Урлаг спорт
Олимпын наадмын эргэн тойронд

Словенийн сагсны шигшээ багийнхан шилтэй архины ард ширээ тойрон суугаа зураг инстаграмаар цацагдаж, олны шүүмжлэлд өртөөд байна. Уг зургийг инстаграмдаа оруулсан Испанийн эмэгтэй шигшээгийн тоглогч Кристина Оувинья удалгүй зургаа устгаж, уучлалт гуйсан ч хэдийн олон хүнд хүрчээ. Словенчууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм. Гэхдээ Словенийн шигшээгийн дасгалжуулагч Александер Секулич “Би энэ зурагнаас ямар ч хууль бус зүйл олж харахгүй байна” хэмээн тамирчдаа өмөөрчээ. Словенийн эрэгтэй шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтдоо Аргентинийг 118:100, Японыг 116:81-ээр хожсон бөгөөд наймдугаар сарын 1-нд Испанитай тоглох юм.
Оросын жүдоч Нияз Илясов эрэгтэйчүүдийн -100 кг-д хүрэл медаль хүртлээ. Энэ нь тус улсын жүдочдын хоёр дахь хүрэл медаль болов. Оросууд Лондоны олимпод гурван алт, нийт таван медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол Риогоос хоёр алт, нэг хүрэл медальтай ирж байв. Харин Токиогийн дэвжээ Оросын жүдочдод тун халгаатай байна.
Сэлүүрт завины эмэгтэйчүүдийн хосын төрөлд Италийн В.Родни, Ф.Сезарини нарын баг аваргаллаа. Италичууд өөрийн зайг 6:47.54 минутад туулж, арын өрсөлдөгч Нидерландын багаас ердөө 0.14 секундээр илүүрхсэн юм. Италийн сэлүүрт завины эрэгтэй тамирчид олимпын наадмаас 40 медаль хүртсэн баялаг намтартай бол бүсгүйчүүд нь анхны медалиа ийн авчээ.
Жүдоч А.Волф эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалснаар япончууд 15 алтан медальтай болж, багийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэд Риогийн олимпоос нийт 12 аль зүүсэн бол энэ удаа эхний зургаан өдөр л 15 алттай болов. Удаах байруудад БНХАУ, АНУ бичигдэж буй бол австраличууд Оросыг байр ухраан дөрөвт орж ирлээ. Монголын баг одоогоор 42-р байрт жагсаж байна.
Урлаг спорт
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал боллоо.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, Улсын арслан цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тус хурлаас шийдвэрлэлээ.
М.Бадарчийн Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долоодугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хаслаа.
Мөн тус хурлаар Аймгийн хурц арслан Бүрнээгийн Баянмөнхийг тав давсанд тооцож Улсын начин, Өсөх идэр начин Эрдэнэбатын Дашийг зургаа давсанд тооцож Улсын харцага, Улсын харцага Сүхбаатарын Сүхбатыг долоо давсанд тооцож Улсын заан, Улсын гарьд Цэрэнсодномын Бямба-Отгоныг ес давсанд тооцож Улсын арслан цол олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо.
Мөн улсын аварга Оргихын Хангайд “Үлэмж бадрах” чимэг олгохоор боллоо.
Урлаг спорт
3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүд эхний хожлоо авлаа
“Ханжоу 2022” Азийн Наадам үргэлжилж байна. 3х3 сагсан бөмбөгийн U23 хүртэлх насны залуучуудын баг энэ удаагийн Азийн Наадамд оролцож буй. Ө.Индра, Ц.Болорцэцэг, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарын бүрэлдэхүүнтэй эмэгтэй баг "D" хэсгийн эхний тоглолтоо Хонконгийн эсрэг хийж, 21:15-аар яллаа.
3х3-ын эмэгтэйчүүд хэсэгтээ Йордан, Филиппин, Хонконгийн багтай өрсөлдөх байсан ч тодорхой шалтгааны улмаас Филиппиний баг хасагдсан юм. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн дөрвөн баг шөвгийн наймд шалгарах эрхээ шууд өвөртлөх бол дараагийн дөрвөн эрхийн төлөө үлдсэн найман баг нэмэлт тоглолт хийх юм.
Монголын эмэгтэй 3х3 багийн дараагийн тоглолтоо энэ сарын 27-нд Йорданы эсрэг хийх болно гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Урлаг спорт
Буудлагын эмэгтэй тамирчид Монголын багийн анхны медалийг авлаа
"Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн багийн 10 м хийн урт бууны дасгал өрнөлөө. Манай багийн Г.Нандизаяа, О.Есүгэн, Ч.Нарантуяа нар цэц мэргэнээ сорин нийлбэр дүнгээр 1880.0 оноо хүртсэнээр хүрэл медалийн эзэд болж, Монголын багийн анхны медалийг авлаа.
Тивийн наадмын буудлагын анхны алтыг БНХАУ-ын баг 1896.3 оноогоор авч, Азийн рекордыг шинэчилсэн бол 1886.0 оноогоор Энэтхэгийн баг мөнгөн медалийн эзэд боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл