Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд

Огноо:

,

Дэлхийн хуурай газрын 31 хувь буюу 4 тэрбум га газрыг 100000 төрөл зүйлийн  мод бут ой мод, бут бүхий талбай эзэлдэг бөгөөд хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 гаруй хувийнх нь  амьдрах орчин болдог байна. Гэтэл манай орны ойн сан   140 гаруйхан төрөл зүйлээс бүрдсэн 18,3 сая га, үүнээс ой модоор бүрхэгдсэн талбай ердөө 12,9 сая га бөгөөд нийт нутаг дэвсгэрийнхээ  8 орчим хувийг эзэлдэг нь харьцангуй маш тааруухан тоон үзүүлэлт юм.  Өнөөдөр дэлхий дээр байгалийн хуулиараа 8 өдөрт 1 зүйлийн модлог бутлаг ургамал устах ёстой атал өдөрт 130 зүйл устаж байгаа нь даруй 1000 дахин өндөр үзүүлэлт болж байна. Манай оронд сүүлийн 5 жилд жил бүр 100-200 мянган га газрын ой устаж байна. Дэлхийн дулаарал, хуурайшилт цөлжилттэй холбоотойгоор цөлийн бүс сүүлийн жилүүдэд урд талаасаа эрчимтэй  түрж 40 жил тутам 200 км-ээр хойшилж буй нь аюулын харанга дуудаж байна.

Монгол улсын зургаадахь ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын чуулган дээр ярьсан  нэг тэрбум мод тарих санаачилгыг нийгмийн сүлжээнд үгүйсгэн шүүмжилж, бас өргөнөөр талархан дэмжиж байна.  Бүхнийг үгүйсгэн харлуулах нь өнөөгийн нийгмийн тааруухан өнгө тусгал бөгөөд халуун биеээс хүйтэн бие рүү энерги шилжих хуультай энергийн сарнилын орон зайд амьдардаг манай гараг ертөнцийн (замбараагүй байдлын ихсэх чиглэл рүү тэмүүлсэн ) байгалийн хуулийн үйлчлэлтэй зарим талаараа холбоотой ч аливаа зүйлийг зөв өнцгөөс нь үнэлэх ухаарах байдал, ойлгож мэдэх хүсэл хандлага эрмэлзэл нэн  суларсан нийгмийн оюун санааны эмх цэгцийн хөгжлийн доогуур түвшинтэй ч холбоотой юм.  Буруугаар мушгин тайлбарлагчид 1 секундэд 4 мод тарих  боломжгүй гэхчлэн өчнөөн л  гаргалгаа,  тайлбар гаргаж байна.

 Харин зөв талаас нь тайлбарлавал: Нэг тэрбум гэдэг их тоо биш ээ. 1 ш модыг хааш хаашаа 3 метр буюу 9м2 / шоо дөрвөлжин метр/  талбайд тарина гэвэл 9000 км2  /шоо дөрвөлжин километр/ буюу 100 км урттай 90 км өргөнтэй талбай болох бөгөөд  манай улсын нутаг дэвсгэрийн 0,0057 хувь болох юм.  Энэ нь Монголынхоо  зүүн захаас баруун зах хүртэл ойролцоогоор 2500км газар 3,6км-ийн өргөнтэй мод тарьсан ногоон хэрэм байгуулах хэмжээний л санаачилга юм. Даяаршин буй, байгаль цаг уур нь бие биенээсээ улам бүр хараат харилцан шүтэлцээтэй болж буй дэлхий дахин, ногоон хувьсгалыг дэмжигч  хөгжингүй улс орнууд гар сунган туслах нь лавтай. Эх орондоо элгэн халуун  хайртай нийгмийн хариуцлагатай томоохон аж ахуйн нэгжүүд, бүтээлч иргэд, иргэний нийгмийн байгууллагууд  уухайлан дэмжих нь гарцаагүй буйзаа.

Мод тарих чадвартай таван зуун мянган (500000) хүн байгаа гэж тооцоё. Нэг хүн жилд 200 мод тарихад 10 жилд нэг тэрбум мод болно. Хүн бүр өөрт хариуцагдах 200 модоо тарихад хавар намрын улиралд  ээлжийн амралтынхаа 10 өдрийг л зарцуулья. Үүний тулд  өдөр бүр ердөө 20 мод тарихад л үүргээ биелүүлнэ. Алив зүйлийг хийе гэвэл аргаа боддог хийхгүй гэвэл шалтагаа эрдэг гэсэн үг бий. Энд гараар мод  тарих тухай бүдүүн баараг төсөөлөл дэвшүүллээ. Гэхдээ шинжлэх ухаан техник, технологи хөгжсөн өнөө цагт нэгэн зэрэг 4 эгнээгээр тарьц суулгадаг дунд оврын мод тарих ганц машин гэхэд өдөрт 20000 мод тарих боломжтой ажээ. Ингэвэл ердөө 125 ширхэг  мод тарих машинаар жил бүр 40 хоног ажиллах тооцоо гарч байна. Юмыг болох талаас нь тооцвол иймэрхүү л дүр зураг гарч байна.

Насны эрэмбээрээ амьдарч буй нийгмийнхээ тэн ачааг үүрч буй өнөө үеийнхэн маань цөлжилтийг зогсоож, ногоон хэрмээр бэхлэгдсэн Монгол  сайхан эх орноо хойч үедээ хүлээлгэн өгвөл олон зуунд дуурсах сайхан гавьяат үйлс болмуй

Мод тарих асуудлыг ач холбогдол, үр дагавар талаас нь тайлбарлавал асар өргөн утгыг агуулна. Ой мод  нь усыг цуглуулах, урсгахгүй тогтоон барих, үндэс ёзоортой хураан хуримтлуулж,  жигд хуваарилах зэргээр усны урсацын бүхий л горимийг зохицуулахын зэрэгцээ хөрсний гулгалт болоод хүчтэй аадар борооноос газрын хөрсийг нурж эвдрэх,  урсахаас хамгаалах , мөнх цэвдгийг гэсэхээс хамгаалах зэрэг онцгой үүрэгтэй ажээ.  Эх газрын эрс тэс уур амьсгалтай, далай тэнгисээс алс хол орших, өндөр уул нуруудаар тусгаарлагдсан  Төв Азийн цээжинд орших Монгол сайхан орны маань амь амьдралыг тэтгэгч есөн мөрний сав газрын ус мөрнүүд олон мянган жил тасралтгүй урсаж ирсний  далд эх үүсвэр нь  нөгөө л цэвэр  усны худаг хэмээн нэрийдэж болох  харьцангуй багааханд тооцогдох хайрлан гамнууштай ой мод минь билээ.

 Манай орны ойн сангийн үндсэн хэсгийг бүрдүүлдэг шинэс, нарс, хайлаас,хуш,  жодоо зэрэг модод  ойролцоогоор 150-400 хүртэл насалдаг. Идэвхтэй үйлчлэлтэй насыг нь 100 гэж бодвол ганцхан ширхэг модны амьдралынхаа туршид ялгаруулах хүчилтөрөгч, нүүрстөрөгчийг шингээж агаар цэвэршүүлэх экологийн болоод хөрсний эвдрэлээс хамгаалах үйлчилгээ, усыг эргэлтэнд оруулах ач тус зэргийг тоймлон тооцоход эрдэмтэн судлаачид 400 сая орчим төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн тооцоог гаргасан байх юм. Тэгвэл дөрвөн зуун сая төгрөгийг  нэг тэрбум модоор үржүүлэхэд дөрвийг үржих нь арвын арван долоон зэрэгт (4х1017)  буюу дөрвөн зуун квадриллион (монгол нэршил нь дөрвөн ингүүмэл) гэсэн тоо гарна.  Ийм хэмжээний мөнгөөр тус бүр 10 тэрбумын өртөгтэй 40 сая цогцолбор сургууль, эсвэл нэг км нь 1 тэрбум төгрөгийн өртөгтэй 400 сая километр буюу дэлхийг 9524 удаа бүтэн ороох хэмжээний дээд зэрэглэлийн, өндөр хурдны зам барьж болно.  Мөн нэг грамм нь 55000 доллар ( 1доллар= 2850 төгрөг)-ын  үнэтэй 2552 тонн цэвэр алмаз худалдан авч болно гээд төсөөлөл  дөө. Ингээд бодохоор амьд байгаль түүний нөхөн сэргээгдэх баялаг, амьдралыг тэтгэгч ус, агаарыг үйлдвэрлэгч ногоон алт ой мод бөгөөс  хүний бүтээсэн зүйлстэй харьцуулашгүй агуу,  яндашгүй баян ажээ.

 800 жилийн тэртээ Өгэдэй хааны байгуулсан дэлхийг хэрсэн морин өртөөний зам хоёр талаараа  тарьсан модтой байсан гэх яриа буй. Үнэний ортой л байх. Дорно дахины ард түмэн модыг ”Их амь” гэдэг. “Их амь”  бат тогтвортой  оршиж байж л  “бага амь” болох амьтан, хүн амьдарна, оршино, амьд бүхнийг оршоосон шим мандал цэцэглэнэ, дэлгэрнэ. Буддын гүн ухааны сургаальд мод тарих, хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлэх, эрдэм ном туурвих гурвыг буяны дээд хэмээжээ. Ингээд бодохоор Монгол  төрийн тэргүүн маань эх орныхоо байгаль хамгаалах “Их амь”-ийг өнө бат оршоох алсын хараатай, агуу сайн үйлсийг санаачилжээ. Энэ санаачилга бодитоор  биежин хэрэгживээс жинхэнэ ногоон хувьсгал, ирээдүйд ач тусаа үзүүлэх  сайн үйлсийн сүмбэр оргил, ач буяны дээдийн дээд  болмуй. Мэдээж модыг тарих, арчлан тордож ургуулах гэхчлэн бүхий л ажилд шинжлэх ухааны судалгаа тооцоо, асар их хүч хөдөлмөр, өндөр зохион байгуулалт , сайн менежмент, ихээхэн  хөрөнгө санхүү, цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Ирээдүй хойчдоо  зориулан байгалын нөхөн сэргээгдэхгүй  эрдэс баялаг, ашигт малтмалаас хураан хуримтлуулах  баялгийн сан гэгчийг яг ийм том үйлсэд зориулан зарцуулууштай санагдана.

Төлөвлөх нь хийхийн хагас,  зориглох нь бүтээхийн хүч болдог. Их үйлсийн мөрт эхлэл санаачилга туйлаас үнэ цэнэтэй. Урьд өмнө гарч байгаагүй ийм зоригтой, далайцтай  санаалчилга гаргасан  улс гэрийн тэргүүнээ угтан шүүмжлэх бус ард нийтээрээ ухаан далайг онож олон  уралдуулж “өгье гэвэл ганцаасаа” хэмээх ардын мэргэн ухаанаар уухайлан дэмжиж, тосож бэлтгэх, тэсч магад гарах, гэгээн үйлс бүтээж цоо мөр ил гарч бадрахад нь онцгойлон дэмжүүштэй санагдана.  Газар шилгээж, ус цалгихийн айх аюулгүйгээр мөнх тэнгэрээс заяагдсан, өвөг дээдсээс  өвлүүлэн үлдээсэн Монгол сайхан эх орныхоо “их амь”-ийг өнө бат оршоох  сайхан үйлс, сайн санаачилга бүр  мандах нарны туяа мэт машид дэлгэрэх болтугай.

Ахмад багш:  Баруун хотгойд Жамъянжавын Жамъянтив

 (Боловсрол судлалын доктор)

 Намрын дунд улаагчин тахиа сарын  хорин тавны найралт эх одтой,  алтан туурт морь өдөр

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Үзэл бодол

Агаарын тээврийн либералчлалд анхаарч, аюулгүй ажиллагааг шаардаж байна

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 2022 Оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний нисэхийн ерөнхий газар болон МИАТ ТӨХК-д ажиллаж иргэний нисэхийн салбарынхан, Үндэсний агаарын тээвэрлэгчидтэй уулзлаа.
 
 
Сайд С.Бямбацогт Монголын авиа компаниуд аль болох олон чиглэлд, олон нислэгийг хямд үнээр шууд хийх ёстой хэмээн онцолсон юм. Үүний тулд нэгдүгээрт, нислэгийн аюулгүй байдалд онцгой анхаарч хариуцлагаа өндөржүүлэхийг хоёрдугаарт, авиа компаниуд нэгнийхээ бойжуулсан зах зээл рүү өнгөлзөж, давхцаж, бие биенээ татаж унагах биш, бие биенээ дэмжиж, харилцан ашигтай хамтарч ажиллах, дотоодын зах зээлээ хамгаалах, гадны авиа компанид хэт давамгай байдал өгөхгүйн тулд нэгдэх, хамтрах нь чухал. Гуравдугаарт, орон нутгийн нислэгийн тийзийг хямдруулахын тулд нийт зардлын 40% хувийг эзэлж буй шатахууны үнийг хямдруулах,  навигацийн орлогын тодорхой хэсгийг орон нутгийн нислэгийн үнийг хямдруулахад зарцуулах, нийтийн тээвэр, галт тэрэгний зорчигч тээвэртэй адил агаарын тээврийг НӨАТ-аас чөлөөлөх гэх мэт гарц шийдлүүд байгааг хэлэв.
 
Орон нутгийн нислэгийн тийз хямдруулах замаар төвлөрлийг сааруулах, иргэд орон нутагтаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх Засгийн газрын зорилт биелэх юм. 
 
 
Дөрөвдүгээрт, нислэгийн аюулгүй байдал, агаарын тээврийн аюулгүй ажиллагааг хуулиар илүү тодорхой зохицуулж, агаарын тээврийн эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчныг тодорхой болгох, салбарын хүний нөөц, боловсон хүчнийг системтэй бэлтгэх асуудлыг хөндөнө. Тавдугаарт, орлогоо нэмэгдүүлж, үргүй зардлаа бууруулахыг даалгав.  Оновчтой бүтэц зохион байгуулалт хийж, мэргэжилдээ эзэн болсон мэдлэг чадвартай хүмүүсээ дэмжих ёстой. Чингис хаан ОУНБ-д гэхэд транзит нислэгийн заалтай болж бүс нутагтаа HUB болохын төлөө зорьж ажилла гэдгийг хэлж санууллаа.
 
 Эх сурвалж: ЗТХЯ
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

Огноо:

,

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулах, ажиллагсдынхаа хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх үүднээс Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас албан хаагчдынхаа ажлын цагт зохицуулалт хийжээ. Тус газар нь 40 албан хаагчтай.

2022-2023 оны хичээлийн жил эхлэх үеэс тус байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс ажлын цагт уян хатан зохицуулалт хийх санал гаргасан байна. Энэ дагуу есдүгээр сарын 15-ны өдрөөс тус байгууллага ажлын уян хатан цагт шилжээд байгаа юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Энхтайван:

-Байгууллагын залуучуудын болон эцэг эхийн зөвлөлөөс гаргасан саналыг удирдлагын багийнхан хүлээн авч, ярилцаад ажлын цагийг уян хатан болгох, ингэхдээ найман цагийн ажлыг ягштал баримтлах шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар манай байгууллагын ажиллагсдын 15 хувь нь ажлын цагтаа өөрчлөлт оруулсан. Өглөөний ачаалал, түгжрэлийн үеэс ажлын цагаа зөрүүлэх, мөн бага насны хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хүргэх зэрэг шалтгаанаар ажлын цагт нь өөрчлөлт оруулах тушаал гаргаад байна. Хотын ид түгжрэлийн цагаас зөрүүлэх байдлаар өглөө 08:30, 09:00 цагт ажилдаа ирж, 17:30, 18:00 цагт тарах саналыг ажиллагсад гаргасан. Тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах үлгэрчилсэн зааврыг эрх зүйн үндэслэл болгосон. Энэхүү тушаал шийдвэр гарснаас хойш эерэг үр дүн ажиглагдаж байна. Тухайлбал, бүх албан хаагч нэгэн зэрэг түгжрэлд орохгүйн дээр хүүхдийн хичээл сургуулийн цагт уялдуулсан нь зөв гэж ажиглагдсан.

-Ажлын цагт өөрчлөлт оруулснаар ажлын бүтээмжид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Тухайн албан хаагч ажил эхлэх, тарах цагаа сонгож, ар гэр, үр хүүхдэдээ цаг заваа зориулах боломжтой болж байгаа нь ажиллагсдын сэтгэл ханамж, ажлын бүтээмжид сайн нөлөө үзүүлж байгаа гэлээ.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн:

-Миний хувьд ажлын цагийг уян хатан байдлаар зохицуулж байгаад баяртай байна. Хөдөлмөрийн тухай хуулийн ажил олгогч ажилтныхаа ажил амьдралын тэнцвэрийг хангах тухай заалт болоод Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зааварт хүүхдээ хичээл сургуульд нь хүргэж өгөх бололцоогоор хангах тухай заасан байдаг. Энэ дагуу манай байгууллага зохицуулалт хийсэн. Ажлын цагийг Хөдөлмөрийн хуулийн дагуу зохицуулж байгаа. Ажлын цагт зохицуулалт хийгээгүй үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхийн тулд ажлаасаа хоцрох, эсвэл хүүхдээ хүргэж амжихгүй өөр хүнээр хүргүүлэх зэргээр хүндрэлтэй байсан. Харин өглөө 09:00  цагаас ажилдаа ирдэг болсноор хүүхдээ сэтгэл тайван хүргэж өгч байгаа. Мөн замын түгжрэл ч харьцангуй багассан байдаг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага болоод бусад төрийн албан хаагчид нэгэн зэрэг 08:00 цагаас ажилдаа ирж, очих гэж түгжрэлд ордог бол ажлын уян хатан цагт шилжсэнээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Ажилтан, албан хаагчдадаа боломж олгож буй удирдлагууддаа талархаж байна. Өглөөдөө хүүхдээ хүргэж өгөхдөө ажлаасаа хоцорч, хамт олноосоо санаа зовох, эсвэл хүүхдээ хүргээгүйдээ түгшихгүй, сэтгэл тайван ажлаа хийснээр ажлын бүтээмж ч нэмэгдэж байгаа гэсэн юм.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн заалтын дагуу ажиллагсдынхаа ажилдаа ирэх, тарах цагт зохицуулалт хийсэн байна. Үр дүн эерэг байгааг тус байгууллагын удирдлагууд болон ажиллагсад хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

С.Бямбацогт: Цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа баярлалаа

Огноо:

,

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарч байгаа бүтээн байгуулалт. Сайдын үүрэгт ажлаа авснаас хойш 20 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд 26 км орчим хатуу хучилттай авто зам нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл 204 км замаас 167 км нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 20-ныг хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгалыг ирэх сард багтаан нээхээр төлөвлөн ажиллаж байгаа учир гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч компаниуд хоёр ээлжээр ажиллаж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэр наймдугаар сарын 15-наас зогссонтой холбоотойгоор цементийн ханган нийлүүлэлтэд нэг үе хүндрэл үүссэн ч дотоодын цемент үйлдвэрлэгчдэд хандан хүсэлт тавьж хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, “Мак цемент” ХХК, “Монцемент билдинг материалс” ХХК, “Налгар түшиг” ХХК нь Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын бүтээн байгуулалтыг тасалдуулахгүй байхад онцгой анхаарч хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье” гэлээ.

Мөн Улаанбаатар төмөр зам ХНН дотоодын цементийн үйлдвэрүүдээс өдөр бүр хүссэн хэмжээгээр нь вагон тавьж өгч, таталтыг цаг алдалгүй хийж, нийт хэрэглэгчдэд хүргэх тал дээр шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг дурдлаа.

Өдөрт 1000 орчим тонн цемент авахад нэг урсгал, хоёр эгнээ замыг ашиглалтад оруулж, иргэд, жолооч тээвэрчид шороон замаар зорчихгүй байх нөхцөл бүрдэх боломжтойг онцолсон юм.

Ташрамд дурдахад дотоодын цементийн үйлдвэрүүд өдөрт 6000 тн цемент үйлдвэрлэж буй бөгөөд Дарханы замын бүтээн байгуулалтад түүний зургааны нэгтэй тэнцэх хэмжээний цемент шаардагдаж байгаа юм.  

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм4 цаг 7 минут

Төрийн банк хувьцааны захиалгын тоогоо нэмнэ

Улстөр нийгэм14 цаг 7 минут

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа

Шударга мэдээ14 цаг 10 минут

Иргэд D.PARLIAMENT.MN цахим хуудсаар дамжуулан Ерөнхий сайдаас асуул...

Улстөр нийгэм14 цаг 16 минут

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль шинэ...

Улстөр нийгэм14 цаг 19 минут

УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр эхэлнэ

Шударга мэдээ14 цаг 25 минут

Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, үүрэг чиглэл...

Чөлөөт цаг14 цаг 27 минут

“Богдхан уулаа цэвэрлэе” аянд таван мянга гаруй оюутан, ...

Урлаг спорт14 цаг 32 минут

Морин хуурын чуулгад Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулла...

Чөлөөт цаг14 цаг 35 минут

Монголын сэтгүүл зүйн ахмадуудын анхдугаар чуулган болно

Чөлөөт цаг14 цаг 39 минут

Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто замыг түр хаан...

Санал болгох