Улстөр нийгэм
ШӨХТГ: НӨАТ IT ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдлоо
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр/2021.02.03/ НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл хийлээ.
НӨАТ IT ажилтан 36 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө хожоогүй нь тогтоогдлоо. Доорх чиглэлээр хяналт, шалгалт хийж, дүнг нэгтгэлээ.
Сугалааны бөмбөлөгийг гаргаж буй тоног төхөөрөмж, түүнтэй холбоотой нөхцөл байдлыг Стандарт хэмжил зүйн газартай хамтран хянасан ба зөрчил илэрсэнгүй.
И-баримтын сугалааны хонжвороос Гааль, татвар, санхүү, мэдээлэл технологийн төвийн албан хаагчид нийтлэг их дүнтэй хонжвороос хождог гэх асуудалд Цагдаагийн байгууллагаас харилцан хамаарлыг судлан шалгахад дээрхи нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тухайлбал, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажилчдаас 2018-2020 онд 47 алба хаагч, давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,830,000 төгрөгийн хонжвор хожсон бөгөөд хамгийн өндөр дүнтэй тохирол нь 4 удаагийн тохирлын нийлбэр дүнгээр 310,000 төгрөг байна.
Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 74, одоо ажиллаж байгаа 65 нийт 139 алба хаагчдын гэр бүлийн хамааралтай 961 иргэдийн судалгааг гаргаж, 10 саяаас дээш дүнтэй хонжвор таарсан, 10 буюу түүнээс дээш удаа хонжвор таарсан, 2,0 сая болон түүнээс дээш дүнгээр 2 буюу түүнээс дээш хонжвор таарсан иргэдийн мэдээлэлтэй тулгаж шалгахад өмнө ажиллаж байсан ажилтны авга эгч болох 1 иргэний 40,0 сая төгрөгийн хонжвор нэг удаа таарсан байна.
Мэдээлэл технологийн хяналтын хэрэгжилт сул байх ба аудит логийг 2020 оны 7 дугаар сараас эхлэн хадгалсан байна. Мөн түүнчлэн одоогийн мөрдөж буй Мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд шаардлагатай өөрчлөлтийг оруулж ажиллах шаардлагатай байна гэж үзлээ.
Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг холбогдох байгууллагуудад илгээж, хэрэгжилтийг хангуулах шаардлагатай гэж үзлээ.
Нэг:
- Стандарт хэмжил зүйн газарт:
Сугалаа явагдах байр, техник, сугалаа явуулах машин, тоног төхөөрөмжийн асуудлыг зохицуулсан нэгдсэн стандартыг боловсруулж, батлах
Хоёр:
- Сангийн яам, Татварын ерөнхий газарт:
Тохирлын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн чиглэлийн мэргэжлийн байгууллагаас төлөөлөл оруулах,
И-баримтын мэдээллийн системд мэдээллийн технологий аюулгүй байдлыг асуудлаар жил бүр эрсдэлийн үнэлгээ хийлгэдэг байх.
Гурав:
“Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв” улсын үйлдвэрийн газарт:
-Сугалаа явуулах тоног төхөөрөмжийг тусгай өрөө байр бэлтгэж, тодорхой хяналтын дор хадгалдаг, хэрэглэдэг байх;
- Сугалааны машиныг ажиллуулах үед дурын хүн хүссэн үедээ асаах, ашиглах боломжгүйгээр баталгаажуулах түлхүүр хэрэглэх;
-Сугалаа явагдахын өмнө тестэр хийж буй камерын хяналт хийж, баталгаажуулж бичлэгийг хадгалах;
- Сугалааны тохирол болох өдрийн өмнөх өдөр баталгаажсан баримтуудыг CD дээр бичихдээ эзэмшигчийн овог, нэр, регистрийн дугаарыг оруулж, хувийг архивын нэгж үүсгэн байнга хадгалах;
-Тухайн сарын тохиролд оролцох баталгаажсан сугалаануудыг ялгаж аван query уншуулан үр дүнг export хийн, CD-нд шарж бэлдэх, шууд эфирт сугалааны машинаас гарсан бөмбөлөгний дугаарт тохирсон азтаны тоог гаргахад ашиглах зөөврийн компьютерт Export хийсэн file-г хуулан бэлтгэх үйл ажиллагааг хөндлөнгийн хяналтын зөвлөлөөр хянуулдаг байх, хяналтын зөвлөлд хянуулж буй ажиллагааг бичлэгээр баталгаажуулж, хадгалдаг байх;
-Хэвлэгдсэн баримтыг гараар уншуулж, баталгаажуулж буй иргэдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагад уламжлан, шалгаж шийдвэрлүүлж, үр дүнг иргэдэд мэдээллэдэг байх.
-Хонжворт сугалаа зохион байгуулах бүрт сугалаанд оролцох баталгаажсан баримтыг иргэдийн регисрийн дугаарын хамт хуулбарлан нэг хувийг байнга хадгалах архивын нэгж бүрдүүлэх, байгууллагын нэгдсэн дугаар бүхий лацаар битүүмжлэх;
-Мэдээллийн аюулгүй байдлын дотоод журамд өөрчлөлт оруулах Тухайлбал журмын 5.4.3-т Лог, мэдээллийг 6 сар тутам нөөцөлж 2 жилийн дараа захирал, системийн зохицуулагч, албаны менежертэй зөвшилцсөний үндсэн дээр хариуцсан мэргэжилтэн акт үйлдэж устгана гэснийг мэдээллийн технологийн аудит хийх эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар хяналт хийлгэсний дараагаар устгах гэж нэмэлт заалт оруулах
-Жил бүр мэдээллийн технологийн аудит хийх эрх бүхий хөндлөнгийн байгууллагаар хяналт хийлгэх
-ISO/IEC 27001:2013 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх
-Сугалаа явагдаж дуусах мөчтэй зэрэгцэн хонжворын ялагчид нэн даруй мэдэгдэл хүрдэг байхаар зохион байгуулалт, техникийн боломжийг бүрдүүлэх.
-Аудит логийг ажиллуулах эрх бүхий системийн ахлах буюу админ хонжворт сугалаа явагдсанаас хонжворын эзэнд мэдэгдэл хүрэх хугацаанд өгөгдлийн сангийн баримтын мэдээлэлд өөрчлөлт оруулсан эсэхийг хянаж, үр дүнг тухай бүр хадгалдаг байх.
-Иргэдийн хүсэлтээр баримтын мэдээлэлд өөрчлөлт, засвар орсон тохиолдолд үндэслэл нотломжийг архивын нэгж бүрдүүлэн, журамд нийцүүлэн хадгалалтын хугацааг тогтоох, энэ тухай байгууллагын дотоод журамд өөрчлөлт оруулан тусгах албан шаардлага хүргүүлнэ.
Эх сурвалж: ШӨХТГ
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.
Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.
Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.
Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.
Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.
Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.
Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.
Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.
Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.
Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.
ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.
Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.
Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.
“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.
Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.
Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.
Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.
Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.
