Урлаг спорт
Олон Улсын энхийг сахиулагчдын тэмцээнд тэргүүн байр эзэллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019” олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа.
Тус тэмцээн нь 1972 оноос хойш Олон Улсын энхийг сахиулагчдын дунд тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 40-45 хэмийн халуунд 10 кг ачаатай 25 км замыг туулдаг, тамирчдаас хурд хүч, тэсвэр хатуужлыг шаарддаг байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 37 орны 352 тамирчин оролцон өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн төрөлд 28 орны 157 тамирчин оролцжээ.
Ахлах ахлагч Д.Отгонжаргал нь Онцгой байдлын байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй гурав дахь эмэгтэй юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Урлаг спорт
Катар Улсын Доха хотноо “Welcome тo Mongolia” арга хэмжээг зохион байгууллаа
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан, мөн энэ онд Монгол, Катарын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Монгол Улсыг Катар Улсад сурталчлан таниулах зорилготой соёлын арга хэмжээг 2023 оны гуравдугаар сарын 6-ний өдөр Монгол Улсаас Катар Улсад хавсран суугаа Элчин сайдын яам Монгол Улсын Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Катар Улсын соёл урлагийн сан “КАТАРА”-тай хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Доха хотноо зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд болон байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг КАТАРА-гийн Драмын театрт толилууллаа.
Арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж хэлсэн үгэндээ Монгол, Катарын найрсаг сайн харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг боломжит бүхий л салбарт нэн ялангуяа иргэд хоорондын харилцаа, соёл, урлагийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой болж байгааг онцлон тэмдэглэв.
Тоглолтыг КАТАРА соёлын сангийн удирдлага, Катарын Эмирийн ордон, Зөвлөлдөх зөвлөл /Парламент/, Гадаад хэргийн яамны төлөөлөл, Доха хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон катарын иргэд зэрэг 300 гаруй зочин үзэж сонирхсон бөгөөд арга хэмжээний төгсгөлд КАТАРА соёлын сангийн дарга Др.Халид Аль-Сулайти Монголын урлагийн багийг 2030 онд Катар Улсад болох Азийн наадмын нээлтэд тоглохыг албан ёсоор урилаа гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
“Welcome to Mongolia” арга хэмжээ Эль-Кувейт хотноо боллоо
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг Кувейт Улсад сурталчлан таниулах зорилготойгоор Монголын өдрүүд арга хэмжээний соёлын арга хэмжээг Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлтэй хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Эль-Кувейт хотноо зохион байгуулав.
Арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцож, Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номерууд, Монголын байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг Абдулхуссейн АбдулРида театрт толилууллаа.
Тоглолтыг Кувейт Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл, Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Мухаммад Аль-Жасаар, Эль-Кувейт хотноо суугаа гадаад улс орнуудын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон кувейтийн иргэд зэрэг 500 гаруй зочин үзэж сонирхов.
“Монголын өдрүүд” нь Монгол орны ахуй, байгаль, ардын болоод орчин үеийн соёл урлаг, түүхийг кувейтийн ард түмэнд таниулах, соёлын хамтын ажиллагааны суурийг тавихад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөв гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдлаа
МҮБХ-ны дүрмийн 5.5.1 заалтын дагуу Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулагдлаа.
Тус зөвлөл нь Монгол үндэсний бөхөөр хичээллэх хүүхэд залуучууд, бөхчүүдэд соён гэгээрэл, жудаг, уламжлалыг таниулах, ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлд хариуцлага тооцож ажиллах бөгөөд дараах бүрэлдэхүүнтэй ажиллана.
Үүнд:
- Жавзандамба хутагт төвийн багш, Гавж Д.Нямсамбуу
- Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
- Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин
- Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
- ХУД-ийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням
- Спортын сэтгүүлч Н.Тамир
- Дуучин, МУСТА Х.Батмэнд
- Монгол улсын харцага Д.Батболд болон дүрмийн дагуу ЁЗСХ-ын зөвлөлийг хуралдуулж, шийдвэр гаргуулах үүрэгтэй МҮБХ-ны Тэргүүн нарын бүрэлдэхүүнтэй ажиллах болно.
МҮБХ-ны ЁЗСХ-ын Зөвлөл нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, бөхийн жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах үүрэгтэй.
Сэтгэгдэл