Шударга мэдээ
Ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах боломжтой генийн нөөц хадгалах сантай танилцлаа
Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжлагын баг аяллаа үргэлжлүүлсээр байна. Өвөрмонголын Баяннуур хотын “Тэнгэрийн Хишигт Бортохой” компанитай талилцлаа. Баяннуур аймгийн засаг захиргаа болон “Мэн Цао” групп хамтран өөр бусад долоон аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан үр тарианы техникийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Товчхондоо бол ургамлын үрийг тухайн тариалах газрын хөрсөнд нь зохицуулан судалдаг, газар газрын хөрсийг цуглуулж судлан ямар хөрсөнд ямар ургамал илүү сайн ургахыг тооцоолон гаргадаг компани гэсэн үг юм. Энэ ажил нь байгаль орчныг нөхөн сэргээхэд илүү түлхүү үр дүнгээ өгч байгаа гэж байсан.

Мөн үр тарианы ургацыг нэмэгдүүлэхэд тухайн газрын хөрсний бүтэц чухал үүргийг гүйцэтгэдэг гэдгийг бидэнд ойлгуулж өглөө.
Компани нь Баяннуур хотын Хөдөө аж ахуйн өндөр технологийн аж үйлдвэрийн үлгэр жишээ бүсэд байрладаг. Төслийн нийт хөрөнгө оруулалт 450 сая юань /198 тэрбум төгрөг/ бол эхний үе шатны хөрөнгө оруулалт 80 сая юань /35,2 тэрбум төгрөг/, хоёр дахь үе шатны хөрөнгө оруулалт 160 сая юань 70,4 тэрбум төгрөг/, гурав дахь үе шатны хөрөнгө оруулалт нь 210 сая юань /92,4 тэрбум төгрөг/ болжээ.

Үрийн аж үйлдвэрийн шинжлэх ухаан, технологийн парк нь нарийвчлан хэлбэл үрийн аж үйлдвэрийн дата өгөгдлөөр гол цөм болгон Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн байгалийн нөөцийг тодруулж, хийсвэр ба бодит байдлыг хослуулах аргаар үрийн хөгжлийн үйл явцыг харуулдаг.
Гермплазмын буюу генийн нөөцийн музейтэй. Энд үрийн өнгөрсөн, өнөө, ирээдүйгээр гол шугам болгон, шинжлэх ухаан, харилцан үйлчлэл, оролцоо зэрэг арга барилаар динамик, сонирхолтой орон зайг бий болгосон байдаг. Харин энд илүүтэй яригдаад байгаа гермплазмын /Генийн/ нөөцийн хэрэглээний ордон гэдгийг герплазмын нөөцийг гол төв болгон үр ба ус, хөрс, агаар, хүн, өвс, малын харьцаа холбоо, үр боловсруулах машин механизмыг харуулдаг гэдгээр ойлгож болно.
Герплазмын нөөц хадгалах сан ургамлын үрийг 30-50 жил амьдаар нь хадгалах боломжтой. Харин генийн сан, хөрс хадгалах санд цэцэрлэгт хүрээлэн, олон төрлийн суурин газраас цуглуулсан хөрсний дээжийг хадгалдаг гэж байсан. Үрийн шижилгээний төвд үрийг хураах, үрийг түр хадгалах, үрийг цэвэрлэж сонгох, үрийг хатаах, савлах, үрийн соёололт, идэвхжил, чийгийн агууламж зэргийг тодорхойлох зэрэг нарийн ажлуудыг хариуцдаг. Мөн шинжлэх ухааны судалгаа, сургалт, дадлага хийхэд зориулагддаг гэж байсан.

40 мянган метр квадрат талбай бүхий Гермплазмын нөөцийн хүрээлэнг бүтээн байгуулснаар гермплазмын нөөцийн хүрээлэнгийн менежментийн холбогдох техникийн дүрмийг боловсруулж, гермплазмыг хадгалах, шинэчлэх, үнэлэх, тодорхойлох ажлыг зохион байгуулан, амьд бодисын олон янз байдлыг хамгаалах, гермплазмын нөөцийг хөгжүүлэх, ашиглахад материаллаг үндэс суурийг хангах зорилготой юм билээ.
Мэргэжлийн шинжээчдийн багт ургамлын үр боловсруулах, ургамлыг өвчин, хортон шавьжаас хамгаалах, хөрсийг сайжруулах, ургамлын ангилал, молекул биологи, микро биологи зэрэг салбарын мэргэжилтнийг хамруулдаг.

Энэ аж ахуй 2025 он гэхэд Бортохой орчмын таримал ургамал, зэрлэг ургамлын 100 мянган төрлийн гермплазм /генийн/-ын нөөц, 100 мянган төрлийн хөрсний дээжийг цуглуулан хадгалж, 60 мү /4 га/ талбай бүхий гермплазмын нөөцийн хүрээлэнг байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Аж үйлдвэрийн паркын платформд түшиглэн үр тариа, жимс, хүнсний ногоо, зэрлэг ургамал ба цөлийн ургамлын гермплазмын нөөцийг цуглуулах, хадгалах, хөгжүүлэх, ашиглах ажлыг хийж, ургамлын шинэ төрлийн үрийг сонгох, үржүүлэхэд материаллаг үндэс суурь бүрдүүлэх нь Хатан голын сав газрын баруун хойд бүс нутгийн аж үйлдвэрлэлд чиглэсэн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих, эх орны умард хязгаарын экологийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна.

Шударга мэдээ
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Шударга мэдээ
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Шударга мэдээ
Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.
МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна.

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.
Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа.




