Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Азийн Парламентын Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа

Огноо:

,

Азийн Парламентын Ассамблейгаас зохион байгуулдаг ээлжит хурал 2021 оны долдугаар сарын 14-ний өдөр  цахимаар болж, энэ удаа тус Ассамблейн Нийгэм, соёлын байнгын хороо хуралдлаа.

Цахим хурлыг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын парламентын гишүүн, тус байнгын хорооны дарга хатагтай Масомех Пашей Бахрам даргалж, гишүүн орнуудаас 20 улсын парламентын 60 гаруй төлөөлөгч оролцов.

Уг хуралд Монгол Улсын парламентыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил оролцлоо. Цахим хурлын нээлтэд байнгын хорооны дарга хатагтай Масомех Пашей Бахрам, Азийн Парламентын Ассамблей (АПА)-г даргалагч орон болох Бүгд Найрамдах Турк Улсын парламентын гишүүн Асуман Эрдоган болон АПА-н Ерөнхий нарийн бичгийн дарга Мохаммад Реза Мажиди нар тус тус үг хэлж, илтгэл тавив. 

Хуралдааны эхэнд Ази дахь эмэгтэй парламентчдын нөхцөл байдал, статусын талаар оролцогчид илтгэл тавьж, байр сууриа илэрхийлэв. АПА-н өмнөх тогтоолоор Нийгэм, соёлын байнгын хорооны харьяанд Эмэгтэй парламентчдын тусгай хороо байгуулах шийдвэр гаргасан юм.



Хурлаар Ази дахь соёлын олон янз байдлыг дэмжих, соёлын өвийг хамгаалах, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан Азийн интеграцчиллыг урагшлуулах, эрүүл мэндийн тэгш байдлыг хангах, соёлын эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхтэй тэмцэх эрхзүйн орчин, хамтын ажиллагааг сайжруулах, мансууруулах бодисын хууль бус наймааны эсрэг тэмцэхэд үр дүнтэй хамтран ажиллах, хүний хөгжил, тэр дундаа хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, насжилт зэрэг байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд тогтоолын төслүүд хэлэлцэж, парламентуудын гүйцэтгэх үүрэг, оролцоог хангах асуудлыг хөндлөө.

Дашрамд тэмдэглэхэд, 2006 онд үүсгэн байгуулагдсан АПА нь 44 гишүүн, 14 ажиглагч орныг эгнээндээ нэгтгэсэн. Азийн орнууд хоорондоо нягт холбоо тогтоон олон салбарт хамтын ажиллагаа явуулах, бүс нутагт энх тайван, аюулгүй байдал тогтоох, Азийн орнуудын статусыг олон улсын талбарт тогтворжуулах, ардчиллыг дэмжих, дэлхийд болж буй үйл явцад Азийн парламентуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, Азийн эдийн засгийн байдлыг тэнцвэржүүлж, худалдааг хөгжүүлэх, ядуурал, авлига, хүний эрхийн зөрчил, хүний наймаа, терроризмын эсрэг тэмцэх зэрэг чиглэлээр Азийн улс орнуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд АПА нь чухал ач холбогдолтой яриа хэлэлцээний талбар юм. АПА-н хурал чуулганд Монгол Улсын Их Хурлаас төлөөлөгчид идэвхтэй оролцсоор ирсэн. 

Өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулагдсан тус Ассамблейн Эдийн засаг, тогтвортой хөгжлийн байнгын хорооны цахим хуралд Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Монголын парламентыг төлөөлж, оролцсон гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсээс мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийнэ

Огноо:

,

“Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” Төрийн ордонд болж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал оролцож үг хэллээ.

Засгийн газар “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлт, ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг чөлөөлөлтийг ажил хэрэг болгохоор хариуцлагатай ажиллаж байгааг Ерөнхий сайд хэлээд Засгийн газар улс эх оронд тулгамдаад байгаа асуудлыг богино хугацаанд цаг алдалгүй шийдэж, үнийн өсөлт, ядуурал, ажилгүйдлийг бууруулж, хөдөлмөр эрхлэгчид болон бизнеснүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. 

Засгийн газар эрүүл мэнд, боловсролын салбарын эмч, багш, ажилтнуудын цалинтай холбоотой үүсээд байсан асуудлыг шийдвэрлэснээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоодтой байгуулсан салбарын хамтын хэлэлцээрээр тохирсон цалин нэмэгдүүлэх нөхцөлөө Засгийн газар биелүүлэх боломжтой болсон. 

2026 онд хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүдэд өсөлт хадгалагдах эерэг төлөвтэй. 2026 онд ажиллагчдын тоог 20 мянган хүнээр нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд гарах эерэг өөрчлөлтийг хадгалахын тулд ажлын байр нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад эдийн засгийн эрх чөлөө олгох, ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, нийгмийн түншлэлийг дэмжих чиглэлийг баримтлан зохистой хөдөлмөр эрхлэлтийн үзэл санааг хэрэгжүүлэх нь Засгийн газрын гол бодлого гэдгийг хэллээ.

Эдийн засаг, эрх зүй, дүрэм журмын чөлөөлөлтийг тууштай хэрэгжүүлж, төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн бүтээмжийг нэмэгдүүлнэ. Олон Засгийн газар дамжин шийдлээ хүлээсээр гацсан асуудлуудыг шийдвэрлэх суурь реформуудыг хийнэ. Тухайлбал, олон жил ярьсан Нийгмийн халамжийн шинэчлэлийг хийхээр Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэснийг онцлов.

Мөн Засгийн газар тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, бага орлоготой тэтгэвэр авагчдын нийгмийн баталгааг хангах суурь өөрчлөлт хийх, төлсөн шимтгэлтэйгээ уялдаатай тэтгэвэр авдаг болох шударга зарчимд шилжих бодлого баримтална. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тэтгэвэр ба нийгмийн даатгалын асуудлаар шинэчлэлийн багц арга хэмжээг удахгүй танилцуулна гэлээ. 

Төрийн албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг салбарын 30 гаруй хуулиар салангид ялгаатай зохицуулж байгааг өөрчилж, цалин хөлсний нэгдсэн бодлогоор зохицуулах зэрэг бодлогын чухал алхмуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцсэн ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх нь боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн салбарын гол бодлого байх болно.  Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэгч талуудын оролцоо, дэмжлэг чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов.

МҮЭ-ийн холбооноос тавдугаар сарын 1-нд зохион байгуулсан “Нийгмийн шударга ёсны төлөөх эв санааны нэгдлийн жагсаал, цуглаан”-аас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн шаардлагыг хүлээн авч, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх,  салбарын хэлэлцээрт анхаарч ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд буюу нийт 11 удаа байгуулжээ. 2022 оноос хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулж байна. 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн биелэлтийг өнгөрсөн онд дүгнэсэн бол өнөөдөр 2026-2028 оны шинэ хэлэлцээр байгуулах гэж байна.

2026-2028 оны Улсын хэлэлцээрт тусгасан нийгмийн даатгал, халамжийн шинэчлэл, цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлого, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг дэмжих, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хамгаалах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар хамтарч ажиллана гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Маргааш 06:00-18:00 цагийн хооронд төв замыг хаана

Огноо:

,

“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно. Энэ үеэр дараах байршилд 06:00-18:00 цагийн хооронд зам хаана. Хөдөлгөөн хязгаарлах бүс болон хөдөлгөөн түр хаах уулзвар, гарцын мэдээллийг хүргэж байна.

  • Цэцэг төвийн уулзвар
  • Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
  • Чингэлтэй дүүргийн уулзвар
  • ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
  • 11-р хороолол
  • Сансарын шатахуун түгээх станц
  • Сансарын туннел
  • Зүүн 4 замын уулзвар
  • Халдварт
  • Нарантуул захын уулзвар
  • Нүхэн гарц
  • Жанжин клуб
  • Улиастай уулзвар
  • “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
  • Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар
  • Жаргалан хотхон
  • Шангри-Ла төвийн уулзварт тус тус замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Орон сууцны захиалгаар хохирсон иргэдийн асуудлаар УИХ-ын ажлын хэсэг байгууллаа

Огноо:

,

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон иргэд, хуулийн этгээдийн төлөөлөл, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо.

Хуралдааны үеэр Цагдаагийн байгууллагаас сүүлийн гурван жилийн хугацаанд “орон сууцны захиалга” нэрээр бусдыг залилсан 1167 хэрэг бүртгэгдэн шалгагдсан талаар мэдээлэв. Мөн өнөөдрийн байдлаар 995 иргэнд 64.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан, 79 иргэн, 22 хуулийн этгээдэд холбогдох 259 хэрэг мөрдөн шалгагдаж байгаа аж.

Хохирогч иргэдийн төлөөлөл олон жил орон сууцаа хүлээсэн, гэрээний нөхцөл өөрчлөгдсөн, зарим төсөл бүрэн зогссон, шүүх, прокурор, цагдаагийн ажиллагаа удааширч байгаагаас иргэд дахин хохирч буй талаар байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, зарим иргэн газраа чөлөөлөөд 10 гаруй жил орон сууцандаа орж чадаагүй, зарим төсөлд нэг орон сууцыг давхардуулан захиалсан, мөн урьдчилсан тэмдэглэл болон бүртгэлийн хяналт хангалтгүй байсныг онцоллоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, 52 төсөлд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийж байгаа талаар танилцуулсан байна. Эдгээрээс барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа 15, ажил удааширсан дөрөв, зогссон 15 төсөл байгаа бол ажил огт эхлээгүй болон шүүхийн байгууллагаар хянагдаж буй тус бүр дөрвөн төсөл байгаа аж.

Гишүүдийн зүгээс орон сууцны захиалагч иргэдийг хамгаалах эрх зүйн орчин сул, барилгын компаниудын санхүүгийн чадамжид тавих хяналт хангалтгүй, иргэдийн төлсөн хөрөнгийг хамгаалах даатгал, баталгааны механизм шаардлагатай байгааг хэлэв. Мөн захиалгын гэрээг бүртгэлжүүлэх, баригдаж дуусаагүй орон сууцанд “урьдчилсан тэмдэглэл” хийдэг байх, хуурамч болон эрсдэлтэй төслүүдийг “хар жагсаалт”-д оруулах зэрэг зохицуулалт хэрэгтэй гэж үзлээ.

Ингээд Өргөдлийн байнгын хороо орон сууц захиалах, худалдан авах харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалган судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв. Ажлын хэсгийг Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Г.Лувсанжамц, Ц.Мөнхтуяа, Б.Пунсалмаа, Б.Баярбаатар, М.Сарнай нар ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох