Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ажлын үнэмлэх, байгууллагын тодорхойлолтыг үндэслэн, автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна

Огноо:

,

Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай”  захирамж гарлаа. Захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцуулж, “Нөхцөл байдал амаргүй байна. Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг, бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжүүлж ирсэн. Эдийн засгаа дэмжих гэхээр халдвар авах хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна” хэмээн ярилаа.

Захирамжаар хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-21:00 цаг хүртэл хугацаагаар тогтоосон юм. Мөн хязгаарлалт тогтоогоогүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын 10 хүртэл хувийг ажлын газрын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтыг үндэслэн хувийн болон албаны тээврийн хэрэгслээр хуанлийн өдрөөр автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр тодорхой маршрутын дагуу оролцуулж, замын хөдөлгөөний түгжрэл саатлыг үүсгэхгүй байх хариу арга хэмжээ авч ажиллана.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.

Харин нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулна. Иргэдийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, түлш, зөөврийн ус, хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх, халдварын шинжилгээ болон дархлаажуулалтад хамрагдах нөхцөл боломжоор  хангаж ажиллана.

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын хөдөлгөөнд зохицуулалт хийж, Багахангай, Багануур, Налайх дүүрэг болон Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хорооны иргэд зайлшгүй шаардлагатай үед иргэний үнэмлэхийн хаягаар, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчдыг ажлын газрын үнэмлэх, байгууллагын гэрчилгээ, нотлох баримтыг үндэслэн асуумжаар нэвтрүүлэх юм. Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу эрүүл мэнд, буяны ажилтай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт тээвэрлэгчдийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргана.

Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт

хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар иргэдэд мэдээлж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхад анхаарч, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах юм. Нийслэлд оршуулга, буяны үйл ажиллагаанд 30 хүртэл хүн оролцохоор иргэдэд зөвлөмж анхааруулга өгч, хяналт тавьж ажиллана. Мөн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундаа худалдахыг хориглоно.

Түүнчлэн нийслэлд дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 40 цэг (автобус) ажиллуулж, хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал тэдгээрийн эмч, эмнэлгийн ажилтнуудыг дайчлан, иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Дархлаажуулалтын цэгт иргэдийг тээвэрлэх автобусны маршрутыг дүүрэг, хороогоор нарийвчлан гаргаж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД

1.             

Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

2.             

Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага

3.             

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах гааль, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин бусад цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, нийтийн тээврийн үйлчилгээ)

4.             

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг,Чингис хаан, Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)

5.             

Эрчим хүч, дулаан, усан хангамж

6.             

Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо,

7.             

Хүнс, ахуйн хэрэглээ, газар тариалан, мал, амьтны өвс, тэжээл, шатахуун, сайжруулсан түлш, хүнсний сав баглаа боодол үйлдвэрлэл, худалдаа, нийлүүлэлт, түгээлт тээвэрлэлт

8.             

Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт, одон орон, геофизикийн үйл ажиллагаа

9.             

Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр,  Монголын улаан загалмай нийгэмлэг

10.          

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай)

11.          

Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага

12.          

Банкны үйлчилгээ (10 хувь хүртэл), автомат тооцооны машин

13.          

Хэвлэл мэдээлэл (хязгаартай), харилцаа холбоо, шуудан илгээмж

14.          

Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт

15.          

Оршуулгын үйл ажиллагаа

ХҮН

1.

Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан

2.

Дархлаажуулалтад хамрагдах, шинжилгээ өгөх

3.

Өмгөөлөл, нотариат

4.

Түлш худалдан авах

5.

Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах

6.

Газар тариалан эрхлэх

7.

Зөөврийн ус авах

8.

Оршуулгын ажилд оролцох

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.

Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох