Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байнгын хороогоор энэ сард хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдийн цаглаварыг баталлаа

Огноо:

,

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ 12 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхлэв.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хуралдааны эхэнд эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм оюун, ухаан бодол, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, багшийн мэргэжилтэй УИХ-ын гишүүддээ Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, ажлын амжилт, сайн сайхныг хүслээ.

Байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийн хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар батална”, мөн зүйлийн 10.6-д “Энэ хуулийн 10.5-д заасан дарааллыг үндэслэн хэлэлцэх асуудлын цаглаврыг Байнгын хороод баталж, мөрдүүлнэ” гэж заасны дагуу уг тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат энэ талаарх танилцуулгадаа, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг баталсан. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан.

Энэ хүрээнд 32 хууль батлахаар нэр зааж тусгаснаас өнгөрсөн хугацаанд Улсын Их Хурлаас 12 хууль баталсан, одоо 3 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Харин 17 хуулийн төсөл өргөн баригдаагүй хүлээгдэж байна. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж өргөн мэдүүлэх учиртай.

Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Харин УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн төсөл, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, Төрийн албаны сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байгааг дурдав. 

УИХ-ын даргын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 70 дугаар захирамжид заасан Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх цаглаварыг хавсралтаар батлах, харин хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй байхаар тогтоолын төсөлд тусгасныг танилцуулсан юм. Мөн өргөн баригдаагүй байгаа хуулийн төслүүдийг цаглаварт тусгаагүй гэдгийг онцлов.

Тус Байнгын хороо энэ сард УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн хуралдаанаар хэлэлцэж Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэх, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр  уг цаглаварт тусгасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Энхболд, Б.Пүрэвдорж нар Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн ахлагчдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн ажлыг шуурхайлж, аравдугаар сарын сүүлчээр Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй байна гэсэн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын саналыг хүлээн авч буйгаа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хэллээ.  

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн санаачлагч Ё.Баатарбилэг нар холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Ингээд гишүүдээс гаргасан саналыг нэмж тусган “УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон 17 гишүүний 11 нь буюу 64.7 хувь дэмжлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ

Огноо:

,

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын  Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт  өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн  мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким  Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.

Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

Огноо:

,

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-өөр (2026.09.10) Улсын Их Хурлын гишүүд улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд, үр ач нар, иргэд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.







Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.







Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.





Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох