Цаг үе
Геодези, усны барилга, байгууламжийн газрын ой тохиож байна
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын таван жилийн ой тохиож байна. Тус байгууллага нь Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлж, үерийн далан, авто замын дэд бүтцийг үерийн усанд автахаас сэргийлэх ажлыг хариуцахын зэрэгцээ эдгээрийн засвар, ашиглалт, угсралтыг хариуцан ажилладаг.
Мөн нийслэлийн зургаан дүүргийн авто замын борооны ус зайлуулах 169 км урт шугам сүлжээ, хүлээн авах 3387 шүүрт худаг, 3745 үзлэгийн худаг болон үерийн далан шуудууны цэвэрлэгээ, арчилгааг хариуцан ажилладаг юм. Тус байгууллагын ойн ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нарын албаны хүмүүс оролцсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ёслолын үеэр нийслэлчүүдийг ая тухтай аж төрөхөд оруулж буй тус байгууллагынхны хувь нэмрийг өндрөөр үнэлээд, цаашид техникийн хангамжийг нэмэгдүүлж, ажилтан, албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах чиглэлд хийх ажил байгааг онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн “Ирэх 2022 он бол нийслэлийн хувьд онцлог жил. Хот хууль, эрх зүйн хувьд шинэчлэгдээд зогсохгүй харьяа алба, агентлаг бүрд ажил хөдөлмөр өрнөсөн, амжилт бүтээл ундарсан жил байх болно. Төсвийн болоод нийслэлийн, бусад эх үүсвэрээр хийж хэрэгжүүлэх олон олон ажил та биднийг хүлээж байна. Хотын хөгжлийн төлөөх ирээдүйн их үйлсэд нь амжилт хүсье” хэмээв.

Энэ үеэр Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “2021 онд манай байгууллага урьд урьдаас бүтээлч, илүү хэмнэлттэй, илүү эв нэгдэлтэй ажиллах зорилт дэвшүүлэн ажилласан. Иргэдийн амьдралын чанарт шууд нөлөөлдөг үерийн далан суваг, авто замыг бороо, үерийн уснаас ангид байлгахад анхаарч ажиллалаа. Ирэх он жилүүдэд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, шинэ санаачилга гарган ажиллах боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна. Тухайлбал, насжилт өндөртэй шугам сүлжээг шат дараатай солих, шинээр барилга, байшин ашиглалтад оруулахад хөрсний ус зайлуулах дэд бүтэц заавал хийдэг байх эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна” хэмээн өгүүлсэн юм.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ нь энэ онд Долоон буудал, Баянбүрдийн тойрог, “Чингис” зочид буудал орчимд борооны усны инженерийн дэд бүтцийг бүрэн шийджээ. Мөн Нисэх, Зайсан гэх мэт долоон байршилд томоохон бүтээн байгуулалт хийсэн байна. Өдгөө Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороо, Зайсан орчмын иргэдийг тав тухтай орчинд амьдруулах, тухайн хэсэгт борооны ус тогтохгүй байх нөхцөл бүрдүүлэхээр бүтээн байгуулалтыг хийж буй юм. Тус байгууллага 141 ажилтан, ажиллагсадтай бөгөөд тэднээс цөөнгүй нь хөдөлмөрөө үнэлүүлж шагнуулсан. Нийслэлийн Засаг даргын зүгээс тус байгууллагын залуу шилдэг ажилтанд түрээслээд өмчлөх байрны түлхүүр гардуулж, баяр дээр нь баяр нэмлээ.

Цаг үе
Нью-Йорк дахь холбооны барилгын гадна гал тавьж, гал нээсэн этгээдийг баривчилжээ
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт байрлах холбооны захиргааны барилгын гадна гал тавьж, агаарын буугаар гал нээсэн хэрэг гарсны дараа сэжигтнийг газар дээр нь баривчилжээ.
Холбооны мөрдөх товчоо (FBI)-ны мэдээлснээр, 43 настай, АНУ-ын армийн ахмад дайчин Эндрю Аррабака гэгч этгээд 26 Federal Plaza барилгын гадна шатанд шатамхай бодис асгаж гал тавин, салют буудуулсны зэрэгцээ агаарын буугаар хэд хэдэн удаа буудсан байна. Уг барилгад АНУ-ын Цагаачлал, гаалийн алба (ICE), Холбооны мөрдөх товчоо (FBI) болон бусад холбооны байгууллагууд байрладаг юм.
Хэргийн улмаас гурван хүн хөнгөн гэмтэл авсны дотор холбооны хоёр ажилтан болон цагаачлалын шүүхийн сонсголд оролцохоор ирсэн нэг иргэн байсан гэж албаныхан мэдээлжээ. Холбооны хамгаалалтын албаныхан болон хамгаалалтын гэрээт ажилтан сэжигтнийг богино хугацаанд саатуулсан байна.
FBI-гийн мэдээлснээр, сэжигтэн баривчлагдах үедээ төрийн байгууллагын эсрэг байр суурь илэрхийлсэн бөгөөд түүний эзэмшилд сүх, хутга, алх, мачете зэрэг бусад зэвсэг байсан аж. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийг терроризм гэж ангилах эсэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна.
Цаг үе
Монгол Улсын гадаад худалдааны бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн байдлаар дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үндэсний статистикийн хорооны урьдчилсан гүйцэтгэлээр, экспорт импортын хэмжээнээс 4.3 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 57.9 хувиар өссөн дүн гарчээ.
Мөн мөнгөний нийлүүлэлт 2026 оны эхний зургаан сарын байдлаар 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр, буюу 26.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлд үндэслэсэн бөгөөд Үндэсний статистикийн хорооноос танилцуулжээ.


Цаг үе
Б.Пүрэвдагва: "Урт цагаан"-ыг залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлдэг, жуулчид зорьж ирдэг цэг болгоно
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барьсан. Тэгвэл тус хэсэгт жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, залуучууд амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний онцлог бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжинэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва зарлалаа.
Тэрбээр “Жуулчид Монголыг зорьж ирээд үндэсний хоол болон “Street food” хайх, олохгүй байх зэрэг асуудал гардаг. Тиймээс “Урт цагаан” орчимд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг болох, мөн Монголын урчуудын гар урлалын бүтээгдэхүүнүүдийг худалдаалах үйлчилгээний хэсгүүдийг нэмэгдүүлнэ. Ингэснээр жуулчдын урсгал төвлөрөхөөс гадна залуучууд чөлөөт цагаараа соёлтой үйлчилгээг авах боломжтой болно” гэв.
Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа “Бид цаашид жуулчны гудамжийг улам хөгжүүлж, Улаанбаатар хотын жуулчдыг энэ гудамж руугаа татан, хотын төв рүү хүмүүсийн урсгал бий болгох зорилготой. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэдийг бүтээгдэхүүн үйлчилгээний саналаа ирүүлэхийг урьж байна” гэлээ.


