Цаг үе
Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлнэ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зохион байгуулалтын ажил хийж байна. Тухайлбал, халдварын ойрын хавьтал бүхий хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй болон хэвтрийн өвчтөн, жирэмсэн эх, нярай зэрэг эрсдэлтэй иргэдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах байдлаар болзошгүй эндэгдэл, эрсдэлээс сэргийлэхэд анхаарч буй юм.
Энэ хүрээнд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилогдсон найман эмчийн бүрэлдэхүүнтэй зөвлөх багаар дамжуулж ӨЭМТ-ийн эмч нарт 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл хүргэх, өвчний оношийг тодорхойлох, мэс засал, хавдрын хими, хөнгөвчлөх, гемодиализ зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг зохион байгуулж ажиллана. Мөн ӨЭМТ-ийн эмч нар гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрүүл мэндэд цахимаар хяналт тавьж, өдөр тутмын тэмдэглэл хөтлөх, шаардлагатай тохиолдолд өвчтөний түүх нээх, өдрийн эмчилгээнд хамруулах, эмийн жор бичих ажлыг зохион байгуулах бөгөөд сэтгэл судлал үндсэн мэргэжлээр суралцаж буй эмч нар өдөр тутам лайв /шууд дамжуулалт/ мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй цахимаар холбогдон зөвлөгөө мэдээлэл өгөх юм.
Өрхийн эрүүл мэндийн төвд хэрэглэгддэг багаж тоног төхөөрөмж /хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульсоксиметр, цусны даралт хэмжигч/-ийг ашиглах, мөн зүрх судас болон даралтны эм бэлдмэлээр гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хангах, зарим тохиолдолд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг гэрт нь байрлуулах зэрэг арга хэмжээ авна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Цаг үе
“Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэнэ
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар Монгол Улсын хэмжээнд анх удаа хэрэгжих томоохон бүтээн байгуулалтын нэг “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр” барих түншлэлийн гэрээг өнгөрөгч сард байгуулсан. Төслийн гүйцэтгэгчээр Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах ХХК шалгарсан юм.
Өдөрт 1500 тонн хог шатаах хүчин чадалтай үйлдвэрийг Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд 10 га газарт барих хөрөнгө оруулалтын хэмжээ 206.5 сая ам.доллар байх бөгөөд бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд гүйцэтгэж, 28 жилийн дараа төрд шилжүүлнэ. Тус үйлдвэр нь жилд 8000 цаг ажиллаж, 35 МВт хүчин чадал бүхий цахилгаан эрчим хүч түгээнэ.
Нийслэлийн хэмжээнд гурван төвлөрсөн хогийн цэгт нийлүүлж буй нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан хийг ихээр ялгаруулдаг, байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй. Тиймээс хогийг булж устгахгүйгээр шатаах аргаар эрчим хүч гаргаж авах дэвшилтэт технологи бүхий “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг барих юм.
Сүүлийн жилүүдэд “Urban mining” гэдэг ойлголт дэлхийн хотуудад дэлгэрч байна. Энэ нь өмнөх жилүүдэд булсан хогийг буцаан ухаж, шатаан эрчим хүч үйлдвэрлээд байгаль экологио 100 хувь сэргээх ойлголт юм. Тус төсөл нь Монгол Улсад экологийн чухал ач холбогдолтой. Шатаах үйлдвэрт зөвхөн Улаанбаатар хотын хог хаягдлыг шатаагаад зогсохгүй, Төв аймгийн Зуунмод хот, Алтанбулаг, Сэргэлэн сумдын хогийг үнэ төлбөргүй шатаана. Мөн Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэгүүдэд ойрын 10 жилд дарагдсан хогийг ухаж авч, шатаан байгаль экологио бүрэн цэвэрлэнэ.

Цаг үе
Хром, хар тугалгын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-9 дахин их илэрч байна
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй цэгт хөрсний сорьц авч агро химийн болон хүнд металлын 16 төрлийн бохирдуулах бодисын хэмжээг MNS стандарт аргачлалын дагуу тодорхойлж байна.
2020-2024 онуудын хүнд металлын хяналт шинжилгээний дүнгээр Цинк, Стронци тогтвортой бууралттай, Хар тугалаг, Хром, Цайр өсөх хандлагатай, Зэс, Кобальтын агууламж бага зэрэг хэлбэлзэлтэй, Мөнгөн ус, Bорын агууламж 2024 онд бараг тэг болж буурсан байна.
Хром, хар туглагын бохирдол Монгол Улсын хөрсний эрүүл ахуй MNS5850:2019 стандартаас 3-9 дахин их илэрч байгаа ба Харгиа арьс ширний үйлвэрийн орчим, Цагаан чулуутын хогийн цэгийн орчим, ДЦС-3 орчимд стандарт хэмжээнээс их, бусад цэгүүдэд стандарт хэмжээнээс даваагүй ч, байгалийн Фон хэмжээнээс өндөр агууламжтай байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Цаг үе
АТГ: Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 11 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 84 гомдол, мэдээллийг шалгасан байна. Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 66 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 934 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 20 хэргийг хаах, 5 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 898 хэрэг шалгагдаж байна.
Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагад хүргүүлэв.
-
Цаг үе2020/01/21
Иргэд биечлэн уулзахгүй, мөнгө шилжүүлснээсээ болж хохирдог...
-
Шударга мэдээ2022/10/21
ISO 9001:2015, ISO 45001, ISO 15001 олон улсын чанарын менежментийн нэгдсэн тогт...
-
Цаг үе2022/03/10
Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой
-
Цаг үе2020/01/09
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
