Цаг үе
Санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллээ танилцууллаа
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны нэгдүгээр улирлын тойм мэдээллийг танилцуулсан хэвлэлийн бага хурал цахим хэлбэрээр боллоо. 2021 оны нэгдүгээр улиралд Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны зохицуулалтад хамаардаг хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоодын ДНБ-д эзлэх хувь хэмжээ 17.5 хувьд хүрсэн. Үүнээс, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүн 9.9, даатгалын зах зээл 1.1, банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 5.7, ХЗХ 0.8 хувьтай байна. Хороо нь зохицуулалт хяналтын чиг үүргийнхээ хүрээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 3,302 зохицуулалттай этгээд, 2,429 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 281 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 326 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 530 ББСБ, 249 ХЗХ, 185 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 438 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 978 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.5 хувиар өсөж 3,695.1 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 10.0 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 1.4 нэгжээр өсөж 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 17,732.0 нэгжээр өсөж 34,635.7 нэгжид хүрсэн. 2021 оны нэгдүгээр улиралд нийт 71.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 91.8 хувийг хувьцаа, 5.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.7 хувийг компанийн бонд тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 145.1 хувиар өсөж 5 төрлийн 69.3 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.
Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар өсөж 401.2 тэрбум төгрөгт, нөөц сан 9.3 хувиар өсөж 172.6 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар буурч 39.0 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 16.4 хувиар буурч 10.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 29.0 хувиар буурч 881 мянгад хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 21.3 хувиар буурч 12.3 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 31.6 хувийг эзэлж байна.
Банк бус санхүүгийн байгууллага: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт 530 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.1 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 17.6 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсөж 1.4 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 48.5 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.3 хувийг иргэдийн зээл, 14.7 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.
Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.4 дахин нэмэгдэж 610.1 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо давхардсан тоогоор 3.4 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 2.9 хувьтай байна. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 2.3 сая төгрөг, финтекийн зээлдэгчид нийт 362.9 мянга буюу нийт зээлдэгчдийн 59.5 хувь, финтекийн нэг зээлдэгчид ногдох дундаж зээлийн хэмжээ 270.7 мянган төгрөг байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 249 ХЗХ-д 75,002 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 21.5 хувиар өсөж 278.9 тэрбум төгрөгт хүрсэн ба үүнээс хадгаламжийн хэмжээ 201.4 тэрбум төгрөг буюу 72.2 хувийг эзэлж байна. Хадгаламжийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр буурч 1.4 хувьд хүрсэн бол зээлийн жигнэсэн сарын дундаж хүү өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр буурч 2.4 хувь болсон. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өсөж 192.1 тэрбум төгрөгт хүрснээс 3.64 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 40,166 байгаа бол зээлдэгчдийн тоо 38,353 байна.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Хорооны тусгай зөвшөөрөлтэй 185 компани, тэдгээрийн 206 брокер, 1,219 Агент ажиллаж байна. Давхардсан тоогоор 290 ҮХЭХЗ-ын байгууллага нийт 935 хэлцлээр 98.6 мянган м.кв талбай, 127.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан худалдан, шилжүүлжээ. Харин нийт 390 хэлцлээр 39.3 мянган м.кв талбай, 2.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлан хөлслүүлж, түрээслүүлжээ.
Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн салбар: Салбарт үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч хуулийн этгээд 34, үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэд 229, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч иргэд 117, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч иргэд 58 байна. 2021 оны 1 дүгээр улиралд 101.9 тэрбум төгрөгийн үнэт металлын борлуулж, 103.6 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.
Цаг үе
Навахо эмэгтэйн алга болсон хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин баривчлагджээ
АНУ-ын Аризона мужийн Финикс хотын цагдаа нар Навахо үндэстний ахмад настан Элла Мэй Бегэйгийн алга болсон хэрэгтэй холбоотойгоор ял шийтгүүлж байсан Престон Толтыг хулгайн хэргээр дахин баривчилжээ. Шинэ хэрэг нь түүнийг холбооны шоронд буцаан хорих үндэслэл болж магадгүй байна.
Өдгөө 27 настай Престон Толт нь 2021 онд Аризонагийн Навахо үндэстний сууринд амьдардаг, есөн ач, зээтэй, нэхмэл урлалын алдартай мастер Элла Мэй Бегэй алга болсон хэрэгтэй холбоотойгоор ял шийтгүүлсэн цорын ганц хүн юм. Тэрээр Бегэйгийн автомашиныг хулгайлж, зодож, замын хажууд орхисноо хүлээн зөвшөөрсөн ч Бегэй өнөөг хүртэл олдоогүй хэвээр байна.
Финикс хотын цагдаа нар энэ долоо хоногт айлын гэрт хууль бусаар нэвтэрсэн тухай дуудлагын дагуу Толтыг хэргийн газрын ойролцоо баривчилжээ. Түүнийг сэжигтний хувцастай адил хувцас өмссөн, хутга биедээ авч явсан байсан гэж шүүхийн баримтад дурдсан байна. Түүнд Марикопа тойрогт орон байрны хулгайн нэг зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа аж.
Толт энэ оны зургаадугаар сард буюу Элла Мэй Бегэй алга болсноос хойш яг таван жилийн дараа холбооны шоронгоос хугацаанаасаа хоёр жилийн өмнө суллагдсан юм. Тэрээр шилжилтийн байрлах төвд хяналтан дор амьдарч байсан бөгөөд хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх, аюултай зэвсэг авч явахыг хориглосон нөхцөлтэй байжээ. Гэвч долоодугаар сарын эхээр согтуугаар байрдаа ирж дүрэм зөрчсөн тул хяналтын ажилтанд нь мэдэгдсэн байна. Толтыг баривчлагдах үед АНУ-ын Маршалын албаны хүчинтэй баривчлах захирамж мөн гарсан байжээ.
Элла Мэй Бегэйгийн ар гэрийнхэн Толтыг эрт сулласан шийдвэрийг шүүмжилж, шинэ хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Түүний хүү Жералд Бегэй "Энэ удаа өөр хүн хохироогүй нь азтай хэрэг. Түүнийг суллах шийдвэр гаргасан хүмүүс одоо хариуцлагаа бодох хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн байна.
Элла Мэй Бегэйгийн хэрэг нь АНУ-д уугуул иргэд, ялангуяа уугуул эмэгтэйчүүд ор сураггүй алга болох, амь насаа алдах явдал түгээмэл байгааг анхааралд оруулсан томоохон хэргүүдийн нэг болсон бөгөөд түүний хувь заяа өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй хэвээр байна.
Цаг үе
Стандартын бус дуу чимээтэй тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж байна
Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна. Нийслэл хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд” MNS 4599:2026 стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн, Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 4.4-д заасан “Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, зөрчилтэй тээврийн хэрэгсэлд тавих хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

Цаг үе
xAI Миннесота мужийн шинэ хуулийг эсэргүүцэн шүүхэд ханджээ
Илон Маскийн үүсгэн байгуулсан xAI компани АНУ-ын Миннесота мужийн хиймэл оюунаар бодит хүмүүсийн хуурамч нүцгэн зураг бүтээх технологийг хориглосон шинэ хуулийг эсэргүүцэн холбооны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Миннесота мужийн хууль энэ оны тавдугаар сард батлагдсан бөгөөд наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр товлогдсон байна. Уг хууль нь хиймэл оюуны тусламжтайгаар бодит хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг, дүрс бичлэг бүтээх боломж олгодог технологийг хязгаарлах зорилготой бөгөөд АНУ-д ийм төрлийн анхны зохицуулалтад тооцогдож байна.
Харин xAI компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зөвшөөрөлгүйгээр ийм төрлийн дүрс бүтээж түгээхийг хориглохыг эсэргүүцэхгүй ч шинэ хууль нь үүнээс хэтэрч, хууль ёсны болон зөвшөөрөлтэй контент хүртэл хамарч, хиймэл оюуны үйлчилгээ үзүүлэгчдэд нэг зөрчил тутамд 500 мянган ам.долларын торгууль ногдуулах боломжтой гэж үзжээ. Мөн үйлчилгээ үзүүлэгчид хууль зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд чин шударгаар ажилласан тохиолдолд хамгаалах зохицуулалт байхгүй гэж мэдэгдсэн байна.
Миннесота мужийн Ерөнхий прокурор Кит Эллисон уг хуулийг хамгаалж, хиймэл оюунаар хүмүүсийн зөвшөөрөлгүйгээр хуурамч нүцгэн зураг бүтээх нь хүний нэр төр, сэтгэл зүй болон хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэж мэдэгджээ.
xAI компани Грок хиймэл оюуны үйлчилгээнийхээ ашиглалтын нөхцөлд хүний хувийн нууцыг зөрчих, зөвшөөрөлгүйгээр хүний дүр төрхийг өөрчилж бэлгийн шинжтэй зураг бүтээхийг хориглодог бөгөөд ийм төрлийн зөрчил илэрвэл хэрэглэгчийн эрхийг хаах зэрэг арга хэмжээ авдаг гэж шүүхийн баримтдаа дурдсан байна.
-
Цаг үе2020/06/23
Галын автомашиныг усаар хангах далд усны цэгийн хяналт шалгалтыг хийлээ
-
Цаг үе2022/12/30
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна
-
Улстөр нийгэм2021/12/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хий...
-
Цаг үе2025/09/17
Япон, БНСУ-ын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоодын удирдлагуудыг хүлээн авч...
