Улстөр нийгэм
Засгийн газар төрийн 516 үйлчилгээг E-Mongolia системд нэгтгээд байна
Иргэд, олон нийтэд үйлчлэх “E-Mongolia” төв Төв шууданд ажиллаж эхэллээ. Төв нь төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимаар үзүүлж заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлж байна. Иргэд мөн энэ төвд ирж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл зэргээ илэрхийлж болно. Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг ч энэ төвд нэгтгэн ажиллуулж эхэллээ. Ингэснээр иргэд үйлчилгээ авах гэж хүнд суртал, чирэгдэлд өртөх, цаг хугацаа их зарцуулах, төрийн нэг байгууллага нь бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаарддаг зэрэг нь үгүй болж байна.
Төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Тэрээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа 100 хоногт багтаан иргэдээ цар тахлын эсрэг дархлаажуулалтад хамруулах, төрийн 500-аас доошгүй үйлчилгээг цахимжуулж E-Mongolia системд нэгтгэх, Цахим үндэстэн болох зорилт дэвшүүлснээ мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалт нийслэлд 93, орон нутагт 70 орчим хувьтай байна.
Ерөнхий сайд “Төр иргэндээ нээлттэй байх ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулснаар хүнд суртал, чирэгдэл, авлига үгүй болно. Энэ нь сайн засаглал руу шилжиж байгаа нэг алхам. Авлигын индексийг хоёр оронтой тоонд оруулах суурь нь “E-Mongolia” иргэд, олон нийтэд үйлчлэх төв. Цаашид төрийн бүх үйлчилгээг энэ системд нэгтгэж, Цахим хөгжлийн яам байгуулна. Ирэх гурван жилд хийж хэрэгжүүлэх үр дүнтэй, хамгийн том өв болж үлдэх ажлуудын нэг нь цахим шилжилт. Засгийн газар үүний төлөө иргэдтэйгээ хамтарч шаардлагатай бүхнийг хийх болно. Урьд нь авлигын хөрсөнд ургасан шарилжтай тэмцдэг байсан бол одооноос хөрсийг нь үгүй болгох шинэчлэл эхэллээ” гэв.
Нийслэлийн хувьд 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг E-Mongolia системд бүрэн шилжүүлээд байна. Цаашид Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн санхүүжилтээр найман байгууллагын 20 үйлчилгээнээс гадна 34 төрлийн тусгай зөвшөөрлийн үйлчилгээг цахимжуулахаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэллээ. Өнөөдрийн байдлаар иргэд E-Mongolia системээс давхардсан тоогоор 1,6 сая үйлчилгээг цахимаар авчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Сэтгэгдэл