Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй

Огноо:

,

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.  

-Нийслэлийн Соёл урлагийн газар бүх нийтийн бэлэн байдлын үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Төрийн байгууллагуудын ажилчдын 10 хувь нь албан байгууллага дээрээ, 90 хувь нь цахимаар ажиллаж байгаа. Хэдийгээр төрийн алба хаагчдыг цахимаар ажиллуулах чиглэл ирсэн ч өнөөдрийн хувьд Нийслэлийн Соёл, урлагийн газар НОК-ын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байгаа учир бүрэн бүрэлдэхүүнээрээ, алба хаагчид маань хариуцсан дүүргүүдэд ажиллаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, вакцинжуулалт хийж байгаа газрын мэдээлэл бэлтгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар нь 14 алба хаагчтай, 11 харьяа байгууллагатай. Соёлын төв өргөө, Улаанбаатар чуулга, музей, номын сан, салбар номын сангууд, дүүргийн соёлын орднууд гэх зэрэг байгууллагуудын 400 гаруй алба хаагч манайд харьяалагддаг.

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын 84 жилийн ой энэ жил болсон. Танай байгууллагын чиг үүрэг, зорилго юу вэ?

-1937 онд тухайн үеийн БНМАУ-ын сайд нарын 12 дугаар хурлаар дөрөвдүгээр сарын 23-нд Соёл, урлагийн газрын эхлэл тавигдсан. Үүнээс хойш нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан соёл, урлагийн бүх л ажлыг хариуцан ажиллаж байсан. Тухайлбал, соёлын довтолгоо. Нийслэлд амьдарч байгаа иргэддээ соёл, урлагаар үйлчлэх, соёлжуулах, соёл урлагийн бодлогын асуудлыг манай байгууллага хариуцан ажиллаж ирсэн түүхтэй. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд бид ойдоо зориулж, төсөл, хөтөлбөрүүд хийдэг. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулаагүй.

-Цар тахлын улмаас соёл, урлагийн арга хэмжээ тасалдаж байгаа хэдий ч хөл хорионы дараа үргэлжилнэ. Ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын чиг үүрэг бол Засгийн газрын бодлого, төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон бодлогуудыг хийж хэрэгжүүлдэг юм. Монгол Улсын хэмжээнд Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Гадаад харилцааны яамны харьяа Гадаад бодлого, соёлын газар гэсэн дөрвөн төрийн байгууллага соёл, урлагтай холбоотой ажилладаг. Нийслэлийн Соёл, урлагийн газар нутаг дэвсгэрийн хувьд зөвхөн нийслэлийн хэмжээнд гэх боловч Соёлын яамны харьяа мэргэжлийн болон бусад байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс эдгээр байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй болдог. Мөн бүх кино театр, урлаг заал, концертын танхим, соёл урлагийн сургалтын төвүүд, караоке, бар зэрэг байгууллагуудын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгодог. НИТХ-ын 35 дугаар тогтоолын хүрээнд дээрх тусгай зөвшөөрлийг олгодог юм. Нийслэлийн Соёл, урлагийн газар хууль эрх зүйн болон бодлогын ажлуудыг түлхүү хийх зорилготой байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн үйлчилгээний стандарт гэж байгаагүй. Үүнийг бид Стандарт, хэмжил зүйн газартай хамтран 2017 оноос хойш боловсруулж эхэлсэн. Энэ бол амархан боловсруулагдах зүйл биш. Бид өнөөдрийг хүртэл маш олон газрын саналуудыг авч боловсруулсан. Энэ стандарт удахгүй батлагдана. Соёл, урлагийн үйлчилгээний стандарт гарснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэхэд ямар хэм хэмжүүр тавих вэ гэдэг ойлголтыг эхний ээлжид авна. Дутуу зүйл олон байгаа ч эхний ээлжид стандартаа гаргаад, дараа нь сайжруулаад явах нь зөв гэж бодож байгаа.

-Соёл, урлагийн салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Залуучууд ямар арга хэмжээг хүлээдэг вэ?

-Би Нийслэлийн Соёл, урлагийн газрыг хоёр хэсэгт хуваагддаг гэж боддог. Нэгдүгээрт, бодлогын хэсэг, нөгөө нь арга хэмжээ зохион байгуулах хэсэг. Бодлогын хэсэг өмнө нь хэлсэн стандарт болон оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудалд түлхүү ажиллаж байна. Хэдийгээр хууль нь батлагдаад гарсан ч бодит байдал дээр хэрэгждэггүй. Үүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарал хандуулан ажиллаж байгаа. Тухайлбал, уран бүтээлчид аливаа тоглолтод оролцохдоо зохиогчийн эрхтэй дуу дуулах эрх зүйн орчныг бүрдүүлж байна. Өнөөдрийг хүртэл караокед дуулагдаж байгаа дуу ямар ч албан ёсны зөвшөөрөлгүй байгаа. Бид 2017 онд хамтын удирдлагын байгууллагуудтай санамж бичиг зурсан. Караоке болон бусад байгууллагыг хянахын тулд автоматчилсан мониторингийн систем хэрэгтэй. Энэ систем Монголд байхгүй учир эхний ээлжид механик зохицуулалт хийсэн. Үүний хүрээнд караоке ажиллуулах зөвшөөрөл авч байгаа байгууллага хамтын удирдлагын байгууллагатай гэрээ байгуулж, тодорхой хэмжээний хураамж төлсний дараа тусгай зөвшөөрлөө авдаг болсон. Хамтын удирдлагын байгууллага авсан хураамжаа хөгжмийн зохиолч болон яруу найрагчдад хуваарилдаг. Бид цаашдаа үүнийг системд оруулна. Жишээ нь, Япон Улсад нэг цаг караокед дуулахад бүх дуу нь цаанаа бүртгэгддэг. Бүртгэгдсэн дуу болгоны ард зохиогчид байгаа. Тэдгээр зохиогчдод нэг иен ч хамаагүй очдог. Үүнийг бид хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучид маань тодорхой хэмжээний орлоготой болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн болон бусад байгууллагын тоног төхөөрөмжийн судалгаа хийх ажлыг бид хөл хорионоос өмнө эхлүүлсэн. Энэхүү судалгааг хийснээр цаашид солих, шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжийн мэдээлэл гарч ирнэ. Мөн тоног төхөөрөмжийг ажиллуулж байгаа боловсон хүчин мэргэжлийн байна уу, үгүй юү гэдэг судалгаа гарна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь практикаар сурсан байдаг. Тиймээс чадваржуулах ажил хийж байгаа. Бид зөвхөн тоног төхөөрөмжийн судалгаа хийгээд зогсохгүй, нийслэлийн нутаг дэвсгэрт чанарын шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй газарт төлбөртэй тоглолт зохион байгуулах гэж байгаа бол дуучид ам барихгүй дуулж, амьд тоглолт зохион байгуулдаг байх журам гаргах юм. Тоног төхөөрөмж сайн биш байхад амьд тоглолт хийх нь зохимжгүй гэдгийг уран бүтээлчид хэлдэг. Тиймээс бид тодорхой газруудад заавал амьд тоглолт хийх зохицуулалт гаргаж байгаа юм. Үзэгчид төлбөрөө төлөөд үзэж байгаа учир амьд тоглолт үзэх ёстой. Хамгийн ойрын жишээ ОХУ-ын зарим хот заавал амьд тоглолт хийх зохицуулалт гаргасан байдаг. Иргэд төлбөрөө төлөөд ирж байхад дуучид ам бариад байгааг хэлдэг. Энэ асуудлыг бид арилгана. Уран бүтээлчид ч уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй болох байх. Хөгжим зохиох бол маш их цаг зарцуулдаг ажил. Би Япон Улсад хөгжмийн зохиолч, урлагийн менежерээр долоон жил сурсан. Тэнд байхдаа Монголынхоо уран бүтээлчдийг аваачиж, хаврын баяр болон бусад арга хэмжээ, наадмыг зохион байгуулдаг байсан. Монголын урлаг, соёлын зохицуулалт, менежментийг нэг шат ахиулж, боловсронгуй болгох тал дээр ажиллаж байна.

-Урлагийн салбарынхан нийслэлээс юу хүсдэг вэ?

-Зөвхөн нийслэл гэлтгүй урлаг, соёлын салбарыг бүхлээр нь харах юм бол манай улс Азийн  орнуудаас түрүүлж алхсан барууны школтой улс. Манай соёлыг харахад үндэсний агуулгаас гадна европ соёлтой юм шиг харагддаг. Социализмын үед урлаг, соёлд анхаарахдаа хүний нөөцөд маш их анхаарал хандуулдаг байсан. Одоо бол мэргэжлийн удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч зэрэг мэргэжлийн хүний нөөц хоцрогдож, тасарч байна. Улс үүнд тодорхой хэмжээний бодлого гаргаж, хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Дууны инженер, гэрлийн инженер зэрэг мэргэжлийн хүмүүсээ бодлогоор гадаадын орнуудад сургах хэрэгтэй. Ингэж бэлтгэж авахгүй бол хөгжмийн урлаг хөгжмийн зохиолч, удирдаачгүйгээс болж маш том асуудалд ордог. Үүнийг сэргээхийн тулд нэгдүгээрт, хүний нөөцөө бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, зөвхөн гадагшаа сургаад байх биш, дотооддоо сургах хэрэгтэй. Дотооддоо сургахдаа сургалтын чанараа сайжруулах, системээ шинэчлэх хэрэгтэй байна. Мөн цалингийн асуудал яригддаг. Урлаг, соёлоо менежментийн түвшинд эргэлтэд оруулахгүй бол зүгээр цалингаа нэмээд явах асуудал бол утгагүй. Уран бүтээлчид уран бүтээлээ чанаржуулах хэрэгтэй. Тэр нь эргээд бага ч гэсэн орлого олдог байх хэрэгтэй. Жишээ нь, Үндэсний урлагийн их театр хөгжимчид, дуучид, бүжигчид зэрэг 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Хэрэв улс гэрээ хийж чадвал Япон Улсад маш том хэмжээний тоглолт хийх боломжтой. Зөвхөн нэг хотод биш, олон хотод тоглолт хийж болж байна. Өнөөдрийг хүртэл Японд монголчууд зохион байгуулалтыг нь хийж тоглосон тоглолт маш цөөн. Ихэвчлэн япончууд урьж, зохион байгуулсан байдаг. Япончууд ажлаа эрт төлөвлөдөг улс. Хэрэв бид өнөөдөр гэрээлээд, энэ урсгалд орж чадах юм бол Үндэсний театрын 100 уран бүтээлчдээс тал нь гадаадад тоглолт хийдэг болно. Арваннэгдүгээр сард Японд, арванхоёрдугаар сард Хятадад, нэгдүгээр сард Солонгост гээд дэлхийд тоглолтоо борлуулах боломжтой юм. Энэ нь Монголын соёл, урлагаа сурталчлахаас гадна уран бүтээлчид нэмэгдэл цалин хөлстэй болно.

-Цар тахал соёл урлагийн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирусийн тархалтаас болж соёл, урлагийн ажлууд зогсонги байдалтай байна. Төрийн байгууллагад ажиллаж байгаа соёл, урлагийн салбарын хүмүүс тодорхой хэмжээнд цалингаа аваад явж байна. Хамгийн хүнд тусаж байгаа хүмүүс бол чөлөөт уран бүтээлчид. Бид чөлөөт уран бүтээлчдээ дэмжих, эдийн засгийн эрэлтэд оруулах, гаднын зах зээлд борлуулалт хийх зэрэг менежментийг хийхгүй бол зөвхөн Монголдоо уран бүтээлээ хийгээд амьдарна гэвэл хэцүү. Өнөөдөр коронавирус гарч байна, хойшид ямар нөхцөл үүсэхийг бид мэдэхгүй. Тиймээс эдийн засгийн эргэлтэд оруулахад улс бодлогоор дэмждэг, зохион байгуулдаг, нөгөөтэйгүүр чөлөөт уран бүтээлчид маань нэгддэг, хамтран оролцдог байх зохион байгуулалтад орох хэрэгтэй. Соёлын яам байгуулагдсанаар маш их хүлээлт үүссэн. Соёл, урлагийн салбараа бодлогоор дэмжээд явах байх гэж найдаж байна. Нийслэлийн Соёл, урлагийн газар Соёлын яамтайгаа хамтран ажиллана.

-Нийслэлчүүддээ хандаж юуг уриалах вэ?

-Соёл, урлагийн салбарыг хүмүүс янз бүрээр хардаг. Бүх нийтийн бэлэн байдлын үед “Карантин 14” гэдэг нэвтрүүлэг гарсан. “Ододтой бүжиглэе” шоу гарч байна. Урлагийнхан маань чадах чинээгээрээ иргэддээ эерэг зүйл үзүүлж, дархлааг нь дэмжихээр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна. Соёл, урлаг бол нэг тал руу хэлбийгээд байдаг салбар биш гэж би боддог. Энэ салбарынхан бүх хүний нүдэнд ил байдаг. Нийслэлээс гаргаж байгаа “UB хамтдаа” уриалгыг соёл, урлагийнхан дэмжин ажиллаж байгаа. Хатуу хөл хорионы үед дэглэмээ сайтар баримтлахыг уриалж байна. Иргэд идэвхтэй оролцохгүй бол үр дүн муу болно гэдгийг бүгд харж байна. Иргэд дэглэмээ сайтар баримталбал бид энэ цар тахлыг даван туулна. Өнөөдрийн байдлаар 110 цэг дээр 50 мянган иргэнийг дархлаажуулах төлөвлөгөө гарсан байна. Үүний цаана маш олон төрийн алба хаагч ажиллаж байдаг. Өнөөдрийн байдлаар 1361 албан хаагч ажиллаж байна. Иргэд гэртээ байхдаа үр дүнтэй, сурч боловсрох, дархлаагаа дэмжихэд цагаа зарцуулаасай гэж хүсэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр” ОНӨТҮГ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол боллоо. Нийслэлийн соёл, урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хотын түүх, онцлог, өнгө төрхийг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх, “Улаанбаатар” соёлын брэндийг бий болгох зорилгоор уг пянзыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар” пянз нь нийслэлийн түүх, соёл, урлагийн өвийг хадгалан үлдээж, хойч үедээ өвлүүлэн таниулахын зэрэгцээ хотын соёлын онцлогийг олон улсад сурталчлах ач холбогдолтойг онцоллоо. Мөн нийслэлээс соёл, урлагийн салбарыг дэмжих, уран бүтээлчдийн туурвих үйл ажиллагааг өргөжүүлэх, Улаанбаатар хотын соёлын брэндийг бий болгох чиглэлээр цаашид анхааран ажиллахаа илэрхийлэв.

“Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ариунбаатар хэлэхдээ, “Авьяасаар бүтээсэн 20 жил” уриан дор бүтээсэн энэхүү пянз нь нийслэл хотынхоо соёл, урлагийн өвийг дуу хөгжмөөр дамжуулан мөнхөлж, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойг онцоллоо.

“Улаанбаатар” пянзанд нийслэлийн түүх, үндэсний өв соёл, хотын өнгө төрхийг илэрхийлсэн “Миний Улаанбаатар”, “Дөрвөн уул”, “Хангарьдын дуулал”, “Үйлсийн сайхан Улаанбаатар”, “Улаанбаатарын тухай дуу”, “Улаанбаатарын үдэш”, “Хангарьд”, “Модун”, “1963”, “Ай наанаа”, “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг хөгжмийн бүтээл багтжээ. Түүнчлэн Үндэсний хөгжмийн “Хангарди” найрал хөгжим, удирдаач Соёлын тэргүүний ажилтан Б.Эрхэмбаярын удирдлага дор хөгжимдсөн, хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбатын “Хангарьд”, С.Мөнхбатын “Модун”, О.Чинбатын “1963”, Х.Алтангэрэлийн “Тусгаар Монгол Улс” удиртгал, Р.Бат-Эрдэнийн “Айсуй хүлгийн төвөргөөн” зэрэг бүтээлийг багтаасан нь онцлог юм.

Мөн “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртээж, удирдлага, уран бүтээлчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Нийслэлийн Улаанбаатар театр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Нийслэл хотын 387 жилийн ойд зориулан бүтээсэн “Улаанбаатар” пянзны нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 30-ны 11:40 цагт Улаанбаатар театрын "Үзэсгэлэнгийн танхимд" болно.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 387 жилийн ой, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулж буй Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын гала тоглолт  боллоо.

Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат гала тоглолтыг нээж, үг хэлэв. 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачилгаар 1993 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулсан тус наадмыг 2006 оноос Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон.

Энэ удаагийн наадмын эхний шатанд нийслэлийн долоон дүүргийн 59 сургуулийн 2,531 сурагч оролцсон бол хоёрдугаар шатанд 19 сургуулийн 767 сурагч шалгаран оролцож, авьяас, чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Д.Лувсаншаравын нэрэмжит 31 дэх удаагийн “Хүүхдийн найрал дууны наадам”-ын шилдгүүд:

Тэргүүн байр: Монгол-Оросын хамтарсан сургуулийн “Рапсодия” найрал дууны хамтлаг

Дэд байр: Монгол дахь Канад сургуулийн “Нарны үр сад” найрал дууны хамтлаг

Гутгаар байр: Нийслэлийн ерөнхий боловсролын “Хөгжил” сургуулийн “Гэгээ” найрал дууны хамтлаг

Тусгай байр:

- Нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн “Нарны дуулал” найрал дууны хамтлаг

- Нийслэлийн ерөнхий боловсролын “Монгени” сургуулийн “Одод” найрал дууны хамтлаг

Нэрэмжит шагнал:

- Д.Лувсаншаравын нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эрин” сургуулийн “Melody” найрал дууны хамтлаг

- Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбооны нэрэмжит шагнал: Нийслэлийн ерөнхий боловсролын 115 дугаар сургуулийн “Яруу эгшиглэн” найрал дууны хамтлаг

Тусгай номинаци:

- Шилдэг удирдаач багш: Монгол-Оросын хамтарсан сургуулийн хөгжмийн багш Филиппова Кристина Витальевна

- Шилдэг сургуулийн удирдлага: “Логарифм” дунд сургуулийн хамт олон

Тус наадам нь хүүхэд багачуудын хөгжмийн авьяасыг нээн хөгжүүлэх, найрал дууны урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол, урлагийн мэдрэмжийг төлөвшүүлэх, сургуулийн хөгжмийн боловсролын чанарыг дээшлүүлэх, найрал дууны урлагийн уламжлал, өвийг хойч үедээ өвлүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалаа.

Иймд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад бүртгүүлэхийг урьж байна.

Нэр дэвших хүсэлтийг 2026 оны 10 дугаар сарын 22-ноос 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах тул Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд тавигдах шаардлагыг хангасан иргэн нэр дэвших тухай хүсэлтээ, бусад баримт бичгийн хамт биечлэн авчирч өгнө үү.

Нэр дэвших тухай хүсэлт ирүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа;
  • Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
  • Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт;
  • Төрийн албан хаагчийн анкет

Бүртгэл хааснаас хойш ажлын 5 өдрийн дотор хүсэлтийг хянан хэлэлцэж, сонгон шалгаруулалтад оролцогчоор бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ. Бүртгэснээс хойш ажлын хоёр өдрийн дотор оролцогчдын нэрс болон мэдээллийг www.parliament.mn цахим хуудаст байрлуулж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе21 цаг 30 минут

Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургу...

Шударга мэдээ21 цаг 32 минут

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Шударга мэдээ21 цаг 35 минут

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Улстөр нийгэм21 цаг 41 минут

Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүл...

Шударга мэдээ21 цаг 45 минут

Хөх хот, Улаанбаатар хотын ААН байгууллагууд 20 орчим тэрбум төгрөги...

Урлаг спорт21 цаг 50 минут

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянз...

Урлаг спорт21 цаг 55 минут

Хүүхдийн найрал дууны наадмын гала тоглолт боллоо

Улстөр нийгэм22 цагын өмнө

Шатахуун түгээх станцуудыг түгжрэл үүсгэхгүй байхад хамтран ажиллахы...

Цаг үе2026/10/28

АНУ: Крипто хөрөнгө холигч үйлчилгээнд тавих хяналтын дүрмийг сэргээ...

Шударга мэдээ2026/10/28

АВСТРАЛИ: Тэрбумтнуудын хөрөнгө ардчилсан улс төрийн тогтолцоог гажу...

Санал болгох