Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ө.Гантөр: Төрийн банк ЖДҮ болон орон сууцны ипотекийн зээл олголт дээр манлайлан ажиллана

Огноо:

,

Төрийн банк Засгийн газрын “ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд хэрхэн хамтарч ажиллах талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөртэй ярилцлаа.

- Саяхан Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс банкуудтай хэрхэн хамтран ажиллах болсон талаар товч танилцуулаач.

- Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж манлайлан ажилладаг. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ны хүрээнд Ажлын байрыг дэмжих зорилгоор Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй гурван их наяд төгрөгийн санхүүжилттэй зээл, Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжихэд хоёр их наяд төгрөг, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөгийн зээл, Монголбанкны нэг их наяд төгрөгийн репо санхүүжилтийн зээлийг хоёр их наяд төгрөг байхаар тусгасан байна. Эдгээр зээлийн тодорхой хэсэг Төрийн банкаар дамжих юм. Манай банкны хувьд орон даяар салбар нэгжтэй, дэд бүтэц сайтай учраас Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл гарахгүй.

Иймд бид Бизнес төлөвлөгөөндөө тодорхой өөрчлөлтүүдийг оруулж, Жижиг дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, дундаж давхаргыг бий болгоход чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх “Үндэсний банк” байх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Зорилтынхоо хүрээнд дээрх зээлүүдийг түргэн шуурхай, хүртээмжтэй олгох, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээнд зориулсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг мөн хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

- Та сая дээрх зээлүүдтэй уялдсан бусад санхүүгийн үйлчилгээнүүдийг хөгжүүлнэ гэлээ. Энэ талаараа дэлгэрүүлж ярих боломжтой юу?

- Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь иргэдийн амьжиргааг нэмэгдүүлдэг, ажлын байр бий болгодог чухал салбар. ХХААХҮЯ-наас гаргасан судалгаагаар улсын хэмжээнд 62,263 жижиг, дунд аж ахуйн нэгж ажиллаж байна.  Эндээс харвал энэ салбарт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нарыг санхүүгийн болон бизнесийн сургалтад хамруулж, үйл ажиллагаанд нь зөвлөгөө өгч, бойжуулж байх хэрэгцээ шаардлага харагдаж байгаа юм. Иймд бид зөвхөн зээл олгоод зогсохгүй санхүүгийн болоод гинжин сүлжээг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн сүүлийн үед эрчтэй хөгжиж буй технологийн компаниудыг дэмжин хамтран ажиллах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

Хоёрдугаарт Улаанбаатар хотод 217 мянган өрх орон сууцны нөхцөлөө сайжруулах хүсэлтэй байна гэсэн судалгааг Үндэсний Статистикийн хорооноос гаргасан байдаг. Эдгээр өрхүүдийн хэрэгцээнд тохирсон зээлийг олгох шаардлагатай. Үүний  нөгөө талд барилгын компаниудыг дэмжих шаардлагатай. Ингэж байж цогц хөтөлбөр болох юм. Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр улсын хэмжээнд барилгын салбарт 6740 аж ахуйн нэгж үйл явуулж байна.

Гуравдугаарт Төрийн банк бол орон даяар үйл ажиллагаа явуулдаг гэж би дээр хэлсэн. Энэ утгаараа  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихэд хүчин чармайлт гарган ажилладаг. Монгол улсын хэмжээнд 344 мянган малчин өрх байна. Мөн тариаланчид байна. Эдгээр иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн шаардлагатай. Бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна. Нэг үгээр хэлбэл ажлын байр бий болгогч баялаг бүтээгчдээ Засгийн газраас дэмжин ажиллана гэдгийг мэдэгдсэн Төрийн банк ч энэ тал дээр идэвх санаачлага гарган цар тахлын үед баялаг бүтээгчдээ дэмжин ажиллана гэсэн үг.

- Цар тахлаас шалтгаалан үргэлжилсэн хөл хорионы дараа эдийн засгаа сэргээхэд тун хэрэгтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Хөл хорионы үед банкны салбарууд хаалгүй ажилласан. Төрийн банкны хувьд хэрхэн ажиллав?

- Хэдийгээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон ч төлбөр тооцоо нэг хором ч зогсож болохгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгийг цаг тухайд нь олгохгүй бол иргэдийн амьжиргаа тасалдах эрсдэлтэй.
Иймд Төрийн банк бүх салбар нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллаж, тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө авдаг 100,647 харилцагчид банкны төлбөрийн карт үнэ төлбөргүй олгосон. Үүний хажуугаар цахим банкны үйлчилгээ буюу Гялсбанканд онлайнаар бүртгүүлэх боломжийг харилцагчиддаа нээж өгсөн.

Сар шинийн баяраар зохион байгуулдаг “Хүндэтгэлийн аян”-хаа хүрээнд амьжиргааны түвшин доогуур 600 ахмадад дэмжлэг үзүүлэн ажилласнаас гадна Гялсбанк үйлчилгээнийхээ жилийн хураамжийг чөлөөлж, харилцагчиддаа онлайнаар золгох уриалгыг явууллаа. Арваннэгдүгээр сарын 11-нд хатуу хөл хорио тогтоосноос хойш Төрийн банк ажилтнууд болон иргэдээ эрсдлээс хамгаалан ажиллаж ирсэн. Халамж тэтгэвэр тараах үеэр манай баг хамт олон халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллаж иргэдэд халамжийг 100 хувь тарааж чадсан байдаг. Шүүмжлэх хүн олон байсан ч сайшаасан нь бүр олон бий.

- Энэ цаг үед иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаад байгаа асуудлын нэг нь зээлийн хүү болоод байна. Танай банк зээл хойшлуулалт болон зээлийн хүү бууруулах тал дээр ямар бодлоготой байгаа вэ?

- Төрийн банкны хувьд зээлийн хүүг үе шаттай бууруулан ажиллаж байгаа. Бид өнгөрөгч онд 11 төрлийн зээлийн жилийн хүүг 1.2-4.8 хувиар бууруулсан бол Сар шинийн өмнөхөн дахин 13 нэр төрлийн зээлийнхээ хүүг 1.2-4.8 хувиар буурууллаа. Үүнд харилцагчдын хамгийн их авдаг зээлүүд болох цалин, малчны, орон сууцны, бизнесийн зээлүүд багтаж байгаа юм. Мөн өнгөрөгч онд Цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон 46,316 харилцагчийн 663.44 тэрбум төгрөгийн зээлийг шимтгэл болон нэмэгдүүлсэн хүүний тодорхой хэсгээс чөлөөлсөн байна.

- Иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш чухал шаардлагатай ажлуудыг хийж байгаа юм байна. Сая 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Улсын Их хурлын намрын ээлжит чуулганаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа. Энэ хүрээнд Төрийн банк IPO хийх үү?

- Энэхүү хуулийн дагуу системийн нөлөө бүхий таван банк 2022 оны  зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй. Иймд Төрийн банк нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах үүрэгтэй бөгөөд хуулийг дэмжин хүлээн авч, бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна. Ингэснээр иргэд, хуулийн этгээдүүд Төрийн банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болох юм. 

- Ярилцсанд баярлалаа,
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших

Санал болгох