил онцгой байдлын салбарт ажилласан.

  • 1465 орчим гал түймрийн болон гамшиг ослын дуудлагаар гарч,
  • 1265 удаа гал түймэрт байлдааны тархалт хийж,
  • 7 тэрбум төгрөгийн төр, аж ахуй, нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө
  • 497 хүний амь насыг авран хамгаалж,
  • 68 удаа үер усны дуудлагаар үүрэг гүйцэтгэж,
  • 194 үерт өртсөн иргэнийг авран хамгаалж,
  • 7 иргэний автомашиныг уснаас гаргаж, аюулгүй байдлыг ханган ажиллаж,
  • 598 удаа айл өрхийн галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг зохион байгуулж,
  • 9787 урьдчилан сэргийлэх тараах материалыг иргэдэд хүргүүлэн ажилласан.
  1. “Аюулгүй зорчилтын бахархал” номинаци

Лувсаннямын Ганзангиа - “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобусны жолооч

Нийтийн тээврийн салбарт 1995 оноос эхлэн 32 жил ажилласан. Зөвхөн 2026 онд:

  • 17 зорчигч тээврийн чиглэлд
  • 206 хоног зорчигчдод үйлчилж,
  • 1568 цаг нийтийн тээврийн шугам замд ажиллаж,
  • 1 жилийн хугацаанд 731 рейс гүйцэтгэж,
  • 1 өдөрт 1158 зорчигч тээвэрлэжээ.
  1. “Хот, нийтийн аж ахуйн бахархал” номинаци

Батмөнхийн Мөнххишиг - “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ашиглалтын инженер. Орон сууц нийтийн аж ахуйн салбарт 2013 оноос хойш тасралтгүй 13 жил ажилласан. Хэрэглэгч, оршин суугчдаас ирүүлсэн хүсэлт, өргөдлийн шийдвэрлэлтэд байнга хяналт тавьж, үйлчлүүлэгчтэй зөв боловсон харьцаж ирсэн үлгэр жишээ шилдэг ажилтнуудын нэг юм.  

  1. “Эерэг өөрчлөлтийн бахархал” номинаци

Баатарчулууны Нандинцэцэг - Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн ахлах нийгмийн ажилтан. 2010 оноос нийгмийн хамгааллын чиглэлээр 16 жил ажилласан. Нийгмийн салбарт, тэр дундаа гэр оронгүй иргэдэд үйлчлэх үйлсэд тасралтгүй 16 жил ажиллах хугацаандаа иргэн нэг бүртэй ажиллаж, тэдний амьдралын чанарыг сайжруулж, зорилтот бүлгийн иргэдийг нийгэмшүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж байна.

  1. “Эрүүл мэндийн бахархал” номинаци

Алтангэрэлийн Нямсүрэн - Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгийн гэмтэл, согогийн тасгийн эрхлэгч, мэс заслын эмч. 2014 оноос эрүүл мэндийн салбарт 12 жил ажилласан.

А.Нямсүрэн нь сүүлийн 5 жилийн хугацаанд:

  • 64,796 амбулаторийн үзлэг
  • 12,087 урьдчилан сэргийлэх үзлэг
  • 5,846 хүнд мэс заслын ажиллагааг багаа ахлан хийж, хүндрэлгүй тусламж үйлчилгээ үзүүлэн ажилласан байна.
  1. “Хотын үзэмж бахархал” номинаци

Сарангэрэлийн Цэдэвдорж - Чингэлтэй дүүргийн “Тохижилт үйлчилгээ” ХХК-д хог тээвэрлэлтийн ачигч, зам талбайн үйлчлэгчээр 2004 оноос хойш өнөөг хүртэл 22 жил тасралтгүй ажиллаж байна. Авто зам болон явган замын цэвэрлэгээг технологийн дагуу чанартай гүйцэтгэж, зам талбайгаа өдөр бүр 3 удаагийн давтамжтайгаар цэвэрлэж, өдөр бүр тогтоосон төлөвлөгөөг давуулан биелүүлэн ажилладаг.

  1. “Эрдмийн бахархал” номинаци

Начингийн Оюунчимэг - Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн физикийн багш. 1987 оноос боловсролын салбарт 39 жил ажиллаж байна. Физикийн хичээлийн заах арга зүйг сайн эзэмшиж, сурагч бүрийн авьяас чадварыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн. Түүний шавь нарын гаргасан амжилтаас дурдвал:

Аймаг, нийслэлийн физикийн олимпиадаас: 44 алт, 40 мөнгө, 59 хүрэл

Улсын физикийн олимпиадаас: 17 алт медаль буюу 17 удаа улсын аварга, 29 мөнгө, 35 хүрэл

Олон улсын физикийн олимпиадаас: 3 мөнгө, 9 хүрэл

Ази тивийн физикийн олимпиадаас: 1 мөнгө, 5 хүрэл медаль тус тус хүртэж нийтдээ олон улсын 24 медаль хүртсэн байна.

  1. “Аюулгүй хотын бахархал” номинаци

Таупихын Ардабек - Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч, цагдаагийн дэд ахлагч. Т.Ардабек нь 2026 онд:

  • 28 удаа авто эргүүлийн чиглэлд
  • 672 цагийн үүрэг гүйцэтгэж,
  • 314 дуудлага мэдээллийг хүлээн авч шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

Мөн 2026 оны 10-р сарын 06-ны өдрийн 09:00 цагт эргүүлийн үүргээ гүйцэтгэж дуусаад гэртээ харих замдаа СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орон сууцанд гал түймэр гарч байгааг мэдэн галын голомтод байсан 13 настай 1 охиныг аврахын зэрэгцээ 7 айлын 9 иргэнийг болзошгүй аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.

  1. “Сайн үйлсийн бахархал” номинаци

Цэвээний Энхбаатар - Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор. 2002 оноос байгаль орчинд ээлтэй сайн үйлсийн олон ажил хийж гүйцэтгэж ирсэн.

  • Тужийн нарсны мод үржүүлгийн газар нарсны тарьц тарьж, ургуулж ойжуулалт хийсэн. Чингэлтэйн дээд Салхитад 4 га газарт ойжуулалт хийсэн.
  • Сүхбаатар дүүргийн 20-р хорооны Сэлхийн Гүнжийн булгийг тохижуулахад оюутан, сонирхогчдыг уриалан 5 жил дараалан 5000 орчим улиас, хайлаас, бургас тарьж, услах, хамгаалах ажлыг сайн дураараа хийж байгаа.
  • 2023 оноос Хамрын хийдэд 200 гаруй монос, бүйлс тарьж ургуулсан.
  • 2023 оноос Сэлхийн зуслангийн ууланд ойжуулах ажлыг эхлүүлж, 2 га газар хашаажуулан, улиас, монос, хайлаас, чацаргана, шинэс, гацуур зэрэг 3000 гаруй мод тарьсан бөгөөд өнөөдөр 90 хувийн ургалттай байна.

 

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын гала тоглолт  боллоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат гала тоглолтыг нээж, үг хэлэв. 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.

Энэ удаагийн наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 сурагч шалгаран оролцож, авьяас, чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдгүүд:

Тэргүүн байр: Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг

Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад” найрал дууны хамтлаг

Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” сургуулийн “Гэгээ” найрал дууны хамтлаг

Тусгай байр:

- Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” найрал дууны хамтлаг

- Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн “Одод” найрал дууны хамтлаг

Нэрэмжит шагнал:

- Д.Лувсаншаравын нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургуулийн “Melody” найрал дууны хамтлаг

- Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн “Яруу эгшиглэн” найрал дууны хамтлаг

Тусгай номинаци:

- Шилдэг удирдаач багш: Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна

- Шилдэг сургуулийн удирдлага: “Логарифм” дунд сургуулийн хамт олон

Тус наадам нь хүүхэд багачуудын хөгжмийн авьяасыг нээн хөгжүүлэх, найрал дууны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол, урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэх, сургуулийн хөгжмийн боловсролын чанарыг дээшлүүлэх, найрал дууны урлагийн уламжлал, өвийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Урлаг спорт2026/10/30

“Улаанбаатарын бахархал” хүндэтгэлийн ёслол боллоо

Улстөр нийгэм2026/10/30

Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа, нийс...

Цаг үе2026/10/30

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай, Өгөгдлийн туха...

Улстөр нийгэм2026/10/30

Ерөнхий сайд Н.Учрал Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын ...

Улстөр нийгэм2026/10/30

Н.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосист...

Улстөр нийгэм2026/10/30

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи ...

Цаг үе2026/10/29

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ2026/10/29

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ2026/10/29

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм2026/10/29

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Санал болгох