Үзэл бодол
Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ
Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын албанд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ.
Ингэснээр Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Хужирт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах юм.
Мөн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлээд байна.
Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 5498 иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 2191 иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 2453 иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 1914 иргэнд, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 8 сумын 3613 иргэнд, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 6888 иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 2011 иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үзэл бодол
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Үзэл бодол
Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.
Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.
Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.
Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.
Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.
Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.
Үзэл бодол
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
