Цаг үе
ШӨХТГ: Зарим ломбардууд 3 хувийн зээлийн хүүг хэрэгжүүлэхгүй байна
ШӨХТГ-т ирүүлдэг гомдлын нэлээдгүй хувийг барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардын хүүтэй холбоотой асуудлууд эзэлж байна. Зарим ломбард зээлийн хүүгээ 3 хувиар биш 7 хувиар олгодог асуудал иргэд, хэрэглэгчийг бухимдуулсаар байна. Энэ нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 141 дүгээр зүйл болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэхгүй байгаа юм.
Тухайлбал, тус хуулийг зөрчсөн нь хяналт, шалгалтаар тогтоогдсон “Бан Бан” ХХК-д сануулж, зөвлөж, шаардсаар байхад удаа дараа ийм үйлдэл гаргасан тул дараагийн арга хэмжээг авахаас өөр аргагүйд хүргэж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа эдгээр өдрүүдэд хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох журмыг мөрдөж ажиллавал энэ мэт хүндрэлүүд аль аль талдаа гарахгүй байж болно.
Иймд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиуд болон Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандартын хэрэгжилтийг хангах хүрээнд үйл ажиллагаандаа дараах зүйлсийг анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна.
Үүнд:
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нийтлэг шаардлага MNS 5274:2017 стандарт”-ын хэрэгжилтийг тус тус хангаж ажиллах;
- “Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн 141 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн, зээлдэгчид мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг болно.
Цар тахлын онцгой цаг үед төр засгийн хууль тогтоомж, тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс иргэд, хэрэглэгчдийг хохироосон асуудал үүссэн тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасан бүрэн эрхийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариуцлага тооцохыг анхаарна уу.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАРЦаг үе
Эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь гэмт хэрэг
Хоногийн хугацаанд буюу өчигдөр /2026.06.07/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 6 гэмт хэргийг илрүүллээ.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас үндсэн үйл ажиллагааны хүрээнд сар бүр хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээний статистик мэдээллийг танилцуулж байна.
Энэ хүрээнд 2026 оны тавдугаар сард Монгол улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй “ХУРДАН” цэг болон “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан нийт 204,607 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Тодруулбал “ХУРДАН” цэгээр дамжуулан нийт 42,907 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 7,753
- Орон нутаг 34,592
- Хилийн чанад 364 үйлчилгээг, хүн хуулийн этгээдэд үзүүлжээ.
“ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулан өнгөрсөн тавдугаар сард нийт 161,898 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлжээ.
Үүнээс
- Нийслэл Улаанбаатар хотод 111,178
- Орон нутагт 50,720 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна.
Мөн өнгөрсөн тавдугаар сард нийслэл Улаанбаатар хотод Да Хүрээ авто худалдааны төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөс 6,303 үйлчилгээ үзүүлсэн үзүүлэлтээр тэргүүлжээ.
Харин орон нутагт Дархан-Уул аймгийн авто тээврийн үндэсний төвд байрлах “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр дамжуулж 4,806 үйлчилгээг хүн хуулийн этгээдэд хүргэн ажилласан үзүүлэлтээр тэргүүлсэн байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийн байдлаар “ХУРДАН” киоск төхөөрөмжөөр 2,083,420 үйлчилгээ, “ХУРДАН” цэгээр дамжуулан 2,031,740 үйлчилгээг тус тус хүргэн ажилласан байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь нийслэл болон 21 аймаг дахь салбар хэлтсээрээ дамжуулан дэвшилтэт технологи, олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээний дижитал шилжилтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүрэг, 204 хороо болон гадаадын 31 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт байрлах 596 “ХУРДАН” цэгээр дамжуулан төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд тасралтгүй, шуурхай, хүндрэл бэрхшээлгүй хүргэж байна.
Эдгээр “ХУРДАН” цэгүүдээр дамжуулан төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж, иргэдийн өдөр тутамд шаардлагатай лавлагаа, тодорхойлолт болон бусад төрийн үйлчилгээг шуурхай авах боломжийг бүрдүүлж байна
Цаг үе
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын v хурал “Icot-2026” амжилттай зохион байгуулагдлаа
Монгол Улсад эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээ сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, бөөр, элэг, ясны чөмөг, цусны үүдэл эс, шөрмөс зэрэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нутагшуулан хэрэгжүүлээд байна. Мөн тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах тогтолцоо бэхжин хөгжиж, донорын үйл хэргийн талаарх олон нийтийн ойлголт, оролцоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм.
Энэ хүрээнд “Нэг үндэстэн – Нэг алсын хараа” уриан дор зохион байгуулагдаж буй Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурал “ICOT-2026” 2026 оны 6 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжилж байна.
Тус хурал нь эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эмчилгээний өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн хөгжлийн чиг хандлага, дэвшилтэт технологи, инновацын шийдлүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, донорын тогтолцоог боловсронгуй болгох зорилготой юм.
”ICOT-2026” хуралд дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын нэр хүндтэй 20 гаруй эрдэмтэн, профессор, судлаачид оролцож байна. Тухайлбал, БНСУ-ын донор болон эрхтэн шилжүүлэн суулгалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн, Азийн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга профессор Curie Ahn, БНТУ-ын Эрхтэн шилжүүлэн суулгах сангийн Ерөнхийлөгч, олон улсын эксперт Eyup Kahveci, Испанийн Donor Transplantation Institute-ийн Ерөнхийлөгч Martí Manyalich нар хүрэлцэн ирж, өөрсдийн туршлага, шилдэг практик, судалгааны үр дүнгээ хуваалцаж байна.
Мөн 21 аймаг, 9 дүүрэг, улсын болон төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагуудын тархины үхэл тодорхойлох багууд, эмч, сувилагч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, резидент эмч нар өргөнөөр оролцож, эрдэм шинжилгээний илтгэлүүд хэлэлцүүлэхийн зэрэгцээ ажлын байрны сургалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, олон нийтэд чиглэсэн сургалт, мэдээллийн үйл ажиллагаанд хамрагдаж байна.



