Шударга мэдээ
Энэ хичээлийн жилд нийслэлд 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ
2019-2020 оны хичээлийн жил эхэллээ. Энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 241, төрийн бус өмчийн 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Харин нийслэлийн ерөнхий боловсролын төрийн өмчийн 138, төрийн бус өмчийн 115 сургуульд 294 084 хүүхэд суралцах юм. Эдгээр хүүхдийн 38 232 нь нэгдүгээр ангид элсэн орж буй.
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба тэргүүтэй холбогдох албаныхан Сүхбаатар дүүргийн I сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Мөн тус сургуулийн хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцсон.
Арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва боловсролтой, үндэсний ёс заншлаа дээдэлж, зөв төлөвшилтэй, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх эрхэм үүргийг хариуцлагатай авч яваа багш, ажилтнуудад баярын мэнд дэвшүүлж, тус сургуулийн босгыг алхан орж буй 200 гаруй хүүхэд болон ирэх хавар сургуулиа төгсөх сурагчдад сурлагын өндөр амжилт хүссэн юм. Мөн тэрбээр тив, олон улсын хэмжээний олимпиадуудаас алтан, мөнгө, хүрэл медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд мандуулсан I сургуулийн сурагчдад талархал илэрхийлсэн.

Дашрамд сонирхуулахад, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг дээшлүүлэх Засгийн газрын болон нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд улс, нийслэл, дүүрэг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр энэ жил нийслэл хотод есөн сургууль, 15 цэцэрлэг, спорт заалны гурван барилгыг ашиглалтад оруулаад байна.
Мөн өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлсэн аж.
Шударга мэдээ
Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.
Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.
2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.
Шударга мэдээ
Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.
Шударга мэдээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо.
Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.
-
Улстөр нийгэм2023/10/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад ор...
-
Улстөр нийгэм2025/03/20
УИХ: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч...
-
Цаг үе2020/07/13
Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна!
-
Улстөр нийгэм2025/03/17
Улсын Их Хурлын 2025 оны Хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
