Цаг үе
Үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хязгаарыг 07:00-19:00 цагаар тогтоов
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.
Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болголоо. Мөн гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц, хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг даалгалаа.
Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов. Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм.
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.
Цаг үе
Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өдөр тутмын сонинд зарлуулах шаардлагагүй боллоо
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд холбогдох журмын дагуу хүчингүйд тооцож, дахин олгохоор зохицуулсан байдаг.
Өмнө нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн иргэн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай зарыг өдөр тутмын сонинд заавал нийтлүүлэх шаардлагатай байсан. Энэ нь орон нутгийн иргэдийн хувьд Улаанбаатар хотод зорчиж, зарлуулах зэрэг цаг хугацаа, зардал ихээр шаардаж, явдал чирэгдэл үүсгэдэг байв.
Тиймээс иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор бүртгэлийн байгууллагаас “Хаяж үрэгдүүлсэн гэрчилгээг зарлах, хүчингүйд тооцох” нээлттэй мэдээллийн санг хөгжүүлж, https://zar.burtgel.gov.mn цахим хуудсаар дамжуулан хаяж үрэгдүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээний мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх боломжийг бүрдүүллээ.
Ингэснээр иргэн та хаяж үрэгдүүлсэн гэрчилгээний зарыг өдөр тутмын сонинд өөрөө зарлуулах шаардлагагүй болж, улсын бүртгэлийн байгууллага болон түүний харьяа нэгжүүд холбогдох мэдээллийг нээлттэй мэдээллийн санд байршуулан, бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Иймээс иргэн та гэрчилгээгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд өдөр тутмын сонинд зарлуулах гэж цаг, зардал гаргах шаардлагагүй бөгөөд тус гэрчилгээний мэдээллийг https://zar.burtgel.gov.mn цахим мэдээллийн сангаас шалгах боломжтой гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
.png)
Цаг үе
Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх боловч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв болон зүүн аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас сэрүүн байх төлөвтэй байна.
Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч шөнөдөө дулаан алдалт эрчимжиж, агаарын температур огцом буурах, зарим үеүдэд уулархаг нутгаар нойтон цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх зэрэг үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай байна.

Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо болон өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангах, тариаланчид ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан шуурхай зохион байгуулж, хяруу болон цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалах арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх хур тунадас, уулаараа нойтон цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жлийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД-аас ахиу байх бол бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орох нөхцөл ажиглагдаж байна..
Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хур тунадас, уулараа нойтон цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.
Цаг үе
Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Танхимын орлогч дарга Улан Эркинович Маматкановтай уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцох үеэрээ Бишкек хотноо (2026.08.31) Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын Танхимын орлогч дарга, Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Киргизийн хэсгийн дарга Улан Эркинович Маматкановтай албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, тээвэр, логистикийн саад бэрхшээлийг шийдвэрлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол-Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд Засгийн газар хоорондын комисс чухал үүрэгтэйг онцоллоо.
Түүнчлэн, Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улсын Төв Азийн бүс нутаг дахь чухал түнш бөгөөд өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын хүрээнд тохиролцсон ажлуудыг бодит үр дүнд хүргэж, хоёр орны хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал болохыг тодотгов.

Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн гурван жилийн хугацаанд 3.7 дахин нэмэгджээ. Тиймээс гадаад худалдаа идэвхжиж, экспортын боломжууд нэмэгдэж буй энэ цаг үед шинэ зах зээл рүү гарах, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, бүс нутгийн коридорыг хөгжүүлж, транзит тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх зэргээр хоёр улсын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь стратегийн өндөр ач холбогдолтойг талууд онцолж, харилцан санал солилцлоо.
