Улстөр нийгэм
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөхөөр шийдвэрлэлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам, Б.Саранчимэг нарын гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэпг бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн ахны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар төслийн 1 дүгээр зүйлийн “Үндэсний ном бичиг, соёлын өдрүүд” гэснийг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” гэж өөрчлөн найруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан байна. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан төслийн 1 дүгээр хавсралтад заасан медалийн болон медалийн байгуулалтын лого зургийн зарим хэмжээг өөрчлөх талаар зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулсан. Дараа нь тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжлүүлэв.
Улстөр нийгэм
Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.
Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/
• 20,000 юаниас дээш бэлэн юань;
• 5,000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай.
Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй.
Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг.
Иймд иргэд Та бүхэн:
- Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх,
- Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах,
- Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах,
- Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх,
- Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах,
- Бусдын мөнгө, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй тул иргэн Та суугаа улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчино уу.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР
Улстөр нийгэм
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм. Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Улстөр нийгэм
Эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хуулийн төслүүдийг яаралтай өргөн мэдүүлэх үүрэг өгөв
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эдийн засгийн чөлөөлөлт”, “Эрх зүйн чөлөөлөлт”, “Авлигын эсрэг чөлөөлөлт”, “Ногоон хөгжлийн чөлөөлөлт” бодлогын хүрээнд 2026 оны зургаадугаар сард ажлуудыг нарийвчлан төлөвлөн хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг эрчимжүүлэх, шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг шуурхай боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлээр холбогдох газрын дарга нарт үүрэг өгөв.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бизнесийн орчны шинэчлэлийг нэн тэргүүний зорилт хэмээн онцолж, Бизнесийн эрх чөлөөний тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслүүдийг яаралтай Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганы хугацаанд хэлэлцүүлэн батлуулах шаардлагатайг тэмдэглэлээ.
Эдгээр хууль батлагдсанаар бизнес эрхлэх эрх зүйн орчин сайжирч, төрийн хүнд суртал, олон шат дамжлага буурч, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг бодитойгоор арилгах боломж бүрдэнэ хэмээн мэдэгдсэн юм.

Түүнчлэн дараах ажлуудыг эрчимжүүлж, хэрэгжилтийг шуурхай хангах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өглөө. Үүнд:
- Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Төр, хувийн хэвшлийн хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хаврын чуулганаар батлуулах;
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж бэлтгэх;
- ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангах;
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах;
- Экспортын ажлын хэсгийн хүрээнд эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;
- Эрчим хүчний салбарын стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдийг эхлүүлэх, гэрээг үзэглэх;
- Засгийн газрын байгууллагуудын бүтэц, орон тоо, чиг үүргийн давхардлын талаар нэгдсэн тооцоо, судалгааг яаралтай гаргах.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон хөгжлийн бодлогын зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолсон юм.
