Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол боллоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай 131 дүгээр зарлигийг гаргасан.

Зарлигийн дагуу Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолыг Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр /2021.05.30/ үйлдлээ.

Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирснээр Их Богд хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол эхэлсэн юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын талбайн голд залав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн нар үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгэндээ:

“Баянхонгорчууд аа,

Ард иргэд ээ,

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг Их Богд хайрхны төрийн тахилгад хүрэлцэн ирсэн бүх хүмүүст мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Баянхонгор аймгийн иргэдийн хүсэлт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг дэмжиж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай” 131 дүгээр зарлигийг гаргасан билээ. Үүний дагуу өнөөдөр энэ бэлгэт сайн өдөр Их Богд хайрхнаа тахиж байна.

Уул овооны тайлга тахилга бол мухар сүсэг, улирсан ёс заншил огт биш. Энэ бол үеийн үед байгалиа дээдэлж, зохицон амьдрахыг чухалчилж ирсэн нүүдэлчин ард түмнээс үр хойчдоо нутаг усаа хайрлан хамгаалахыг сургаж, ухааруулах, дадал болгох агуулгатай уламжлалт ухаан юм. Сав шим ертөнцийн жам зохилдлогыг танин барьж, зохирон аж төрдөг монголчууд байгалийг сөрөх, дийлэх гэж муйхарлах бус жам ёсыг нь танин зохицож, ээл ивээлд биширч, дээдлэл хүндэтгэлээ үзүүлэн элбэрэл даатгалыг хүсэн талбидаг уламжлалт зан үйл нь уул усны тахилга билээ.

Энэ бол байгаль, эх нутгаа хайрлан хүндэтгэх, хамгаалахыг үеэс үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм.

Өнөөдөр Та бидний тахиж, тайж буй Их Богд уул нь далайн түвшнээс 3,957 метр өндөрт, 262 мянга 856 га талбайг эзлэн оршдог. УИХ-ын 2008 оны 5 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангилалд оруулж, улсын тусгай хамгаалалтад авсан нутаг юм. Хайрхны ургамлын зүйл гэхэд ойн хэлбэртэн, бүрхүүл үртний 51 овог, 218 төрөл, 500 гаруй зүйл бүртгэгдсэн. Энд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн 25 хувь нь идээшин амьдардаг. Дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ан амьтад амьдарч, вансэмбэрүү, алтан гагнуур, лидэр зэрэг ховор эмийн ургамлууд ургадаг ариун дагшин газар юм. Хамгаалахгүй, тахихгүй байхын аргагүй өгөөжтэй уул, сүрлэг сайхан хайрхан билээ.

Тэнгэр газарт шүтэж, уул усаа түшиж ирсэн монгол заншил, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалын дагуу Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр Их Богд хайрхны анхны төрийн тахилгыг үйлдэж байна.

Ард иргэд ээ,

Баянхонгорчууд аа,

Их Богд хайрхныг төрийн тахилгат уул болгож, тахиж буй энэ ёслолын агуулгыг хүүхэд залуучуудад ойлгуулж, өдөр бүр уул усаа хайрлан хамгаалж, сүслэн дээдэлж заншихыг уриалж байна. Нутаг усаа бохирдуулах, эвдэн сүйтгэх, байгалийн баялаг, ан амьтныг устгах, олз ашгийн золиосонд үрэгдүүлэх зэрэг зохисгүй зүйлсээс сэрэмжилж, нүдний цэцгий мэт хайрлах сэтгэхүйг нийт иргэд өөртөө болон үр хүүхдэдээ суулгах нь байгаль орчинтойгоо зохицож, өнө удаан, өнөр жаргалтай амьдрахын үндэс болохыг үргэлж санаж явагтун.

Өвөг дээдсийн авшиг, буян заяаг оршоосон, өргөн түмний минь бишрэл хүндлэл шингэсэн өгөөмөр баян Их Богд хайрхан минь монгол биднийгээ ивээн, нүд сэтгэлийг баясган ашид амгалан оршиг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмэн уул усаа дээдлэн, байгаль эхтэйгээ зохирон төвшрөн жаргах болтугай.

Хурай, хурай, хурай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа Их Богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дуудан сонсгож, эх хувийг аймгийн музейд дурсгал болгон хадгалуулав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид өгөв. Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн Шүүхийн шинжилгээний газрын дэд дарга, аймгийн мэргэн, хурандаа Б.Мөнх-Эрдэнэ дуут сумыг тэнгэрт илгээлээ.

Үүний дараа лам хуврагууд “Морины сэтэр” номыг унших үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч морь сэтэрлэх ёс үйлдэж, дэлэнд нь хадаг уялаа. Сэтэрлэсэн цагаан морийг Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн малчин Д.Энх-Эрдэнийн адуун сүргээс сонгожээ.

Ийнхүү Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын буцаан залснаар төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Тахилгын ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Их Богд хайрхан уулын Гэгээн овоонд гарч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

Огноо:

,

Багш, сурагчдын ачааллыг бууруулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд 2026 оны зургаадугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  Б.Пүрэвдагва нар нийслэлийн ерөнхий боловсролын "Оюуны Ундраа" сургуульд ажиллалаа.

Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудад нийт 412 мянга гаруй хүүхэд суралцаж байна. Үүнээс 3000-аас дээш сурагчтай, ачаалал өндөртэй 38 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бол нэг ангид 46-аас дээш сурагчтай 77 сургууль бий. Хотхон, хорооллын тоо нэмэгдэж байгаа ч сургуулийн хүртээмж хангалтгүй хэвээр байна. Тиймээс энэ асуудлыг түр зуурын арга хэмжээгээр бус, бага болон ахлах сургуулийн зохион байгуулалтыг шинэчлэх замаар системтэй шийдвэрлэнэ.

"Оюуны Ундраа" сургууль нь нийслэлийн ачаалал өндөртэй сургуулиудын нэг буюу өнөөдрийн байдлаар 4700 гаруй хүүхэд суралцаж байна. Ирэх хичээлийн жилээс тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулж, дэргэдэх хүүхдийн тоо нь цөөрсөн цэцэрлэгийн байрыг бага сургуулийн зориулалтаар ашиглана. Харин одоогийн сургуулийн байрыг төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулж, намраас сурагчдаа хүлээн авч эхэлнэ. “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажил тус сургуулиас эхэлж байна. Миний хувьд хүүхэд гэрээсээ хол, түгжрэл дунд сургуульдаа явах бус, боловсролын үйлчилгээ хүүхдийн гэрт ойр байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна” гэлээ.

Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх энэхүү шинэчлэл нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлогын нэг хэсэг юм. Сургууль, цэцэрлэгийг хүүхдийн амьдарч буй орчинд ойр байгуулснаар сурагчид хол зайд зорчих шаардлагагүй болж, өглөө, оройн оргил цагийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Төрийн шагналд математикч эрдэмтдийн шинэ онолын бүтээл нэр дэвшжээ

Огноо:

,

Хиймэл оюун ухаан, их өгөгдөл, өндөр хүчин чадлын тооцоолол хөгжлийн чухал хэмжүүр болж буй энэ цаг үед Монголын эрдэмтдийн тооцон бодох математикийн чиглэлээр гаргасан бүтээл Монгол Улсын Төрийн шагналд нэр дэвшжээ.

Тодруулбал, Монгол Улсын Төрийн шагналт, академич, математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, академич, математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт бүтээлийг нэр дэвшүүлсэн байна.

Эрдэмтдийн судалгааны хүрээнд шугаман бус бодлогыг бодох Ньютон төрлийн шинэ итерацийн аргууд, мөн зарим хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийг бодох өндөр эрэмбийн төгсгөлөг ялгавар болон төгсгөлөг элементийн аргуудыг боловсруулжээ.

Эдгээр арга нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм, эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөл, математик загварчлал шаарддаг олон салбарт ашиглагдах боломжтойг тодорхой жишээн дээр туршиж, баталгаажуулсан гэж судлаачид үзэж байна.

Мөн уг судалгааны чиглэлээр гарсан бүтээлүүд олон улсын Springer Nature хэвлэлийн газарт хэвлэгдэж, Elsevier Scopus зэрэг олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэгджээ. Түүнчлэн Монгол эрдэмтдийн бүтээлүүд олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын номын сангуудаар дамжин эрдэмтэн, судлаачдын хүртээл болж эхэлсэн байна.

Тооцон бодох математик нь бодит амьдралын нарийн төвөгтэй үзэгдэл, процессыг математик загварчлал, алгоритм, компьютерын тооцооллоор шийдвэрлэхэд чухал үүрэгтэй салбар юм. Иймээс Монгол эрдэмтдийн боловсруулсан шинэ онол, аргууд нь шинжлэх ухаан, технологийн хөгжлийн орчин үеийн чиг хандлагатай уялдаж буйгаараа онцлог юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Огноо:

,

 
2026.06.19 /Баасан гараг/
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 
Хуралдаан
10:00
Танхим
Их хуралдай
Хэлэлцэх асуудал
10

1. Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай х уулийн төсөл / Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /

2. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

3. Ойн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 18 гишүүн 2026.06.04 -ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

4. Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / Засгийн газар 2026.06.17 - ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэ…

5. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд / УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 72 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут…Төслийн PDF

6. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн Д.Ганмаа нарын 46 гишүүн 2026.05.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

7. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

8. Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуул ийн төсөл / Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

9. Төрийн нууцын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд / УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын 18 гишүүн 2026.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх , асуулт асуух хугацаа 60 минут /Төслийн PDF

10. “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн /Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Санал болгох