Урлаг спорт
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн уралдаанд 24295 иргэн саналаа өгчээ
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу шинэ үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг энэ сарын 06-наас 16-ны хооронд зарласан.
Уралдаанд нийт есөн бүтээл ирээд байгаа юм. Уралдаан зохион байгуулах удирдамжид заасны дагуу ирүүлсэн бүтээлүүдийг энэ сарын 16,17,18,19-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайтад байршуулж олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. “Шинээр үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн байгуулах төслийн уралдаанд нийт 24295 иргэн саналаа өгсөн байна.
Уралдааныг дүгнэх үүрэг бүхий комиссын гишүүд уралдаанд ирүүлсэн бүтээлийг төслийн үзэл санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шийдэл тусгасан байдал болон ажлын гүйцэтгэл, иж бүрдлийн шаардлагыг хангаж байгаа эсэх, олон нийтийн санал зэргээр нь оноо өгч дүгнэнэ” гэж нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга Ц.Тулга хэллээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
1-р багийн бүтээлд 256 иргэн

2-р багийн бүтээлд 5959 иргэн

3-р багийн бүтээлд 2210 иргэн

4-р багийн бүтээлд 5485 иргэн

5-р багийн бүтээлд 260 иргэн

6-р багийн бүтээлд 7791 иргэн

7-р багийн бүтээлд 163 иргэн

8-р багийн бүтээлд 367 иргэн

9-р багийн бүтээлд 1804 иргэн тус тус саналаа өгчээ.

Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
