Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ТББХ: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлыг шинэчлэн зохицуулсан нь чухал алхам болов

Огноо:

,

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх тодорхой асуудлаар санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүрэг, холбогдох байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, үүрэг чиглэл өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Хаврын чуулганы хугацааны ажлын тоон үзүүлэлт:

Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хуралдаж, давхардсан тоогоор 73 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний зэрэгцээ Байнгын хорооны 3 тогтоол хэлэлцэж баталлаа.

Улсын Их Хурлын даргын захирамжаар болон Байнгын хорооны тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий 3  ажлын хэсэг байгуулж ажиллуулав. Ажлын хэсгүүд 20 удаа хуралдаж, ажлын хэсгийн 2 танилцуулга бэлтгэн Байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар 43 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 21 тогтоолын төсөл хэлэлцэж, Байнгын хорооны хэлэлцэх эсэхийн 5 санал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийн 29 санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн 4 танилцуулга, албан тушаалтныг томилж, чөлөөлөх тухай 2 санал, дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг 2, хууль, тогтоолын төслийн талаар зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол бэлтгэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэв.

Тайлант хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хуулийн төсөл 32, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 21-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулав.

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

Хаврын ээлжит чуулганы хугацааанд тус Байнгын хороо дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэв. Үүнд:

-Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанаар тухай бүрт нь хэлэлцлээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэ зохицуулалт бий болгосон нь нийслэл хотын төвлөрлийг сааруулах, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дагуул хотыг хөгжүүлэх замаар дэлхийн жишигт хүрсэн эрүүл, аюулгүй, дэд бүтэц бүхий шинэ хотыг хөгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлж өгөв.

-Мөн “Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай”,  “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Түр хороо байгуулах тухай” /Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийн тухай”, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” /2021.04.29, дугаар 39/, “Ерөнхийлөгчийн хоригийн тухай” /2021.05.20, дугаар 43, “Түр хороо байгуулах тухай” /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо/, “Монгол Улсын Ерөхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай”, “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай”, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”“Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, ““Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай”, ““Хот байгуулах тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг тус тус хийлээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд; Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд зэрэг 7 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Мөн харьяа байгууллагын 3 тайланг намрын чуулганы эхэнд хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд боловсруулагдаж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн  төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Бусад Байнгын хороонд хүргүүлсэн санал, дүгнэлт:

Тус Байнгын хороо дараах хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг холбогдох Байнгын болон Дэд хороонд хүргүүлсэн. Үүнд:

-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд;

-“Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд тус тус хүргүүлэв.

Хяналт, шалгалтын ажлын талаар:

Байнгын хороо “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 8/2512 дугаар албан бичгээр Засгийн газарт чиглэл өгч, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллалаа.

Дэд, Түр хорооны хуралдааны талаар:

Тайлант хугацаанд тус Байнгын хорооны харьяаны Дэд хороод 2 удаа, Түр хороо 1 удаа хуралдав.

-Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүрмийн төслийг хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж батлуулав.

-Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны мэдээллүүдийг сонсож танилцав.

-Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороо 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хуралдаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл сонссон бөгөөд хуулийн төслийг дэмжиж буй талаарх санал, дүгнэлтээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Бусад ажлын талаар:

Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаатай танилцах, санал солилцох зорилгоор 2021 оны долоодугаар сарын 6-ны өдөр тус байгууллагад ажиллаж, Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж, санал солилцон хуулийн хэрэгжилтийг хангах талаар зохих үүрэг чиглэл өгөв.

Эх сурвалж: Төрийн байгуулалтын байнгын хороо

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч В.Путин Ерөнхий сайд Н.Учралтай Владивостокт уулзана

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 2-нд Владивосток хотноо зохион байгуулагдах Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, уулзалтаар Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, тэр дундаа эрчим хүч, тээвэр, боловсролын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн Монгол Улсад орос хэлний сургалтыг өргөжүүлэх асуудлыг хөндөж, олон улсын болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцохын өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа.

Төрийн тэргүүн нар 2025 онд БНХАУ-д болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож байснаа дурслаа.

Талууд “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, улс төрийн харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад  сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулахаар дээд түвшинд харилцан тохиролцсон зүйлс бодит үр дүнд хүрч байгааг сайшаалаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэлээ.

Худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 30 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцлоо.

Цаашид харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжил, төлөвлөлттэй уялдуулж, аж үйлдвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүчний салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ.

Хил дамнасан төмөр замын боомт байгуулах нь худалдаа, эдийн засагт  чухал ач холбогдолтойг төрийн тэргүүн нар онцоллоо.

Энэ хүрээнд Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах талаар санал солилцлоо.

Олон улсын зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй болсон энэ үед газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах хүсэлтийг хүлээн авч, нийлүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэллээ.

Талууд Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровтай уулзаж, улс төр, худалдаа, эдийн засаг гээд бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо.

ШХАБ-ыг гишүүн орнууд нь нэг жилээр ээлжлэн даргалдаг бөгөөд 2023-2024 онд Казахстан, 2025 онд Хятад, энэ онд Киргиз Улс даргалж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойгоор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж байгаад Ерөнхийлөгч С.Жапаровт баяр хүргэж, амжилт хүслээ.

Ерөнхийлөгч С.Жапаров, Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд улам өргөжин тэлж байгааг тэмдэглэлээ.

Уулзалтын үеэр худалдааны эргэлтийг Евразийн бүс нутгийн хэмжээнд 100 сая ам.долларт хүргэх болон аж үйлдвэр, хайгуул, тээвэр, логистик, шууд нислэг, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

Киргиз Улс өргөтгөсөн хуралдааныг “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох НҮБ: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр зохион байгуулна.

“ШХАБ+” гэдэг нь тус байгууллагын өргөтгөсөн уулзалтын загварыг хэлдэг.

Гол гишүүн орнуудын уулзалтад ажиглагч орнууд, яриа хэлэлцээний түншүүд болон НҮБ зэрэг олон улсын байгууллагын тэргүүнүүдийг оролцуулан, томоохон асуудлаар илүү өргөн хүрээнд зөвлөлддөг.

Өөрөөр хэлбэл “+” гэдэг нь ШХАБ-ын өсөн нэмэгдэж байгаа нээлттэй, хүртээмжтэй байдал, даян дэлхийн хөгжилд үзүүлэх нөлөөг илэрхийлдэг юм.

Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров 2023 онд манай улсад төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд тус улсад төрийн хариу айлчлал хийж, уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.

Ингэснээр Киргиз нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байлаа.

Мөн айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Хоёр улсын худалдааны эргэлт 2023 онд 2.6 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.долларт хүрч, огцом өсөөд байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс 1992 онд дипломат харилцаа тогтоожээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох