Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Х.Баттулга: “Салхитын алт, мөнгөний орд”-ын үр шимийг ахмадуудад хүртээсэн жишгээр цаашид 21 аймаг дахь бусад ордод түшиглэн иргэдийн амьдралыг өөд татах боломж бий

Огноо:

,

Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн “Салхитын алт, мөнгөний орд”-ыг 2043 он, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг 2018 онд цуцалж, төрийн мэдэлд шилжүүлсэн билээ. Улмаар 2019 онд тус ордод хайгуул хийх, ашиглах тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтгүйгээр олборлолтын үйл ажиллагааг нь эхлүүлсэн байдаг.

Ийнхүү “Салхитын алт, мөнгөний орд”-ыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар тэтгэврийн зээлтэй өндөр настнуудын тэтгэврийн зээлийг нэг удаа чөлөөлсөн нь Монгол Улс түүхэндээ анх удаа байгалийн баялгийн үр өгөөжийг ард иргэдэд шууд хэлбэрээр хүртээсэн сайн жишиг болсон юм.

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК ирэх Даваа гарагт /2021.02.08/ 105 тэрбум төгрөг буюу 37 сая ам.долларыг Монголбанканд тушааж, тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг олгох ажлыг эхлүүлнэ хэмээн “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад танилцууллаа. Өөрөөр хэлбэл 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан нийт 210 орчим тэрбум төгрөгийг олгох юм.

 “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулна

“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК нь төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилтынхоо хүрээнд “Салхитын алт, мөнгөний орд”-д зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүдийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулж, шууд болон шууд бусаар 1,000 орчим өрхийн орлогын баталгааг хангаж байна.

Мөн тус ордын тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан компаниас үлдсэн, жилд 300 мянган тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай үйлдвэрт монгол инженерүүд 80 хувийн сэргээн засварлалт хийжээ. Улмаар дээрх үйлдвэрээс хоёр дахин өндөр хүчин чадал бүхий “Хүдэр баяжуулах үйлдвэр-II”-ийг энэ оны тавдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Салхитын алт, мөнгөний орд” нь монголчууд өөрсдөө менежмент хийж, улмаар байгалийн баялгийн үр шимийг иргэдэд хүртээсэн амжилттай туршлага болсон бөгөөд цаашид 21 аймагт байгаа орд газар, байгалийн баялгийг энэ жишгээр ашиглан, монголын ард түмэн үр өгөөжийг хүртэх боломж их байгааг монгол инженерүүд хэлж байлаа.

“Монгол хүн мэргэжлийн түвшинд ажил хийж болдог, хөдөлмөрлөж чаддагийг энэ төсөл харуулж байна”

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Салхитын алт, мөнгөний орд”-ын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ,

“Салхитын алт, мөнгөний орд”-ын асуудлаар маш их маргаантай асуудлууд гарсан ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэж чадсан. Түүнээс хойш энэ орд үндсэндээ нэг жил орчмын хугацаанд хөдөлгөөнгүй байсан. Харин 2020 оны эхээр ордын үйл ажиллагаа монгол инженер, монгол ажилтнуудын хүчээр зогсолтгүй үргэлжилж байна. Би анх удаа энд ирж, үйл ажиллагаатай нь танилцаж байна.

Монгол Улс байгалийн баялгаа анх удаа иргэддээ, ахмад настнууддаа хүртээж, зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлтэй байсан ахмадуудын өрийг дарсан. Тухайн үед зээлгүй байсан ахмадуудад энэ оны таван сард багтаан нэг сая төгрөгийг олгох болно. Энэ төсөл нийт таван жилийн хугацаанд үргэлжилнэ. Ирэх Даваа гарагаас Монголбанканд мөнгөө тушааж эхлэх юм байна. Монголбанк үүнд зориулсан данс нээж, уул уурхайн салбартай хамтраад ажиллах хэрэгтэй.

Дараагийн анхаарах зүйл бол энэхүү уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, ордоос олох орлого, бүтээгдэхүүнийг өсгөх ажил юм. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг энэ уурхайд түшиглэн амжилттай хэрэгжүүлсэн учраас цаашид энэ жишигт тулгуурлан байгалийн баялгийн үр шимийг ард түмэн хүртэх боломжтойг харууллаа. Нэг ийм жижиг ордыг нийт ахмадууддаа зориулж, өр зээлийг нь тэглэж болж байгаа нь цаашид бусад ордыг энэ жишгээр ашиглаж, ард иргэдээ дэмжих боломжтойг харууллаа.

Монгол орон бол газрын доорх байгалийн баялаг ихтэй орон. Гэвч манай улсын байгалийн баялгийг ихэвчлэн гадны компаниуд, лицензтэй эрх бүхий хүмүүс, намын төлөөлөл ашигладаг биш, харин монголын мэргэжилтнүүд ирж ажиллаад, гурван сая монголчууддаа хишгийг нь хүртээдэг, ямар нэгэн байдлаар иргэдийнхээ амьдралыг дэмжих ажлыг хийх ёстой.

Аймаг бүрт жижиг, том хэмжээний уурхай байдаг. 21 аймагт төсвийг царай алдахгүйгээр жижиг уурхайнууддаа өөрсдөө менежмент хийж, зээл авахгүйгээр мөнгөө босгоод, яг ийм жишгээр ажиллах боломж байна. Энийг л эрх баригчид ойлгоод, улс орондоо хэрэгтэй ийм ажилд сэтгэл зүрхээ зориулбал улс орон хөгжинө. Ийм жишиг байна гэдгийг “Салхитын алт, мөнгөний орд” харуулж чадлаа.

Цаашлаад “Хармагтайн орд” энэ жишгээр ажиллаж болно. Тус ордын техник, эдийн засгийн үндэслэл нь гуравдугаар сарын дундуур бэлэн болох байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам нь энэ ажлыг хурдан шийдээд ажиллах байх гэж найдаж байна.

Жишээ нь Сэлэнгэ аймагт байршилтай “Бороо гоулд” алтны уурхайг бид мэднэ. Энэ бол үндсэн орд. Монгол залуучууд, монгол инженерүүд энэ ордыг технологийнх нь дагуу ажиллуулж чадаагүй. Канадууд орж ирсэн, харин монголчуудад ухсан нүх л үлдсэн, алт нь Монголдоо тушаагдаагүй.

Одоо “Хармагтайн орд”-ыг яг “Салхитын алт, мөнгөний орд” шиг монголчууд өөрсдөө үндсэн ордод нь олборлолт хийж, ашиглаж болдог, үр өгөөж нь Монголдоо үлддэг, ард түмэндээ хүртээдэг энэ жишгээр ажил нь яваасай гэж хүсэж байна” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргана

Огноо:

,

Ойн хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг сонгох, хугацааг тодорхойлох зорилготой судалгаагаар шилмүүст ойн сан бүхий 16 аймгийн 109 сум, Богд хан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн ТХГ, Улаанбаатар хотын бүсийн ойн санд навч шилмүүсний хөнөөлт шавж болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шинэсний шилмүүс хуйлагч эрвээхэй гэсэн хоёр зүйлийн шавж 732.7 мян.га талбайд голомт үүсгэсэн болохыг тодорхойлжээ.

Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажилд хөрөнгө гаргахаар 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Дээрх хоёр зүйлийн хөнөөлт шавж нь хөгжлийн хүрэнцрийн үе шатандаа шинэс модны шилмүүсээр хооллон хөнөөл учруулдаг бөгөөд хүрэнцрийн тоо толгойн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг агаарын хөлөг болон үүргийн шүршигч багаж ашиглан микробиологи, химийн аргаар ирэх долдугаар сарын 10-ныг хүртэл явуулах юм байна.

Мөн хуралдаанаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Өмнөговь аймгийн Сэврэй, Цогт-Овоо сумдад сум дундын ойн ангийг шинээр байгуулахаар шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улаанбаатарыг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот болгохоор зорьж байна

Огноо:

,

Ногоон байгууламж нь хүртээмжтэй, иргэд байгальтайгаа ойр байх нь стрессийг багасгаж, хүний оюун санаа, бие бялдар гээд нийгэмд төрөл бүрийн ашиг тустай болохыг тогтоосон судалгаа олон бий. Сүүлийн жилүүдэд төр, аж ахуйн нэгж, иргэд ногоон байгууламжийн ашиг тусыг ойлгож, амьдралын чанараа сайжруулахад анхаарч эхлээд байна.

Орчин үед дэлхийн олон хот ногоон байгууламж, хүрээлэн байгаа орчныг сайжруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хотын гадаад үзэмжийг сайжруулах, иргэдийн аялж зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг өвөрлөх болсон. Энэ жишгээр Улаанбаатар хот ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах орчныг бий болгосоор байна.

Улаанбаатар хотын томоохон цэцэрлэгт хүрээлэнгүүд

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн

-Үндэсний соёл, амралтын хүрээлэн

-Мишээл цэцэрлэгт хүрээлэн

-Олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэн

-Монгол, Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн

-Гүнжийн нуур цэцэрлэгт хүрээлэн

-Чингэлтэй цэцэрлэгт хүрээлэн

-Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу уулын энгэрт барьж буй цэцэрлэгт хүрээлэн гэх мэтчилэн ногоон байгууламж бүхий  цэцэрлэгт хүрээлэнгийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байгаа юм. Тийм учраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ жил 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Энэ ажил эрчимтэй өрнөж байна. Энэ талаар Хотын дарга хэлэхдээ:

-Дэлхийн томоохон хотуудад ногоон байгууламжийн эзлэх хувь өндөр байдаг. 50:50, 60:40 гэсэн харьцаатай ногоон байгууламжтай хотыг бий болгодог стандартыг тэд мөрддөг. Манай улсын хувьд 70:30 харьцаатай зохицуулалт үйлчилж байснаас болж өнөөдөр Улаанбаатар хотын ногоон байгууламжийн харьцаа, орон зайн төлөвлөлт, иргэдийн ая тух алдагдсаар ирсэн. Тэгэхээр бид хуулийн зохицуулалтаа бий болгох хэрэгтэй байна. Хотын бүтээн байгуулалтын 60 хувь нь ногоон байгууламж, 40 хувь нь барилга байгууламж байхаар хуульчилж, Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнчлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн, Туул, Сэлбэ голын сав газруудыг ногоон байгууламж байдлаар нь ашиглах, иргэдэд аюулгүй байхад анхаарч байгаа. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд зүлэг тарьж ургуулах гэхчлэн ажлуудыг хот хийж байна. Швед Улсын туршлагаар зүлэг   суулган, тарьж ургуулж эхлээд байна. Зүлэг болоод ногоон байгууламжийг тарьж ургуулах нь нарийн мэргэжлийн ажил. Тиймээс мэргэжилтнүүдийн хүчээр модлог, бутлаг ургамал, зүлэг тарьж эхэлсэн. Байгалийн зүлэг нэлээд сийрэг, амархан халцарч мууддаг бол Швед үрээр тарьж буй зүлэг натурал бөгөөд хүний хөлд амархан талхлагддаггүй онцлогтой гэсэн юм.

Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж буй газрын нэг бол Богдхан уулын бэл дэх Дугуй цагаан орчмын бүс. Энэ газрыг “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнтэй хамтран тохижуулах юм. Тус хөдөлгөөний залуус долоо хоногийн турш иргэдээс судалгаа, санал авч, түүндээ үндэслэн зураг төслийг гаргажээ. Дархан цаазат газрын угтах хэсэгт харуулын байр, нийтийн ариун цэврийн өрөө, гудамжны хоолоор үйлчлэх боломжтой талбай гээд томоохон тохижилтыг хийх бөгөөд наймдугаар сардаа багтаан дуусгахаар ажиллаж байна.

ДУГУЙ ЦАГААН ОРЧМЫГ БАЙГАЛИЙН МАТЕРИАЛААР ТОХИЖУУЛНА

Архитектор Б.Батсайхан:

-Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулах ажлыг хийж байна. Дархан цаазат газрыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан онгон, хамгаалалтын, хязгаарлалтын бүс гэж хуваадаг. Онгон бүсэд ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Харин хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд хууль зөрчихгүйгээр үйл ажиллагаа явуулж болдог. Ер нь бол тусгай хамгаалалттай газрын тохижилт хот, хотхон  доторх тохижилтоос ялгаатай. Хотын даргын зүгээс Дархан цаазат газрын тохижилтын талаарх саналыг иргэдээс авах, залуусын хүч хөдөлмөрөөр хийх  санал гаргаж, бид энэ дагуу ажиллаж байна. Дугуй цагаан орчмын тохижилтод АНУ, Австрали зэрэг орны тусгай хамгаалалттай газрын концепцийг  барих юм уу, эсвэл Зүүн Өмнөд Ази чиглэлийн концепцийг  барих уу, өөрийнхөө улсын хуулийн дагуу тохижуулах уу гэхчлэн шийдэх асуудал олон байсан. Хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулах нь зүйтэй гэдэгтэй санал нэгдсэн. Амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг хүмүүс их хөнддөг. Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Цаашдаа Туул гол дагасан таван байршилд байгуулах цэцэрлэгт хүрээлэнд бол хүүхдийн тоглоомын талбайгаас эхлээд хэрэгцээт тохижилтыг хийх боломжтой гэсэн юм.

НОГООН БАЙГУУЛАМЖ НЭМЭГДҮҮЛЭХ САНААЧИЛГЫГ ДЭМЖИЖ БУЙ ИРГЭДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Төрөлх хотоо өнгө үзэмжтэй болгон тохижуулж, дэлхийн хотуудын жишгээр хөгжүүлж, амьдрах орчноо сайжруулахад залуучууд, иргэний нийгмийн байгууллагууд төрийн үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах шинэ хандлага дэлгэрч байна. Залуучууд бүтээн байгуулалтуудыг шүүмжилж, үгүйсгэх гэхээсээ илүүтэй засаж залруулж, хамтран бий болгож байгаа нь Монголын ирээдүй гэрэлтэй байгаагийн илрэл билээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж байгуулах ажилд иргэний нийгмийн байгууллагууд хамтарч ажиллах, залуучуудын оролцоо нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Нийслэл амарч, зугаалах орчин бүхий ногоон байгууламжийг бий болгоход иргэний нийгмийн байгууллагууд дэмжиж оролцож байна уу?

-Улаанбаатар хот залуучууд, иргэдийн оролцоог хангасан хот байх ёстой гэж бодож байна. Хотын бүтээн байгуулалтад иргэдийн саналыг авах, залуучууд, иргэдийн оролцоог хангах хүрээнд уралдаан зарлах, хотын гаргасан санаачилгыг иргэдийн саналтай нэгтгэх зэргээр нээлттэй ажиллаж байгаа. Залуучууд их идэвхтэй байна. Жишээлбэл, “Creative 100” гэх залуучуудын хөдөлгөөн Дугуй цагаан орчимд байгальд ээлтэй, байгалийн өөрийнх нь давуу талыг ашиглан, тогтоцтой нь уялдуулан тохижилт хийхээр ажиллаж байгаа юм. Иргэд, залуучууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад оролцоод, өөрсдийн хийсэн зүйлийг үзээд, бидний бүтээсэн хот гэж харна шүү дээ. Иймд тэдний оролцоог хангах нь их чухал.

-Энэ жил хашаа, хайс буулгах ажил эрчимтэй үргэлжилж байна. Хашаа, хайс буулгаснаар нийтийн эзэмшил талбай цэлийж, үнэхээр сайхан болж байна. Үзэгдэх орчин гэдэг ямар чухал байсан нь хүмүүсийн сэтгэгдлээс харагдсан. Энэ тал дээр та өөрөө ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Үзэгдэх орчин сайжирч, сайхан тохижуулсан ногоон байгууламж харж байвал хүний сэтгэл санаа ч уужирна. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжтай хот байлгахын төлөө ажиллаж байна. Хотын соёлтой иргэн байх, хотын өнгө үзэмжийг сайжруулах тал дээр иргэд өөрсдөө ч мөн ихэд анхаарч байгаа юм. Явган хүний замыг өргөсгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд явах боломжтой болгож, стандартад нийцүүлэн засах ажилд хувь нэмэр оруулахын дээр санаачилгаараа хашаа, хайсаа буулган, талбай чөлөөлж өгч байгаа ухамсартай иргэд, аж ахуй нэгж олон байна. Нийслэлийн өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх санаачилгыг дэмжиж байгаа тэдгээр хүмүүст талархах ёстой.

Улаанбаатар хот өмнөх алдаагаа засах, цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ боломжийг Улсын Их Хурал, Засгийн Газраас сайтар дэмжиж, эрх зүйн бие даасан байдлаар хангаж өгч байна. Улаанбаатар хот орлого, санхүүгээ төвлөрүүлэн, зарцуулах эрх албажсанаар иргэдийг бухимдуулж буй олон асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх хөрөнгийн эх үүсвэр баталгаажиж, иргэд үүний үр шимийг хүртэх боломжтой болсон. Энэ утгаараа Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол иргэдийн ая тухтай байдлыг хангах, бүтээн байгуулалтыг дэмжих тал дээр урьд өмнө нь байгаагүй түүхэн шийдвэр юм. Тиймээс хотын иргэд маань ч мөн бидний ажлыг цаашдаа үргэлжлүүлэн дэмжсээр байхыг хүсэж байна. Иргэдийн зүгээс тохижилт, ногоон байгууламжтай холбоотой олон хүсэлт, санал санаачилга гаргаж байгаа. Үүнийг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ.

Жишээлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд сүүлийн 63 жил их засвар хийгээгүй байгаа юм билээ. Баяр наадам гурван өдөр л болно, харин иргэд 40,50 жил тэр газарт амьдарна шүү дээ. Иймд зөвхөн Үндэсний их баяр наадамд бэлдэж бус, тэр орчмын иргэдийн ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд их засвар, тохижилт хийж байна гэсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

Огноо:

,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа.

Дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хийж эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлээд байсан юм.

УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан бөгөөд нийт гишүүдийн олонх дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг дэмжсэнгүй. Тиймээс уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд буцааж, дахин боловсруулах чиглэл өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталснаар үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмаа зөрчилгүйгээр зохион байгуулах боломж бүрдэж буйг дурдаад, энэ чиглэлээр холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч, баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэн  ажиллахыг уриалав.

Мөн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, эцэслэн баталсан хуулиудын эцсийн найруулгыг сонссоноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох