Улстөр нийгэм
Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XI хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Үргэлжлүүлээд Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай хэлэлцсэн юм.

Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. 2015-2020 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолуудаар батлагдсан хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас өнөөдрийн байдлаар хувьчлагдаагүй үлдсэн нийт 26 барилга байгууламж байна.
Эдгээр объектоос 2022 онд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын шийдвэрээр хувьчлах ажлыг зохион байгуулах тул хувьчлалын орлогыг бүрдүүлэх боломжтой. Мөн нийслэлийн өмчөөс 2022 онд шинээр 4 барилга байгууламжийг хувьчилж, өмч хувьчлалаас нийслэлийн төсөвт нийт 45 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр тооцсоныг нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн онцоллоо.

2022 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах Ахуй үйлчилгээний төвийн барилга, 32 дугаар хороонд байрлах Эмээлтийн мал эмнэлгийн лабораторын барилга, 17 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 21 дүгээр салбарын түрээсээр эзэмшиж буй байр болон Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Монгол шуудан” ХК-ийн 46 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр багтсан байна.
Тухайлбал, Нийслэлийн мал эмнэлгийн газрын хөрөнгөд бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, Эмээлт түүхий эдийн захын лабораторыг мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдэд мал эмнэлэг, ариун цэврийн шинжилгээ хийж, баталгаажуулалт олгох зорилгоор байгуулж байсан. Барилгыг 2005 онд 14.5 сая төгрөгөөр барьсан. Гэвч эрчим хүчний асуудлыг шийдээгүйн улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон. Тиймээс хувьчлах обьектын жагсаалтад оруулжээ.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан өнгөрсөн хугацааны өмч, хувьчлалын жагсаалт, жил бүрийн баталсан тогтоолын хэрэгжилтийн талаар 2022 оны эхний улиралд багтаан танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъябазарт тэмдэглэлээр үүрэг болгосон юм.



2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 859 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ

Үргэлжлүүлэн Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг танилцууллаа. 2021 оны төлөвлөгөөнд нийт 5 бүлгийн 21 дэд бүлэгт хамаарах 946 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан.
Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 91 хувьтай байна. Харин нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох, газрын эрхийн дуудлага худалдаагаар эзэмшүүлэх, ашиглуулах, нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох, орчны тохижилт, ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, барилга байгууламжийг буулган шинэчлэн барилгажуулах зэрэг 5 бүлэг, 22 дэд бүлгийн 859 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төсөлд тусгаад байна.
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XI хуралдаан үргэлжлүүлэн Нийслэлийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэнэ.




Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Улстөр нийгэм
Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрт таван хотын 62 төлөөлөгч оролцжээ
“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, хаалтаа хийлээ. Энэ жилийн хөтөлбөрт Улаанбаатар хоттой ах дүүгийн болон найрамдалт харилцаатай Тайландын Бангкок, БНХАУ-ын Хөх хот, ОХУ-ын Эрхүү, БНСУ-ын Намянжү, Японы Мияконожо хотын нийт 62 сурагч, багш, төлөөлөгч оролцжээ.
Оролцогчид долоо хоногийн хугацаанд Монгол Улсын түүх, соёл, өв уламжлал, мөн нийслэл Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалттай танилцсан байна.
Хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан оролцож, хөтөлбөрөөр дамжуулан Монгол Улсын баялаг түүх, өв соёл, үндэсний уламжлал, Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтыг олон улсын хүүхэд, залуучуудад таниулахыг зорьсныг онцоллоо.
Мөн таван хотын сурагчид Монголын уламжлал, орчин үеийн хөгжилтэй танилцаж, шинэ найз нөхөдтэй болсон нь хөтөлбөрийн хамгийн үнэ цэнтэй үр дүн гэдгийг тэмдэглэв.
Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудын нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, соёлын солилцоог өргөжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой болж өндөрлөжээ.
Улстөр нийгэм
Он гарсаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, 149 хүний амь насыг аварчээ
Улсын хэмжээнд энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг аварчээ.
Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр үер, усны ослын эрсдэл өндөр бүсүүдэд хийсэн судалгаагаар 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд гол, мөрөн, нуурын орчимд байрлах 399 эрсдэлтэй цэгийг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
Мөн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн таван дүүрэг, 13 аймгийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүл тогтмол ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа аж.
Иймд ОБЕГ-аас иргэд, малчид, аялагчдыг үер, усны ослын эрсдэлийн талаарх сэрэмжлүүлэг, мэдээллийг тогтмол авч, мэргэжлийн байгууллагын өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөн, гол мөрөн, нуурын орчимд сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Улстөр нийгэм
Шадар сайд Н.Номтойбаяр Завхан аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 3 дугаар тушаалын хэрэгжилт болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах хүрээнд Завхан аймагт ажиллалаа.
Одоогийн байдлаар Завхан аймгийн нийт нутгийн 60 хувьд зуншлага дунд, 40 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан байна. Агаар, хөрсний температур нэмэгдэж, ургамлын ургалт саарч, бэлчээрийн гарц муудах төлөвтэй байгааг аймгийн удирдлагууд танилцуулжээ.
Энэ үеэр аймгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг хангахтай холбоотой тулгамдсан асуудлуудаа танилцуулж, Засгийн газарт дараах хүсэлтүүдийг хүргүүлэв. Үүнд:
- БНСУ-ын "Экзим" банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй 25 МВт-ын дулааны станцын барилгын ажлыг сэргээх,
- "Могойн голын нүүрсний уурхай"-н үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх,
- Арцсуурь боомтын авто зам болон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх,
- Зүүн аймгуудаас байгалийн хадлан бэлтгэх боломжийг бүрдүүлэх,
- Сумдын төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай автомашин шийдвэрлэх,
- Ховд-Завхан чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлыг эхлүүлэх, сумдын цахилгаан шугамыг шинэчлэх,
- Аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хөнджээ.
Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газар цаашид орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, тухайн хөрөнгийн зарцуулалтад Иргэдийн төлөөлөгчдийн хурал хяналт тавих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд төв болон зүүн бүсээс хадлан бэлтгэхэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай сум, байгууллагуудад туулах чадвар сайтай автомашин олгох чиглэлээр дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.
-
Шударга мэдээ2021/04/02
Д.Сумъяабазар: Нийтийн эдэлбэр газраа хамгаалалтад авч байгаа
-
Цаг үе2021/05/17
Аэробус компанийн салбарт 28.1 сая фунт стерлингийн торгууль ногдуулжээ
-
Улстөр нийгэм2021/05/06
ЗГ: Улсын хилээр нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацааг сунгал...
-
Цаг үе2020/05/27
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
