Цаг үе
Нийслэлийн иргэд бизнес эрхлэх цахим сургалтад хамрагдах боломжтой боллоо
НЗДТГ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран төрийн албан хаагчдад зориулсан сургалтын агуулга боловсруулах, сургалт зохион байгуулах, сургалтыг цахимжуулах, цахим сургалтыг платформд байршуулах зэргээр өргөн хүрээнд ажиллаж байна.
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын гадаадаас шилжин суурьшигч, жижиг бизнес эхэлж буй хүмүүст зориулан боловсруулсан найман төрлийн цахим сургалтыг НЗДТГ-ын Сургалт, судалгааны төвийн болон бусад Skillup, Tomyo компанийн платформд байршуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. Тодруулбал, үүнд
- Гадаад орноос эргэн ирж буй иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт
- Компьютер болон интернэтийн орчинд ажиллах сургалт
- Ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур дүй олгох сургалт
- Оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт
- Кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт
- Хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт
- Цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт
- Нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалт багтаж байна.
Эдгээр сургалтыг http://trc.ulaanbaatar.mn/moodle/login/index.php,
https://skillup.mn/course, https://tomyo.mn/ линкээр орж үзэх боломжтой.
Жижиг бизнес эрхлэх цахим сургалтууд нь бизнесээ хэрхэн эхлүүлэх арга зам, амжилттай удирдан явуулах аргачлалыг нэг бүрчлэн заах бөгөөд нийслэлийн иргэдэд үнэ төлбөргүй, нээлттэй хүрэх юм. Сургалтыг бүрэн дүүргэсэн иргэдэд НЗДТГ, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас сертификат олгоно.

Цар тахлын энэ нөхцөлд сургалтыг цахимжуулах нь иргэдийн суралцах боломжийг нэмэгдүүлж буй хэрэг юм. Нийслэлийн иргэд энэхүү цахим сургалтаар дамжуулан жижиг бизнес эрхлэх ур чадварт суралцаж, улмаар хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
Цаг үе
Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авлаа
Иргэд осолдож болзошгүй гол нуурууд орчмын 399 байршил дагуу усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, завьт болон хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд (2021-2025) усны ослын 537 удаагийн дуудлага бүртгэгдэж, 464 хүн амь насаа алдсан байна.
Усны ослоор амь насаа алдсан иргэдийн 68 хувь нь гол мөрөнд, 20 хувь нь нуурт, 12 хувь нь тогтоол усанд энджээ. Иймд иргэд та бүхэн аялал, зугаалгаар явахдаа тухайн очих газрынхаа онцлогийг судалж, усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг уриалж байна гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Цаг үе
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Үүр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Онон /Дадал/ , Хангай нурууны өврийн Онги зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг давсан байна.
Өнөөдөр буюу 6 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ мөрөн, Тосонцэнгэл сум орчимд болон Эг гол Хантай баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.
Мөн
- 6-р сарын 17-ны өдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
- 20-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох юм байна.
Иймд тухайн хугацаанд орсон хур борооны эрчимжил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Цаг үе
"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол улсаа төлөөлөн оролцох тамирчныг энэ сарын 18-ны өдөр тодруулна
Киргизстаны нийслэл Бишкек болон Чолпон-Ата хотуудад ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 06-ны өдрүүдэд "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" зохион байгуулагдана. Тус наадам нь 2 жилд нэг удаа болдог бөгөөд 2022 онд Туркийн Изникд болсон наадамд 102 орны 3000 гаруй тамирчин, 2024 онд Казахстаны Алматад 89 орны 2500 орчим тамирчин оролцож байжээ.
Энэ удаагийн VI наадамд 60 орон оролцохоо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд 60 орчим орны 4000 гаруй тамирчин, төлөөлөгч оролцоно гэж зохион байгуулах хорооноос мэдээлээд байна.
Тус наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох бөхийн 6 төрлийн тамирчныг тодруулах, сонгон шалгаруулалтыг 2026.06.18-ны өдрийн 11.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулна.
Тус сонгон шалгаруулалт нь дараах бөхийн төрлүүдээр, халз барилдаан хэлбэрээр зохион байгуулагдана. Үүнд:
- Монголын Үндэсний бөх
- Казак Курес бөх
- Иран Пахлавани бөх
- Киргиз Алыш бөх
- Кураш
- Бүстэй барилдаан
Эдгээр бөхийн төрлүүдээр эх орноо төлөөлөн "Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам" оролцох тамирчны сонгон шалгаруултад оролцох боломжтой юм байна.
-
Улстөр нийгэм2026/05/12
НҮБ-ын Ойн форумын 21 дүгээр чуулган Нью-Йорк хотноо эхэллээ
-
Цаг үе2025/01/06
2025 оны цэргийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ
-
Улстөр нийгэм2022/10/03
УИХ-ын 2022 оны намрын чуулган өнөөдөр эхэлнэ
-
Шударга мэдээ2024/02/20
Шуурхай ажлын хэсгүүд авто замын бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна
