Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

Огноо:

,

ХБНГУ-н Франкфурт хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-нд нээгдлээ. Өнгөрсөн онд  цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол  энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдэв. Үзэсгэлэн яармагийн энэ жилийн уриа нь RE: CONNECT.


500 жилийн түүхтэй Франкфуртын  үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн олон улсын шинэ номын танилцуулга, маркетингийн гол цэг болохоос гадна  номыг дэлхийн өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлэх платформ билээ. Номын ертөнцийнхөн  нэгэн дээвэр дор цугларч, оюун санааны бүтээлүүдээ танилцуулдаг учир зохиолч уран бүтээлчид, эрдэмтэд, судлаач шүүмжлэгчид, хэвлэл мэдээллийнхэн, хэвлэлийн үйлдвэрийнхэн болон олон нийтийн хэрэгслийн анхаарлыг гойд татдаг.





Эхний гурван өдөр зөвхөн номын салбарынхан л өөрсдөө оролцож номын шинэ зах зээлтэй танилцдаг бөгөөд дараагийн хоёр өдөр нь номонд дуртай уншигчдад нээлттэй болж, улмаар шууд борлуулалт хийх боломжтой болдог юм байна. Хэдийгээр цар тахлын улмаас  оролцогчдын тоо хязгаартай, хорио цээрийн дэглэмийн хяналт чанга байгаа ч  Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт энэ удаа 80 гаруй орны 2000 орчим албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД -  Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож,  эх орноо сурталчилж байна. Тэрээр “Цар тахлын үед бүх үндэстэн, бүх насныхныг холбосон оюун санаа, соёлын гүүр бол ном гэдгийг өнөөдөр харуулж байна” хэмээн онцлов. Түүний номыг Германы “Eulenspigel” хэвлэлийн групп 2020 оны эхээр  герман хэлтэй уншигчдын хүртээл болгосон юм. Герман хэлээр дэлхийд 130 сая хүн ярьдаг. Д.Тэрбишдагвын ном түүний сурч, амьдарч, ажиллаж байсан Германд, цаашилбал ойр орчмын Австри, Швейцарын том номын дэлгүүрүүд, Амазонд тавигдсан байна.  www.amazon.de
 







Жил бүрийн 10-р сарын дундуур таван  өдөр үргэлжилдэг энэхүү арга хэмжээ Германы Франкфуртын үзэсгэлэнгийн талбайд 2021 оны 10-р сарын 24-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн тасалбарыг зөвхөн онлайнаар худалдаалж, 2-оос доошгүй удаа вакцинд хамрагдсан гэрчилгээ зэрэг баримт бичгийг нягтлан үзэж  нэвтрүүлж байна.    

73 дахь удаагийн Франкфуртын номын үзэсгэлэн яармагийг Соёлын яамны сайд Моника Грюттерс нээж,  бүтээлчээр "сэрэхийг" уриалав. Тэрээр "Өнөөдөр бид утга зохиол, сэтгүүл зүйн ертөнц Франкфурт руу буцаж ирсний баярыг тэмдэглэж байна. Цар тахлын үед  унших материал нь ердийнхөөс ч илүү "сэтгэлийн хоол" болж, хүмүүст цар тахлын хүнд хэцүүг давахад ташуур болж байна.  Энэхүү яармаг нь ном, хэвлэлийн салбарын дэлхийн хамгийн том платформ юм. Номын салбарыг амьд байлгаж, хямралыг амжилттай даван туулж чадсан бүх хүмүүст талархал дахин дахин илэрхийлье” гэв.



Энэ жилийн үзэсгэлэн яармагийн албан ёсны зочин орноор Канад улс оролцож байна. Канадын  алдарт зохиолч Маргарет Этвуд  "Ном  цаг хугацааг ухраах хэрэгсэл, сэтгэлийн машин, оюун санааны цангааг тайлагч эм  юм. Ном унших бүртээ тантай ярьж буй дуу хоолойг сонсдог. Та хичнээн их ганцаардсан байсан ч хамаагүй, та ном уншиж байхдаа ганцаараа биш гэдгээ мэдэх болно” хэмээн иш татав.  
Мөн Франкфурт хотод Канадын ерөнхий амбан захирагч Мэри Мэй Саймон хүрэлцэн ирж нээлтийн ёслолд оролцон  номын ач холбогдлыг онцлон хэлээд зогсохгүй уугуул иргэдийнхээ  аман уламжлалын тухай дурдаж, “Бидний өмнөх үеийн түүх биднийг холбож, хүч чадал өгдөг. Бид бие биендээ сайн түүхээ хэлэхээс гадна муу түүхээ  ч дэлгэх ёстой юм. Ингэснээр тухайн ард түмний өнөөгийн байдал, ард түмнүүдийн хоорондын ойлголцол, ардчилалын тухай илүү мэдээлэл авах болно ” хэмээн онцлов.





Үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид “Цар тахлаас  өмнө  дэлхийн 75 орны 10,000 гаруй сэтгүүлчид зорьж ирж энэ арга хэмжээг сурвалжилдаг төдийгүй 106 орны 7,135 хэвлэлийн салбарынхан яармагт оролцож,  300,000  гаруй жирийн уншигчид цугларч байсан түүхтэй юм. Гэвч цар тахлын хорио цээрийн дэглэм дэлхий дахинд  цуцлагдаагүй  ийм цаг үед 2000 гаруй номын салбарын албан ёсны уран бүтээлчид, хэвлэлийн компанийхан зорьж ирэн,  2020 ба 2021 оны уран бүтээлүүдээ дэлгэн харуулж байгаа  гэдгээрээ энэ арга хэмжээ ямар чухал ач холбогдолтой болохыг илтгэж байна” хэмээн нээлтийн ёслол дээр мэдээллээ.
Видео: Нээлтийн арга хэмжээ
  
“Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармаг-2021” нь дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэн нийтлэх мэргэжлийн хүмүүсийг дахин цуглуулж, бүтээлийг нь олны сонор, мэлмийд толилуулж, соёл, хэвлэлийн технологийн салбарын  үйлчлүүлэгчид, түншүүдтэй уулзах боломжийг шууд олгож, номын бизнесийн шинэ загвар, шинэлэг бүтээлч хандлагыг бий болгож байна.
Ном бүтээгчид бол  хэл, орон зайд үл баригдан соёлыг түгээгчид  билээ. Д.Тэрбишдагва нь олон улсын номын яармагт оролцохоос гадна  Германы хотуудад  зочилж  ном болон Монголын түүх,  зан заншил, өв соёлыг танилцуулж байна.


Уулзалтын хуваарь,  мэдээллийг доорх линкээс үзнэ үү www.eulenspiegel.com
 
Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Урлаг спорт

Автомашингүй өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн гүйлт зохион байгуулна

Огноо:

,

Энэ сарын 25-ны ням гарагт болох автомашингүй өдрийн хүрээнд хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах үйл ажиллагаа, гүйлт, парадын талаар Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд мэдээлэл өгөв.

Тэрбээр хэлэхдээ:

-Автомашингүй өдрийн хүрээнд Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” үйл ажиллагааг зохион байгуулна. Нийслэлийн есөн дүүргийн биеийн тамир, спортын хороод, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар хамтран нийслэл, дүүргээс 10 спортын төрлөөр 20 тэмцээн зохион байгуулж, дүүргүүдийн асарт сурталчилгаа явуулах юм. Түүнчлэн секц, дугуйлан, фитнес клуб, усан бассейны бүртгэл явуулж, оролцогч иргэдийн дунд фитнес клуб, усан бассейны эрхийн бичиг хожих сугалаа зохион байгуулна. Мөн 08:00 цагаас төв талбайгаас 5 км-ийн эрүүл мэндийн гүйлтийн гараа гарна.  Тус гүйлтэд 5000 төгрөгийн хураамж төлж, бүртгүүлэх боломжтой.

Гүйлтийн хураамжийн орлогыг МУИС-д сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад тэтгэлэг болгож олгох юм. Гүйлтэд “Hipay” аппликейшн болон сайтаар бүртгүүлэх боломжтой ба бүртгэл есдүгээр сарын 24-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн есдүгээр сарын 25-ны 15:00-17:00 цагийн хооронд 15 км зайд дугуйн парад явна. МУИС-ийн нэгдүгээр байрны үүдэнд Дугуйн парадад оролцогчдыг бүртгэж, 14 наснаас дээш иргэдийг хамруулах юм. Маршрутын хувьд МУИС-ийн нэгдүгээр байрнаас “Бөмбөгөр” худалдааны төв, “И-Март” Чингис салбар, Бөхийн өргөө, МУИС-ийн нэгдүгээр байр гэх чиглэлээр гүйнэ. Дугуйн парадад цахилгаан дугуй, скүүтертэй иргэдийг оролцуулахыг хориглосон байгаа” хэмээв.

"Автомашингүй өдөр-2022" замын хөдөлгөөн хаасан бүсэд тавьсан автомашиныг 77078200 дугаарт холбогдон ойр байрлах зогсоолд үнэ төлбөргүй шилжүүлэх боломжтой.


Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Монгол уулчин Ленин оргилд соло авиралт хийж байхдаа хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацжээ

Огноо:

,

Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна.
 
Аврах ажиллагааг цаг алдахгүй зохион байгуулахыг хичээн ажиллаж байна. МУҮХ-ны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, Жаргалант клубийн уулчин Э.Даваадоржийн хамтаар өнөөдөр буюу 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатараас хөдөллөө. 
 
Кыргызстан улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд аврагчдыг Бишкек хотод бууснаас цааших бүх асуудлыг саадгүй бүрэн шийдэх юм. Уулчин Х.Бумхишигийн биеийн байдал сайн, хоол ундны байдал хүрэлцээтэй бөгөөд 4 дэх хоног дээрээ ууланд гацжээ.
 
Тухайн уулын баазууд ихэнх нь буусан, шууд аврах ажиллагаа явуулах уулчин Ленин оргилд ойрхон байхгүй тул ийм хэмжээний хугацаа алдаад байна. Ленин оргилд цаг агаарын байдал тааламжтай, салхины хурд тогтмол хэвийн, хур тунадасгүй байгаа урьдчилсан мэдээ ирэв.
 
Аврах ажиллагаанд явах зардлыг МУҮХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд, Жаргалант уулчдын клуб, Цэгц клуб болон бусад хандив дэмжлэгээр бүрдүүлэв гэж Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадам амралтын өдрүүдэд болно

Огноо:

,

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоо хамтран Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг, Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар,  Монголын мрьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Мөнхболд болон наадамд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн шүүгч, дасгалжуулагч, тамирчид  оролцлоо.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг энэ амралтын өдрүүдэд буюу есдүгээр сарын 10, 11-ний өдөр “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах юм. Энэ жилийн наадамд найман орны 30 гаруй тамирчид оролцохоор Улаанбаатарт ирээд байна. Цар тахлын жилүүдэд цахимаар зохион байгуулагдсан бол 2019 онд Монголд өргөн дэлгэр тэмдэглэсэн юм байна. Тухайн тэмцээнд 17 орны 41 тамирчин оролцож байжээ. Морин харваа бол Монголын эртний түүхтэй нягт холбоотой наадам гэдгийг Хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Бодлого, хэрэгжилтийн хэлтсийн дарга В.Батчимэг:

-Монгол Улсыг олон улсад сурталчлах, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгох, жуулчдын сонирхлыг татсан арга хэмжээний тоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Хийморь” морьт харвааны наадмыг 2018 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Хийморь” наадамд оролцох олон улсын тамирчид ирээд байна. Наадмын үеэр морьт харваанаас гадна шагайн харваа, шонхор шувуу, морин циркийн үзүүлбэр,  үндэсний урлагийн үзүүлбэр үзүүлэх юм. Цаашид морьт харвааны төвийг Монгол Улсад байгуулах зорилготой ажиллаж байна гэсэн юм.

Монголын морьт харваачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  Д.Мөнхболд “Энэ жилийн наадам дэлхий нийтээрээ цар тахлыг даван туулсан сайхан үед болж байгаагаараа онцлог юм. Энэхүү тэмцээн бол түүхэн үйл явдлыг сэргээсэн, түүхийн олдворуудаас санаа авч сэргээсэн бүтээлч наадам гэдгийг тодотгоё. Ирэх онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголдоо зохион байгуулахаар болсныг дашрамд дуулгая. Тэрхүү тэмцээнд дэлхийн  34 орны тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа. Морьт харвааны тэмцээнийг та бүхэн маань очиж үзээрэй гэж хүсье” гэлээ.

УНАГАН БАЙГАЛЬТАЙ МОНГОЛД ХАЙРТАЙ

Өмнөд Африкаас хүрэлцэн ирсэн тэмцээний шүүгч  Амели Рашке /Amelia Raschke/ “Дэлхийн хөгжингүй орнуудад байгалийн унаган төрхийг ихэд алдагдуулсан байдаг. Гэтэл Монгол бол унаган байгалиа хайрлан хамгаалж буй орнуудын нэг. Тиймээс би Монголд хайртай. Энэ жилийн хувьд “Хийморь” наадамд 30 гаруй тамирчид оролцож байгаа ч ирэх жилүүдэд тамирчдын тоо улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ.  

Амели Рашке нь морьт харваачдын зургаан удаагийн тэмцээнд шүүгчээр ажилласан туршлагатай нэгэн юм. 2019 оны “Хийморь” морьт харваанд уригдан ирж ерөнхий шүүгчээр ажиллаж байжээ.

ОХУ-ЫН ТАМИРЧИД ХИЧЭЭН ОРОЛЦОХ БОЛНО

ОХУ-ын морьт харвааны холбооны тэргүүн, Кремлийн морин сургуулийн төлөөлөгч Сергей Одиноков:

-Монголд хүрэлцэн ирээд Монголын ард түмэн, морьт харвааны нэн эртний түүхтэй танилцахад таатай байна. Улаанбаатар төмөр замын вокзалд буухаас монголчууд биднийг халуун дулаан хүлээн авч байгаад баяртай байна. Монголын тамирчид бол маш хүчтэй өрсөлдөгчид. ОХУ-ын тамирчид маань дутахгүй өрсөлдөнө гэж итгэж байна. Энэ жил манай улсаас таван тамирчин ирсэн. Бидний дунд 2019 онд “Хийморь” тэмцээнд амжилттай оролцсон  Юрославль хотын Артивида клубын гишүүн Люба Марука, Ольга Жигулина, Халимаг улсаас Хонгор Владаев, Волгоград хотын морин спортын мастер тамирчин Сергей Канивазов нарын тамирчид хүрэлцэн ирээд байна.

МОНГОЛ АДУУТАЙ ТӨСТЭЙ МУСТАНГИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАНА

АНУ-ын багийн дасгалжуулагч, Шинэ Мексикийн соёлын элч Кристин Жемма ДиФернандо /Cristin Gemma DiFernando/:

-Би нийт америкчуудыг төлөөлөн ирсний сацуу АНУ-ын уугуул иргэдийн төлөөлөл болж ирсэндээ маш их баяртай байна. Монголд ирээд хоёр сар гаруй болж байна. Саяхан би морьт өртөөгөөр 1000 гаруй км аялаад ирсэн. Монголд ирээд гэр бүл, анд нөхдийн нөхөрлөл, ахан дүүс ямар байдгийг мэдэрлээ. Би эндээс явмааргүй санагдаж байна. Америкийн уугуул иргэд морь сургаж, морьдтой ойрхон байдаг ч морьт харвааг сонирхоод жил гаруйн хугацаа өнгөрч байна. Монголд ирээд өртөөчлөн аялахдаа 60 гаруй морь сэлгэж унасан байна. Монгол нутагт тал дүүрэн адуу бэлчиж байгааг харахад үнэхээр гайхалтай байлаа. Монгол морьд бол зэрлэг адуу мустангтай ерөнхийдөө төстэй санагдсан. Шинэ Мексикийн хойд хэсэгт мустанг зэрлэг адуу олон бий. Бэлчээр доройтуулах эрсдэлтэй гэж үзэн Америкийн Засгийн газраас мустангийн тоо толгойг барих бодлого барьж байдаг. Тиймээс би буцаж очоод зэрлэг адууг хамгаалах талаар санаачилга гарган ажиллана” гэсэн юм.

“Хийморь-2022” олон улсын морьт харвааны наадам нь олон улсын морьт харвааны холбоо /lHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрмээр Унгар, Турк харваа болон Монголын морьт харваачдын холбоо /MHAA/-ны “Gran Prix” тэмцээний дүрэм болох  таван байны төрөл, Монгол бөмбөг намнаа, багийн тэмцээн гэсэн төрлөөр явагдах юм байна. Наадамд Монголын морьт харвааны холбоо, клубийн тамирчид болон ОХУ, Өмнөд Африк, Япон, АНУ, Малайз, Израйл улсын харваачид оролцож, Өмнөд Африкийн болон Монголын морьт харвааны холбооны шүүгчид тэмцээнийг шүүх юм. Мөн наадмын үеэр урлагийн тоглолт, морин циркийн үзүүлбэр, шагайн харвааны үзүүлэх тоглолт, шонхор шувууны үзүүлбэр, үндэсний үйлдвэрлэл, гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.

Морьт харвааны олон улсын аварга шалгаруулах “Хийморь” наадмыг 2023 онд дэлхийн аварга шалгаруулах  нээлттэй тэмцээн болгон өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох