Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна.
2021 оны 05 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөдийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна 13-15 хэм дулаан байна.
2021 оны 05 дугаар сарын 14-нөөс 05 дугаар сарын 18-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16-17-нд нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 14-нд нутгийн зүүн хагаст, 17-нд нутгийн баруун хагаст сэрүүн байна. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
Цаг үе
Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цаг үе
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд
БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.
WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ
Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.
Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.
DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.
Baidu Maps – Газрын зураг, чиглэл
Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.
12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.
Цаг үе
Навахо эмэгтэйн алга болсон хэрэгт ял шийтгүүлсэн этгээд дахин баривчлагджээ
АНУ-ын Аризона мужийн Финикс хотын цагдаа нар Навахо үндэстний ахмад настан Элла Мэй Бегэйгийн алга болсон хэрэгтэй холбоотойгоор ял шийтгүүлж байсан Престон Толтыг хулгайн хэргээр дахин баривчилжээ. Шинэ хэрэг нь түүнийг холбооны шоронд буцаан хорих үндэслэл болж магадгүй байна.
Өдгөө 27 настай Престон Толт нь 2021 онд Аризонагийн Навахо үндэстний сууринд амьдардаг, есөн ач, зээтэй, нэхмэл урлалын алдартай мастер Элла Мэй Бегэй алга болсон хэрэгтэй холбоотойгоор ял шийтгүүлсэн цорын ганц хүн юм. Тэрээр Бегэйгийн автомашиныг хулгайлж, зодож, замын хажууд орхисноо хүлээн зөвшөөрсөн ч Бегэй өнөөг хүртэл олдоогүй хэвээр байна.
Финикс хотын цагдаа нар энэ долоо хоногт айлын гэрт хууль бусаар нэвтэрсэн тухай дуудлагын дагуу Толтыг хэргийн газрын ойролцоо баривчилжээ. Түүнийг сэжигтний хувцастай адил хувцас өмссөн, хутга биедээ авч явсан байсан гэж шүүхийн баримтад дурдсан байна. Түүнд Марикопа тойрогт орон байрны хулгайн нэг зүйл ангиар хэрэг үүсгээд байгаа аж.
Толт энэ оны зургаадугаар сард буюу Элла Мэй Бегэй алга болсноос хойш яг таван жилийн дараа холбооны шоронгоос хугацаанаасаа хоёр жилийн өмнө суллагдсан юм. Тэрээр шилжилтийн байрлах төвд хяналтан дор амьдарч байсан бөгөөд хяналтын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх, аюултай зэвсэг авч явахыг хориглосон нөхцөлтэй байжээ. Гэвч долоодугаар сарын эхээр согтуугаар байрдаа ирж дүрэм зөрчсөн тул хяналтын ажилтанд нь мэдэгдсэн байна. Толтыг баривчлагдах үед АНУ-ын Маршалын албаны хүчинтэй баривчлах захирамж мөн гарсан байжээ.
Элла Мэй Бегэйгийн ар гэрийнхэн Толтыг эрт сулласан шийдвэрийг шүүмжилж, шинэ хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлжээ. Түүний хүү Жералд Бегэй "Энэ удаа өөр хүн хохироогүй нь азтай хэрэг. Түүнийг суллах шийдвэр гаргасан хүмүүс одоо хариуцлагаа бодох хэрэгтэй" хэмээн мэдэгдсэн байна.
Элла Мэй Бегэйгийн хэрэг нь АНУ-д уугуул иргэд, ялангуяа уугуул эмэгтэйчүүд ор сураггүй алга болох, амь насаа алдах явдал түгээмэл байгааг анхааралд оруулсан томоохон хэргүүдийн нэг болсон бөгөөд түүний хувь заяа өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй хэвээр байна.
-
Улстөр нийгэм2026/06/04
Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
-
Үзэл бодол2024/10/04
Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохи...
-
Шударга мэдээ2021/01/20
БНЭУ-аас ойрын хугацаанд вакцин нийлүүлнэ
-
Цаг үе2023/11/10
Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй нярайд мэс засал амжилттай хийлээ

