Шударга мэдээ
Нийслэлийн ЕБС-иудад “Багшийн ёс зүйн дүрэм” самбар байршуулав

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээ зөрчигдөх, багшийн нэр хүндийг хамгаалахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг хийлгэн Нийслэлийн Боловсролын газартай хамтран төрийн өмчийн 148, төрийн бус 127, нийт 275 сургуульд авлигын эсрэг бусад мэдээлэл, сурталчилгааны хуудасны хамт байршуулав.
Ажил үүргээ гүйцэтгэсний төлөө хэн нэгнээс шан харамж авах, сурагч эцэг эхчүүдэд хүндэтгэлгүй хандах, ялгаварлан гадуурхах, зөвшөөрөлгүйгээр ном сурах бичиг худалдан борлуулахыг таслан зогсоох зэргээр боловсролын салбар дахь авлигын асуудлыг багшийн ёс зүйн төлөвшлөөс эхлүүлэх нь үр дүнтэй юм.
“Багшийн ёс зүйн дүрэм” самбарыг улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгүүдэд түгээн байршуулж, авлигын эсрэг мэдээлэл, сурталчилгааг боловсролын анхан шатны салбар нэгжүүдэд хүргэхээр төлөвлөж байна.

Шударга мэдээ
Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх санаачилга гаргажээ.
Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэхүү булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн ундны усны хангамжид ашиглагдсаар ирсэн юм. “Орон нутгийн тусгай хамгаалалтад авснаар судалгаа, шинжилгээний зориулалтаас бусад барилга байгууламж барих, үйлдвэрлэлийн зориулалтаар газар ухах, тэслэх, ашигт малтмал хайх, олборлох, худаг гаргах, цооног өрөмдөх, зэрлэг амьтан агнах, барих, байгалийн унаган төрхийг өөрчлөх, бохирдуулах аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Нийслэлийн орон нутгийн хамгаалалтад авагдсан газруудад цаашид экологийн чухал ач холбогдолтой газруудыг тодорхойлж үнэлэн, судалгаа хийх, хамгаалалтын менежмент нэвтрүүлэх, явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах, мониторинг судалгааны цэгүүд байршуулна” гэж Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван онцоллоо.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгчид санал хэлсэн юм. Төлөөлөгч Б.Нэргүй “Орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрыг зориулалтын бусаар ашигладаг тохиолдлууд байдаг. Бид ирээдүй хойч үедээ экосистемийг үлдээх ёстой. Тэгэхээр орон нутгийн тусгай хамгаалалттай газрын ашиглалт хамгаалалтыг ахисан шатанд гарна гэж ойлгоод дэмжиж байна” гэлээ.
Харин төлөөлөгч Л.Отгонбаатар “Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч байгаа нь сайн боловч нөгөө талдаа суурьшлын бүс бий. Айлууд бүгд нүхэн жорлонтой. Өнөөдөр рашаан цэвэрхэн байгаа ч ирээдүйд рашааны эхэнд байршсан айлуудын нүхэн жорлонгийн бохирдол хөрс рүү нэвтэрч бохирдох эрсдэлтэй. Цаасан дээр хамгаалалтад авахаас илүү ирээдүйд учрах эрсдэлээс сэргийлж бодлого шийдэл, төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой” гэв. Уг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авахыг төлөөлөгчид дэмжлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ
Шударга мэдээ
БНСУ-д захиалгаар хийлгэсэн 200 гаруй харааны шилийг эздэд нь өгөхөд бэлэн болжээ
Монгол цэргийн нэгдсэн холбоо, БНСУ-ын Нүдний шилний нийгэмлэгтэй хамтран төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахмадуудыг үнэ төлбөргүйгээр хараа зүйн оношилгоонд хамруулах, шаардлагатай тохиолдолд харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэж гардуулах “Тунгалаг мэлмий” сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ.
Тодруулбал, тус хүмүүнлэгийн ажиллагааны хүрээнд 2022 онд 3000 гаруй ахмадад үйлчилгээ үзүүлж, харааны болон нарны хамгаалалтын шил олгосон юм.
Тэгвэл энэ жил “Тунгалаг мэлмий” хүмүүнлэгийн ажиллагаа хүрээгээ тэлж, Улаанбаатар хот болон Хөвсгөл, Орхон аймагт зохион байгуулагдсан бөгөөд хараа зүйн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээний хүрээнд 200 гаруй ахмадын захиалсан харааны шилийг БНСУ-д захиалгаар хийлгэн, Монгол Улсад авчрах тээврийн зардлыг нь Монгол цэргийн нэгдсэн холбооноос хариуцан Солонгосын талаас хүлээн авч, олон улсын ахмадын баяраар ахмадууддаа гардуулахад бэлэн болжээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө
Автобусны хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын хүлээгдлийн хугацааг багасгах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулаад байна.
Тодруулбал, Наадамчдын зам буюу Нисэх, Яармагийн чиглэлд явдаг
- Ч:7 "Нисэх – МУБИС - Ард кино театр"
- Ч:9 "Нисэх - Нарны гүүр - Хүнсний 4-р дэлгүүр"
- Ч:77 "Нисэх – Яармаг - 120 мянгат" чиглэлүүд өнөөдөр буюу есдүгээр сарын 19-нөөс эхлэн 06:00 цагт үйлчилгээнд гардаг боллоо. Тус чиглэлүүдэд нийтийн тээврийн 42 хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
-
Шударга мэдээ2023/08/28
Зөөврийн компьютерын үнэгүй сервисийн өдөрлөг боллоо
-
Улстөр нийгэм2020/10/09
Ерөнхийлөгч Х. Баттулга Өмнөговь аймгийн иргэдтэй уулзлаа
-
Цаг үе2021/02/08
Тавантолгой түлшийн үйлдвэрийг зүүн бүс дэх сайжруулсан түлшний үйлдвэр рүү нүүл...
-
Үзэл бодол2022/05/20
Х.Гантулга: 2017 онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого 60 гаруй хувиар буур...
Сэтгэгдэл