Улстөр нийгэм
Л.Оюун-Эрдэнэ: Энэ сарын 23-наас бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт эхлэхээр төлөвлөсөн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Цагдаагийн ерөнхий газар, Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа. Эмнэлэг дэх PCR шинжилгээний лаборатори хоногт 6000 сорьцод шинжилгээ хийх хүчин чадалтай. Нэг хүний шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргаж хариу мэдэгддэг байна.
Цагдаагийн ерөнхий газрын удирдлагуудын танилцуулснаар нийслэл хотод зорчих хөдөлгөөнийг 98 хувь хязгаарласан. Ажлаа хэвийн явуулахыг зөвшөөрсөн нэр бүхий 14 байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдын 9000 орчим автомашин л хөдөлгөөнд оролцож байна. Иргэдтэй харьцах харилцаандаа анхаарахыг алба хаагч нартаа сануулахыг Ерөнхий сайд удирдлагуудад нь үүрэг болголоо.
Нэг хаалга-Нэг шинжилгээ:
Энэ сарын 11-нд 46,202, өнөөдөр буюу 12-нд 35805 өрхөд шинжилгээ хийхэд хоёр хүнээс батлагдсан тохиолдол илэрсэн учир тандалт хийж байна. Энэ хурдаар шинжилгээ авна гэж тооцоход зургаан өдөрт дуусгах боломжтой ч лабораториуд хоногт 40 мянган сорьц баталгаажуулах хүчин чадалтай юм. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихийн өмнөх хоёр өдөр төрийн байгууллагын 62 мянга гаруй албан хаагчид PCR шинжилгээ хийхэд эерэг тохиолдол гараагүй байна.
Улсын онцгой комиссын шуурхай штаб:
Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаярын мэдээллээс үзвэл улсын хэмжээнд 1780 хүн тусгаарлах байранд байна. 11 зочид буудалд 826 орны бэлэн нөөцтэй. Ирэх сард гурван удаагийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 498 ор бэлджээ. Цаашид тусгаарлах байрны зориулалтаар ашиглах боломжтой зочид буудлуудыг судалж байна.
Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж байгаа иргэдэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ. Тэрээр энэ сарын 23 буюу хатуу хөл хориог цуцалсны дараа бизнесийн салбаруудаа нээж, вакцинжуулалт хийж эхлэхээр төлөвлөснийг хэлэв. "Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой" гэв. Үүнтэй зэрэгцэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлж эхлэхээ тодотгов.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
