Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.

Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт хүргүүлсэн болно.

ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГ:

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн хамрах хүрээг эрх зүйн шалгуургүйгээр хэт өргөтгөж байгаа энэхүү хууль нь төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлал, хууль дээдлэх тухай төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, шүүхэд хандах Монгол Улсын иргэний үндсэн эрх болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах Үндсэн хуулиар хүлээсэн төрийн үүрэгтэй огт нийцэхгүй гэж үзэж байна.

1.Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6 дахь заалтуудын хамрах хүрээг хэт өргөтгөсөн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.а буюу “батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр” гэсэн дэд заалтын хүрээнд батлан хамгаалах чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, тэдгээрийн харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, аюулгүй байдлын салбар дахь Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, гадаад бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр гаргасан Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг …эрхэлсэн ажил, албан тушаал, …боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан бол Арван зургадугаар зүйлд “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, шүүхэд хандах” зэрэг Монгол Улсын иргэний эдлэх үндсэн эрх, эрх чөлөөг нэрлэн зааж, хуульчлан баталгаажуулсан.

Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийн дор тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргаж буй хуулийн энэ өөрчлөлт тухайн салбарт ажиллагсдын эрх зүйн баталгааг бүрэн алдагдуулах үр дагавартай тул Үндсэн хуулийн дээрх заалтуудад нийцэхгүй юм. Үүнийг хуулийн хэрэгжилтээс үүдэн гарах сөрөг үр дагавруудын зөвхөн нэг жишээ гэж үзэж болно.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг бөгөөд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байна.

2.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.б буюу “Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа” гэсэн дэд заалтын хүрээнд төрийн өмч хувьчлалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэрүүд, ашигт малтмалын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаал, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын тушаал, шийдвэрүүд, байгалийн нөөцийн удирдлагын талаарх Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал, тэдгээрийн харьяа байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа зэрэг асар өргөн хүрээний асуудал мөн л ямар нэгэн ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна.

Түүнчлэн уг дэд заалт нь утга агуулгын хувьд дээрх 3.1.7 дахь заалтдаа захирагдахааргүй, бие даасан хэмжээнд томьёологдсон байна. Тухайлбал, …төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж байгаа шийдвэр, үйл ажиллагаа гэсэн нь 3.1.7 дахь заалтаасаа агуулгын хувьд өөр, бие даасан утга илэрхийлж байгааг анхаарах шаардлагатай.

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан бол Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Үүний хүрээнд ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон үйл ажиллагаанд орон нутгийн саналыг авах буюу харгалзах шаардлагыг хуульчилсан байдаг.

Хэдийгээр Захиргааны ерөнхий хуульд оруулж байгаа энэ өөрчлөлтөөр замбараагүй, хяналтгүй, үр өгөөж муутай байгаа ашигт малтмалын салбарт өөрчлөлт гарч, байгалийн баялгаа зохистойгоор ашиглах чиглэлд төрийн хяналт сайжран, үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн ойлголтыг нийгэмд түгээж байгаа боловч нөгөө талдаа Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийн дор Үндсэн хууль болон түүнтэй нягт уялдсан хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн байдлаар хадгалж, хамгаалах шаардлагатай газар нутагт ашигт малтмал олборлох шийдвэрийг гаргах, ингэж гарсан Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэрийг шүүх хянахгүй байх, эрх ашиг нь зөрчигдөж байгаа иргэд шүүхээр эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх зэрэг ноцтой үр дагаврууд бий болох эрсдэлтэй. Энэ нь мөн үүсэж болох сөрөг үр дагавруудын нэг бөгөөд өмч хувьчлалын болон бусад асуудлын хүрээнд ч эрсдэлтэй, эргэлзээтэй зүйлүүд олон байна.

Иймд Улсын Их Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа гэсэн томьёолол нь хэрэг дээрээ хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг нэгтгэн зангидаж, төрийн эрх мэдэл харилцан тэнцвэртэй байх зарчмыг алдагдуулаад зогсохгүй Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан иргэний үндсэн эрхийн баталгааг бүрнээ алдагдуулахад хүргэж буй тул хуулийн өөрчлөлтийг дахин нягталж үзэх нь зөв гэж үзэж байна.

3.Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтын “тайлбар” хэсэгт буй “улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх” гэсэн томьёололд улс төрийн шийдвэр гэдгийг хэрхэн яаж ойлгохыг хууль зүйн үүднээс тухайлан тодорхойлоогүй байх төдийгүй тухайн ойлголтыг “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор…” гэж “улс төрийн шийдвэр” гэх ойлголтоос тэс өөр утгаар тайлбарласан. Ингэснээр уг хуулийн 3.1.7 дахь “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан Засгийн газрын дараах шийдвэр” гэсэн заалт нь 3.1.7.а, 3.1.7.б гэсэн дэд заалтуудаа “улс төрийн шийдвэр гэсэн агуулгын хүрээнд” хашиж, хязгаарлах боломжгүйд хүрч байна.

Тодруулбал, уг хуулийн 3.1.7 дахь заалт “тайлбар” хэсгийнхээ агуулгаар буюу “Улсын Их Хурлын шийдвэрээр Засгийн газарт хүлээлгэсэн эрх, үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор гаргаж буй Засгийн газрын болон түүний харьяа байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг ойлгоно” гэсэн утгаар тайлбарлагдаж, хууль хэрэглээнд гажуудал үүсэх магадлалтай бөгөөд үүнийг “хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар хуулийг бичих” тухай заасан Хууль тогтоомжийн тухай хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж болохоор байна.

4.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан.

Үүний хүрээнд Улсын Их Хурал Үндсэн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцаа, иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөнд илт харшилж, зөрчил үүсгэх эрсдэлтэй хуулийг зохих ёсоор засаж, залруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь заалтад буй “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэсэн нэр томьёо, түүний тайлбар нь ойлгомж муутай, Монголын нөхцөлд танил бус гэсэн үндэслэл бүхий шүүмжлэл гарч байгааг үгүйсгэхгүй бөгөөд үүнийг маргаангүй байдлаар өөрчлөн томьёолох боломжтой юм. Тухайлбал “улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэснийг “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэж өөрчилж болно.

Захиргааны эрх зүйн салбарт төдийгүй Захиргааны хэргийн шүүхийн практикт өнөөг хүртэл нэг мөр болж чадаагүй, олон янзаар тайлбарлагдан маргаан дагуулдаг, зарим нэг улс орны хууль тогтоомжид тусгалаа олсныг эс тооцвол төдийлөн түгээмэл бус “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” гэсэн нэр томьёо, ойлголтыг манайд харьцангуй төлөвшсөн ойлголт болох “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэсэн ойлголтоор өөрчлөх нь олон талын ач холбогдолтой. Үүнд:

1.Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн эрх зүйн хүрээгээр тодорхойлогдох бөгөөд Монголын хууль зүйн шинжлэх ухааны нэг томоохон чиглэл болон хөгжиж байгаа нь энэ талаар цаашид маргалдах магадлалыг эрс багасгана.

2.Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа нь агуулгын хувьд өөртөө дээрх улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэсэн ойлголтыг бүрэн багтаана. Тухайлбал, Засгийн газар, Улсын Их Хурлаас улс төрийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох, сонгуулийн амлалтыг хэрэгжүүлэх, улс төрийн өндөр дээд албан тушаалтныг сонгох, томилох, огцруулах үйл ажиллагаа зэрэг нь дан ганц Үндсэн хуулийн эрх зүйгээр зохицуулагдах харилцаа тул захиргааны үйл ажиллагаанд хамаарахгүй юм.

3.Эх газрын эрх зүйн системтэй голлох зарим орны Захиргааны үйл ажиллагааны тухай хуульд “Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй үйл ажиллагаа” гэсэн нэр томьёо нэгэнт тусгалаа олон хэрэгжиж байх бөгөөд энэ нь захиргааны үйл ажиллагаанд хамаарахгүй гэсэн агуулгыг илэрхийлдэг. Энэ жишгээр хуулийг өөрчилж чадвал Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа болон Захиргааны эрх зүйн салбарын харилцааны зааг ялгаа улам тодорхой болж, Монгол Улс дахь энэ хоёр салбар эрх зүйн зохицуулалт боловсронгуй болох, түүний практик нь цаашид олон улсын жишигт хүрэн хөгжих сайн талтай.

Иймд эдгээр асуудлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү гэжээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы 09 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд ажлын хэсэг, байнгын, дэд хорооны хэлэлцэх асуудал, хуваарийг таницуулж байна.


НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 16-ны Даваа гарагт

- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 350 тоот өрөөнд.


09 дүгээр сарын 17-ны Мягмар гарагт:

- Улсын Их Хурлын даргын 177 дугаар захирамжаар байгуулагдсан “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд.

09 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

- Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас 350 тоот өрөөнд;

- Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.


ХОЁР. БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 16-ны Даваа гарагт:

1. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн талаар.

09 дүгээр сарын 18-ны Лхагва гарагт:

1. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

- “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг болно

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэ өдрүүдэд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг танилцуулж, иргэдэд мэдээ, мэдээлэл өгөх бөгөөд яам, агентлагууд салбарынхаа ажлыг сурталчлан, хариуцсан чиглэлээрээ төрийн зарим үйлчилгээг хүргэх юм. 

2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын Ажлын алба, Шадар сайдын Ажлын алба, Сангийн яамны өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлнэ.

Өдөрлөгийн үеэр Улаанбаатар-Дархан, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх автозамын шинэчлэл, өргөтгөл, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, орон сууцны “Солонго I, II хороолол төсөл”, нисэх онгоцны шинэ буудал, “Шинэ сум” төсөл, Байгалийн түүхийн музей, Төв цэвэрлэх байгууламж, цэнгэлдэх хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтын ажлын өнөөгийн явцын талаар танилцуулна. Мөн Ерөнхий сайд, Шадар сайд, Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд ажлаа сурталчлах юм. 

2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Иргэд, олон нийттэй харилцах төв иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, хөрөнгө оруулагчдад нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх, татвар төлөгч иргэний бүртгэлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах, автомашины дугаар олгох, шилжүүлэх, татварын өр, тооцоотой эсэх тодорхойлолт гаргах, ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах болон барилгын зураг хянуулах хүсэлт хүлээн авах, мал амьтан, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээ, мэдэгдлийг судлан газар дээр нь олгох, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалт хийх, стандартын сургалтын бүртгэл явуулна.  

Төрийн банк үнэгүй данс, карт нээж өгч, Гялс банкны үйлчилгээ үзүүлэх бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК үнэт цаасны эзэмшил, өмчлөх эрх, бүртгэл, компаниудын ногдол ашиг, хувь тараах талаар  мэдээлэл өгөх юм байна.

“Монголын хөрөнгийн бирж” ХХК “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ягаан, цэнхэр тасалбар, ногдол ашиг зэрэгтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авна.

Зээлийн батлан даалтын сан, малын индексжүүлсэн даатгал, бусад төрлийн даатгал болон “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл”, “Хөгжлийн хөтөч, дэд бутэц төсөл”, “Тогтвортой амьжиргаа-3 төсөл”, “Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”, Бичил санхүүгийн хөгжил төсөл”, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл” зэрэг төслийн талаар танилцуулах юм.

Цаашид яам, агентлагууд хуваарьт өдрөө ажлаа тайлагнахаас гадна иргэдэд төрийн зарим үйлчилгээ үзүүлнэ.

Тухайлбал:

-  2019.9.17  Гадаад харилцааны яам - Консулын газар иргэдэд зөвлөгөө өгөх, Монгол Улсад суугаа Дипломат болон олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газрууд тухайн улсынхаа үндэсний хоол, бүтээгдэхүүнээр үйлчилж, мэндчилгээ дэвшүүлэх

-  2019.9.18  Эрүүл мэндийн яам - Төрөлжсөн мэргэшлийн эмчийн үзлэг, оношилгоо, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, хүүхдийн хараа, чих, хамар, хоолой зэрэг үзлэг

-  2019.9.19  Хууль зүй, дотоод хэргийн яам - Цагдаагийн байгууллагад өгөх иргэдийн санал, хүсэлт, өргөдөл хүлээн авна. Иргэний болон хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, оюуны өмчийн эрхийн мэдүүлэг авах, гадаадын иргэний виз, зөвшөөрөл, цахим визний танилцуулга, зөвлөгөө 

-  2019.9.20  Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Тусгай зөвшөөрлүүдийн материал бүрдүүлэлт, сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх,  “Ногоон хэрэм” төслийн хүрээнд мод тарих зэрэг зөвлөгөө

-  2019.9.21  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам - Ажлын байрны захиалга авч, ажилгүй иргэдийг зуучлах, нийгмийн халамжийн бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх, тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, одонтой ээж, жирэмсэн эхчүүдийн материал, насны хишигтэй холбоотойгоор ахмадуудын өргөдлийг хүлээн авах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карт олгох, сунгах, протез, ортопедийн танилцуулга, захиалга авах

-  2019.9.22  Зам, тээврийн хөгжлийн яам - Төмөр зам, авто зам, агаарын тээврийн  салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, иргэдийн санал бодлыг хүлээн авах

-  2019.9.23  Барилга, хот байгуулалтын яам - Тусгай зөвшөөрлийн хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах, газар өмчлөх, эзэмших, ашиглах, газар эзэмших эрхийн барьцаанд бүртгэх, бүртгэлгүй эсэх лавлагаа олгох, үл хөдлөх хөрөнгийн судалгаа, цэвэр, бохир ус, дулааны төлбөр тооцооны бодолт, үнэ тарифын мэдээлэл, зөвлөгөө өгөх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэх,

-  2019.9.24  Батлан хамгаалах яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам - Зэвсэгт хүчний зэвсэг, техникийн үзэсгэлэн, жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, Цэргийн төв эмнэлгийн эмч нарын үнэгүй зөвлөгөө, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон бусад сангаас олгодог зээлтэй холбоотой мэдээлэл, малын эмийн хэрэглээний хяналт, баталгаажуулалт, үзэсгэлэн худалдаа, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалахад зориулсан зөвлөгөө

-  2019.9.25  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Геологи, уул уурхай, хүнд үйлдвэр, газрын тосны салбарын чиглэлээр мэдээлэл өгч танилцуулах, иргэдийн өргөдөл, гоидлыг хүлээн авах

-  2019.9.26  Эрчим хүчний яам - Иргэдийн гомдлыг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх, цахилгаан, дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжээс өргөдлийг цахимаар хүлээн авах талаар зөвлөгөө өгөх, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, шинжлэх ухаан, инновацийн шинэ бүтээл, техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаа 

-  2019.9.27  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам - Их, дээд сургуульд суралцагчид тэтгэлэг, зээлд хэрхэн хамрагдах, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаархи мэдээлэл, хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн хамрагдалт, ирц, үнэлгээ, гэрийн даалгавар зэргийг эцэг эхчүүд гар утаснаасаа шууд үзэх боломжтой системийг танилцуулах, гар утсанд суулгаж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. 

2019 оны 09 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд соёл, урлагийн байгууллагууд 18.00-19.30 цагт Д.Сүхбаатарын талбайд уран бүтээлээ толилуулна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна

Огноо:

,

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БОХХАА-н байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар энэ амралтын өдрүүдэд газар тариалангийн бүс нутаг Төв, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

Ерөнхий сайд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын “Элсэн цагаан” ХХК, Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын “Агро Шим” ХХК-ийн тариан талбайгаар зочилж ургац хураалтын явц байдалтай танилцлаа. Мөн Улсын аварга ногоочин Б.Хадбаатарын төмс, хүнсний ногооны талбайд очиж ургац хураалттай танилцсан юм.

Энэ онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо, 82.4 мянган га-д тосны, 42.0 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн юм. 

Урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн тооцоо гарч байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын танилцуулснаар, энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал хэвийн байгаа бол Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойд талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа юм байна. Гэсэн хэдий ч ургац хураалтын ажлыг цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулж технологийн зөвлөмжийн дагуу шуурхай зохион байгуулж улаан буудайн хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах боломжтой юм байна.

Энэ жил улсын хэмжээнд 340 мян га-д үр тариа тариалсан бөгөөд 400 мянга орчим тонн улаанбуудай хураахаар төлөвлөжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүн амаа хүнс тэжээлээр хангах буянтай хариуцлагатай ажлаа нэр төртэй хийж байгаа тариаланчдад талархал илэрхийлээд, стратегийн хүнсний бүтээгдэхүүн гурилын үнийг тогтвортой байлгах, хангамжийг сайжруулах үүднээс улаанбуудайн урамшууллыг тонн тутамд нь 50 мянган төгрөгөөр тооцон олгож ирснийг энэ жилийн нөхцөл байдал тариаланчдын хүсэлтийн дагуу улаанбуудайн урамшууллыг 50 мянган төгрөгөөр нэмж, 100 мянгад хүргэнэ гэдгээ Төв аймгийн Угтаалцайдам сумын тариаланчидтай уулзахдаа мэдэгдлээ. Тэд өнөөдөр Төв аймгийн Цээл суманд үргэлжлүүлэн ажиллах юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох