Шударга мэдээ
БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл энэ сарын 02-ны өдөр хуралдлаа. Хурлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа удирдан явуулж, төлөвлөгөөний 9 зүйл, 73 хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөлийн гишүүд танилцуулав.
Цаашид Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлж буй шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоож түүнийг арилгахад чиглэсэн ажлууд Улс, нийслэлийн хэмжээнд жишиг болохуйц хууль, хяналтын байгууллагын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа техник хэрэгслийн хангамжид онцгой анхааран ажиллана гэдгийг онцолж 2021 оны хагас жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг 92 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэлээ.
Тус зөвлөлөөс:
Баянгол дүүрэг улсын хэмжээнд анхны жишиг “Хамгаалах байр”-ыг шинээр байгуулж, эхний хагас жилийн байдлаар 51 хүүхдэд холбон зуучлах туслалцаа, үйлчилгээ хүргэж ажилласан байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар халаасны хулгайн гэмт хэрэг 34 бүртгэгдсэн бол урьд оны мөн үетэй харьцуулбал 26 буюу 43.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Баянгол дүүргийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр албан хэрэгцээнд ашиглах дрон, энгэрийн камер дагалдах хэрэгсэл, энгэрийн камерын бичлэг хуулж хадгалах төхөөрөмж, гар станц, станцын батарей, 55 инч Led дэлгэц зэрэг нийт 29,990,000 төгрөгийн үнэ бүхий техник, тусгай хэрэгслээр хангаж алба хаагчдын ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.
Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах, иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр хяналтын камерын төв сервертэй анхны дүүрэг болсон байна. Мөн Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянах,иргэдийг аюулгүй түргэн шуурхай зорчуулах чиглэлээр Замын цагдаагийн хэлтсийн байрны жижүүрийн хэсэгт камерын хяналтын хэсгийг байгуулснаар Тээврийн цагдаагийн албаны Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтэс дээр хэрэглэгдэж буй серверээс дүүргийн нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнийг шилэн кабелын тусламжтайгаар салаалан хянах зохицуулалт хийгдэж эхэллээ.
Дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг 2021 оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад нийт гэмт хэрэг, ослын шинжтэй дуудлага мэдээлэл 2966 буюу 24,9 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 906 буюу 32,5, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15 буюу -11,8, ослын улмаас хүн гэмтсэн 46 буюу 31,3, ослын улмаас нас баралт 2 дахин буурч, эд материалын хохиролтой осол 860 буюу 32,6 хувиар буурчээ гэж Баянгол дүүргийн ИТХ-аас мэдээллээ.
Шударга мэдээ
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

Шударга мэдээ
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Шударга мэдээ
Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:67 “Морин-Нисэх”, Х:7 “Туул тосгоны шинэ эцэс-Хангарьд ордон” чиглэлийн замналд “Шатахуун хангалтын алба” урд, хойд зогсоолыг шинээр нэмэв.


Мөн Х:15 “Жаргалант партизан-5 шар”, Х:21 “5 шар-Ногоон толгойн эцэс” чиглэлийн замналд “361 гарам” урд, хойд зогсоолыг шинээр нэмж, дээрх хоёр чиглэлээс гадна Х:14 “Баруун түрүүн-5 шар” чиглэлийн замналд “Баруун түрүүн засвар 3” урд, хойд зогсоол шинээр нэмэгдлээ.



Х:4 “10 шар байр-Шилжрээ” чиглэлийн замналд “Тэрэлж баруун салаа”, “Болор”, “Өгөөмөр”, “Монде тур”, “Шугуй” баруун, зүүн “UB 2”, “Ганц мод”, “Мэлхий хад” хойд, урд зогсоолуудыг нэмж, чиглэлийн нэршлийг Х:4 “Налайх(119-р цэцэрлэг)-Тэрэлж(шилжрээ)” болгон өөрчлөв.

Дээрх замналын өөрчлөлтийг долоодугаар сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
