Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томиллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган Засгийн газрын гишүүдийг томиллоо.

1. Монгол Улсын Шадар сайд  Сайнбуянгийн Амарсайхан

С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай. 1991 онд Налайх дүүргийн "Эрдмийн оргил" дунд сургууль, 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт, 2000 онд АНУ-ын Саут Вест их сургууль төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.  1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан, 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе, 2004-2007 онд "Американ трейд энд девелопмент" ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер, 2007-2017 онд  "Оюуны-Ундраа" группийн  гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга, 2012-2020 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016-2017 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга, 2017-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд даргаар ажиллаж байна. С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.


2. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Цэндийн Нямдорж

Ц.Нямдорж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай. 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль, 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн 1 дүгээр дунд сургууль, 1976 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Улсын их сургууль, 1981 онд Зөвлөлт Холбоот Улсын Санкт-Петербургийн Улсын их сургууль төгссөн. Хуульч мэргэжилтэй. 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга, 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч, 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн, 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992-2016 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд Улсын Их Хурлын дарга, 2016-2017 онд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2020 оны 08 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна. Ц.Нямдорж нь Төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан туршлагатай.


3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Нямжавын Уртнасан

Н.Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургууль төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд "Ийгл" телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд "Шинэ дэлхий" телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд "Юни Си энд Си" ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд "Юни Солар" ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.


4. Батлан хамгаалахын сайд Гүрсэдийн Сайханбаяр

Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай. 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль, 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт, 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль, 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академи төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистр. 1989-1994 онд Ардын армийн 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 318 дугаар ангид  салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч, 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2000-2012 онд Батлан хамгаалах яаманд Төрийн захиргааны удирдлагын газарт орлогч дарга, хэлтсийн дарга, 2014-2020 онд мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Г.Сайханбаяр нь батлан хамгаалах салбарт тасралтгүй 32 ажилласан туршлагатай.


5. Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг

Б.Батцэцэг нь 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. 48 настай. 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль, 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль, 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль төгссөн. Олон улсын  харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр. 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал, 2003-2004 онд "Аз-хур" ХХК-ийн захирал, 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга, 2007-2010 онд "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга, 2010-2011 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Ажлын албанд зөвлөх, 2011-2012 онд Монгол Ардын Намын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх, 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2020 оноос "Мөнхийн үсэг групп" ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан туршлагатай.


6. Сангийн сайд Болдын Жавхлан

Б.Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн. 45 настай. 1990 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль, 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль, 1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль,  2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль, 2009 онд АНУ-ын Индианагийн их сургууль төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй. 1997-1999 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 1999-2000 онд Хаан банк дахь Монголбанкны  Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагч, 2000-2004 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын хянан шалгагч, 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дэд ерөнхийлөгч, 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 19 жил ажилласан туршлагатай.


7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Хишгээгийн Нямбаатар

Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль, 2000 онд Орхон их сургуулийг, 2008 онд Хууль сахиулахын их сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй. 2000-2007 онд Орхон их сургуульд багш, 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, 2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх, 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2016-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 2020 оны 07 дугаар сараас Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна. Х.Нямбаатар нь улсад 20 жил, үүнээс төрийн албанд 11 жил ажилласан туршлагатай.


8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа

А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай. 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан 3 дугаар сургууль, 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат 1 дүгээр сургууль, 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж, 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль, 2015 онд  Удирдлагын академи, 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургууль төгссөн. Нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын менежментийн магистрын зэрэгтэй. 2005-2013 онд "Монгол Даатгал" ХХК-д хүний нөөцийн тэргүүлэх менежер, 2013-2016 онд Монгол Ардын намын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга, 2016-2020 онд Үндэсний статистикийн хорооны дарга, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна. А.Ариунзаяа нь улсад 16 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 5 жил ажилласан туршлагатай.


9. Барилга, хот байгуулалтын сайд Бэгзжавын Мөнхбаатар

Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай. 1992 онд Төв аймгийн арван жилийн 2 дугаар сургууль, 1996 онд Техникийн их сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет, 2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, 2006 онд Зүүн Лондонгийн Их сургууль төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 1998-2001 онд Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2001-2002 онд  Нийслэлийн Монгол Ардын Намын хороонд улс төрийн ахлах ажилтан, 2002-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч, 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд, 2016-2018 онд "Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016-2019 онд "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019-2020 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны  07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. Б.Мөнхбаатар нь улсад 19 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 12 жил ажилласан туршлагатай.


10. Боловсрол, шинжлэх ухааны сайд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан

Л.Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 51 настай. 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй. 1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд "Интерпресс" ХХК-ийн ерөнхий захирал, 1996-2012 онд "Эм Си Эс" группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, "Юнител" группын Захирлуудын зөвлөлийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан зөвлөх, 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна. Л.Энх-Амгалан нь улсад 28 жил ажилласан туршлагатай.


11. Зам, тээврийн хөгжлийн сайд Лувсангийн Халтар

Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн  Дарви суманд  төрсөн.  56 настай.  1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 1990 онд ОХУ-ын Петербург хотын Зам харилцааны их сургууль, 1998 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургууль төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Хүндэт профессор цолтой. 1983 онд "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газарт хашаа цэвэрлэгч, 1983-1985 онд мөн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч, 1990-1992 онд "УБТЗ" ХНН-ийн Төмөр замын техникумд багш, 1992-1993 онд "УБТЗ" ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга, 1993-2006 онд "УБТЗ" ХНН-ийн Тээвэр зуучийн төвийн захирал, 2006-2018 онд "УБТЗ" ХНН-ийн Удирдах газрын орлогч дарга, 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд,  2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Л.Халтар нь зам, тээврийн салбарт 33 жил, үүнээс төмөр замын салбарт 30 жил ажилласан туршлагатай.


12. Соёлын сайд Чинбатын Номин

Ч.Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай. 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль, 2003 онд  Кембриджийн коллеж, 2006 онд Зүүн Английн Их сургууль, 2018 онд Харвардын Бизнесийн сургууль төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй. 2008-2011 онд "Тэрэлж Сүйх" ХХК-ийн захирал, 2011 оноос одоог хүртэл "Монгол телевиз" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.


13. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Гэлэнгийн Ёндон

Г.Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 54 настай. 1985 онд Улаанбаатар хотын арван жилийн 75 дугаар сургууль, 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль, 2002 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургууль төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD) зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1991-1998 онд Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан, 2002-2007 онд "Монголросцветмет" ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер, 2007-2009 онд "Монголросцветмет" ХХК-д ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга, 2009-2013 онд "Монголросцветмет" ХХК-ийн "Шижир Алт" уулын үйлдвэрийн захирал, 2013-2017 онд "Монголросцветмет" ХХК-ийн "Баргилт" уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга, 2017-2018 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга, 2018-2020 онд "Монголросцветмет" ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. Г.Ёндон нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан туршлагатай.


14. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан

З.Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 42 настай. 1996 онд Ховд аймгийн арван жилийн 1 дүгээр сургууль, 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль, 2008 онд Удирдлагын академи төгссөн. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистрийн зэрэгтэй. 2001-2003 онд "Монхангай хаус" ХХК-д хэлтсийн менежер, захирал, 2003-2004 онд "Дөрвөн Уул" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004-2013 онд "Мээг" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2015 онд "Магнат Тайэрс Монголия" ХХК-ийн захирал, 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга, 2016-2019 онд Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна. З.Мэндсайхан нь улсад 19 жил, үүнээс төрийн албанд 6 жил ажилласан туршлагатай.


15. Эрчим хүчний сайд Нансалын Тавинбэх

Н.Тавинбэх нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. 1989 онд Нийслэлийн Багануур дүүргийн 64 дүгээр сургууль, 1995 онд Техникийн их сургууль, 2006 онд Удирдлагын академи, 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Удирдахуйн ухаан, эрчим хүчний магистрийн зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой. 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, инженер, Албаны дарга, 2001-2007 онд "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн ерөнхий инженер  бөгөөд дэд захирал, 2007-2013 онд гүйцэтгэх захирал, 2013-2015 онд "Багануур-Энерги" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2015-2017 онд Багануур хотын захирагч, 2017-2020 онд "Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2020 оны 07 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдаар ажиллаж байна. Н.Тавинбэх нь улсад 26 жил, үүнээс эрчим хүчний салбарт 24 жил ажилласан туршлагатай.


16. Эрүүл мэндийн сайд Сэрээжавын Энхболд

С.Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай. 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль, 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй. 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн дарга, 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна. С.Энхболд нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай.


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Огноо:

,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 7-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрүүдэд хянан хэлэлцэж шийдвэрээ танилцуулсан, улмаар шийдвэрийн тоймыг товч бэлтгэн тус шүүхийн сайтад байршуулсан.
 
Давж заалдах шатны шүүхийн хувьд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцэл болон хэргийн оролцогч нарын гаргасан нийт 36 давж заалдах гомдлуудаар прокурор, өмгөөлөгч, хохирогч байгууллагын төлөөлөгч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч зэрэг нийт 134 оролцогчийг оролцуулан хэргийг хянан хэлэлцсэн төдийгүй нийт 534 хавтаст хэргийн материалд авагдсан үйл баримтын хүрээнд талуудын гомдол, эсэргүүцэл, тайлбар зэрэгт хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрээ албан ёсоор хэвлэж, түгээхэд тодорхой хугацаа шаардагдах нь эргэлзээгүй асуудал билээ.
 
Тус шүүхээс, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг албан ёсоор бичгээр гаргаж, нийт оролцогч нарт гардуулах, улмаар олон нийтэд нээлттэй байршуулах тул хүлээцтэй, судалгаа мэдээлэлтэйгээр асуудалд хандахыг, мөн худал ташаа мэдээлэл түгээхгүй байхад анхаарахыг сонирхогч иргэн, сэтгүүлч зэрэг олон нийтэд хандан мэдэгдэж байна.
 
Зарим зарим худал ташаа мэдээлэл гарч байгаатай холбогдуулсан дараах мэдээллийг тодруулан хүргэж байна. Тухайлбал,
 
1. Анхан шатны шүүхээс цагаатгасан нийт 48 хүнээс шүүгдэгч Д.Уянга, Т.Оюунчимэг, Б.Чинзориг, Ч.Цоожсүрэн, А.Хүчитбаатар, Г.Гантогтох,Б.Амгалан, О.Батбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвгэ, Г.Одонтуул, Б.Батзаяа, Б.Цэрэндаваа, Г.Санжмятав, М.Цэлмэг, Ц.Содхүү, Н.Батбаяр, Б.Цолмон, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 27 хүнд холбогдох хэргийг цагаатгасныг хэвээр үлдээж,
харин шүүгдэгч Ц.Билгүүн, Т.Мөнхтулга, Т.Пүрэвсүрэн, С.Батзориг, Д.Бат-Очир, Ж.Үхэртар, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Оюунчимэг, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Д.Батбаяр, Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд, Н.Баярчимэг, О.Хуягцогт, О.Баяр, Д.Даваасамбуу, Б.Баттөр, Ц.Ууганбаяр, Г.Галсанням нарт холбогдох 20 хүнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, гэм буруугийн асуудлыг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийж дахин хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн байх ба мөн шүүгдэгч Б.Баттөрт /21 дэх хүн/ холбогдох худал мэдээлэл өгөх гэмт хэрэг, шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд холбогдох нийт хэргээс зөвхөн хахууль авах гэмт хэргийг тусгаарлан прокурорт буцааж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Баттөр, Ж.Бат-Эрдэнэ нарт холбогдох тухайн хэргийн хувьд хахууль өгсөн гэх өөр гэмт хэрэгтэй нэгтгэж эсхүл хахууль өгсөн гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлэсний дараа шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн учраас тусгаарласан.
 
2. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон нийт 32 хүнээс 10 шүүгдэгчид холбогдох буюу шүүгдэгч Л.Аззаяа, Б.Шинэбаатар, Ц.Баярсайхан, Х.Баттулга, Т.Болдмаа, Б.Батбаатар, Ч.Өлзий, Я.Батцэцэг, Л.Ням-Очир нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, харин шүүгдэгч Н.Сүхболд /10/-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн,
харин бусад нийт 22 шүүгдэгч болох Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан, Б.Чойжилжалбуу, Б.Даажамба, Ж.Ганхуяг, Г.Батдорж, Н.Мөнхбат, Э.Эрдэнэ, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Г.Байгалмаа, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Ё.Баатарбилэг, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж /нийт 22/ нарыг гэм буруутайд тооцсоны хүчингүй болгож, тэдэнд холбогдох бүхий л хэргийг хэрэгт авагдсан үйл баримтын хүрээнд хууль ёсны ба үндэслэл бүхий байдлаар дахин дүгнүүлж, зарим шүүгдэгч нарт холбогдох нийт хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзсэн, харин цагаатгасан шийдвэр огт гаргаагүй болно.
Үндэслэлийн талаар тодотгосон товч мэдээлэл:
Анхан шатны шүүхээс “Модун” ХХК-ний захирал Д.Батбаяр, “Комплант” ХХК-ийн захирал О.Баяр нарт холбогдох гэмт хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэнтэйгээр холбоотойгоор “Модун” ХХК, “Комплант” ХХК-иудад Хөгжлийн банкны хууль тогтоомжийг зөрчин их хэмжээний зээл олгож, давуу байдал олгосон гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шүүгдэгч Б.Батбаяр, Ч.Энхбат, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбаатар, Б.Чойжилжалбуу, Б.Будхүү, Л.Мягмаржав, Д.Дэлгэрсайхан нарт холбогдох тухайн гэмт хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэл үүссэн учраас тухайн шүүгдэгч нарт холбогдох бүх гэмт хэрэг, тэдний гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн хувьд : Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хийсвэрлэн таамаглах байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх бөгөөд шүүгдэгч Ё.Доржсумъяа, Ц.Цэвэгмэд нарт холбогдох хэргийг үндэслэлгүйгээр цагаатгасан нь Ё.Баатарбилэгт холбогдох хэргийн үйл баримт, нотолгооны стандарт, бусад асуудлыг шалгах, тогтооход зөрүү, зөрчил үүсгэжээ. Мөн анхан шатны шүүх, прокурорын хувьд хэрэгт авагдсан бүхий л үйл баримтыг шалгаагүй, хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үгүйсгэсэн, баталсан үндэслэлээ тодорхой заагаагүй, шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг орхигдуулсан гэж үзсэн учраас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Э.Эрдэнэ, Ж.Ганхуяг нарын хувьд : Шүүгдэгч Э.Эрдэнийн гэмт хэрэг үйлдэх үедээ эрхэлж байсан албан тушаалыг зөв тодорхойлон дүгнээгүй, тухайн шүүгдэгч нараас хураасан гэх гадаад валютыг төгрөгт шилжүүлээгүй буюу тооцсон баримтгүй, ямар хувь хэмжээгээр хариуцахыг таамаглах, дахин тооцох боломжгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүйг зөвтгөх үндэслэлгүй гэж үзсэн.
 
Шүүгдэгч Н.Мөнхбатын хувьд : Анхан шатны шүүхээс Н.Мөнхбатад холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Нью яармаг хаусинг прожект” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох бусад гэмт хэргийн гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Б.Даажамбын хувьд : Анхан шатны шүүхээс “Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн зарим дарга, гишүүд”-д холбогдох хэргийг бүхэлд нь хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох нийт гэмт хэрэг, гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Г.Байгалмаагийн хувьд : Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Байгалмаад холбогдох “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар” зурсан буюу хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэлгүйгээр, таамаглан байдлаар цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох нийт гэмт хэрэг, гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
 
Шүүгдэгч Г.Батдорж, Ц.Баатарбилэг, Б.Мөнхтөр, Э.Эрдэнэбилэг, Х.Бат-Эрдэнэ, Г.Цолмон, Ш.Бүтэд, П.Мягмардорж нарын хувьд : Хөгжлийн банкны зээлийн хорооны болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд холбогдох бүх гэмт хэргийг дахин хэлэлцүүлэхээр дээр дурдсан байдлаар шийдвэрлэсэн учраас Хөгжлийн банкны зээлийн хорооны болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг хатгаж болон бусад хэлбэрээр хамтран оролцсон гэх тухайн шүүгдэгч нарт холбогдох хэргийг хүчингүй болгохгүйгээр хууль зүйн дүгнэлт хийх бодит үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 3, 4, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм бурууг урьдчилан тогтоох, гэм буруутай эсэх талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэх хуулийн заалтын хүрээнд шийдвэр гаргасан болно.
 
Иймд анхан шатны шүүхээс гэм буруутай тооцсон шүүгдэгч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь тэдэнд холбогдох хэргийг цагаатгасан буюу хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэл, утга агуулга огт илэрхийлэхгүй бөгөөд Давж заалдах шатны шүүх нь аливаа хэргийг урьдчилан таамаглаж шийдвэрлэх, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх, гэм буруутайд тооцоогүй этгээдийг шууд тооцох, эсхүл эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх зэрэг эрх хэмжээг хэрэгжүүлдэггүй буюу тийм эрх хэмжээ эдлэхийг хууль, зарчмаар хориглосон болохыг тодотгон тэмдэглэж байна.
 
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.

Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.

Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

· Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр тогтлоо.

· Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо.

· Төрийн байгууллагуудыг нийслэл Улаанбаатар хотоос үе шаттай бүсчлэн байршуулах бодлогод нийцүүлэн Засгийн газрын ордон, төрийн захиргааны зарим байгууллагын ажиллах нэгдсэн байрыг Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд, зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.

· “Алтанбулаг”, “Цагааннуур” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлыг эрчимжүүлж, Засгийн газрын хуралдаанд энэ оны хоёрдугаар улиралд багтаан танилцуулахыг Барилга, хот байгуулалтын сайдад даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе21 цаг 7 минут

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 57 өргөдөл, гомдол хүлээн авав

Улстөр нийгэм21 цаг 10 минут

Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна

Цаг үе21 цаг 14 минут

Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй

Шударга мэдээ21 цаг 16 минут

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар аж...

Улстөр нийгэм21 цаг 20 минут

Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Шударга мэдээ21 цаг 23 минут

Гепатитын D вирусийн халдвартай 66 мянган хүн байна

Улстөр нийгэм21 цаг 25 минут

ЗГ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдү...

Улстөр нийгэм21 цаг 27 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе21 цаг 32 минут

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

Цаг үе21 цаг 35 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Санал болгох