Цаг үе
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв
Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээлтээ хийлээ. Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг энэ төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1,6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7,6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг хэлж байв. Тийм учраас тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Монголд анх удаа шүдний кабинет ийнхүү байгуулагдаж байгаа юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сэргээн засах төвд иж бүрэн тоноглогдсон шүдний кабинет нээлтээ хийж байна. Энэхүү кабинет нээлтээ хийснээр тусгай хэрэгцээт иргэдийн амны хөндийн өвчлөлийг эмчлэх боломж нээгдэж байна. Ялангуяа мэргэжлийн байгууллагынхаа дэргэд эмчлэх боломжтой кабинет нээгдэж байгаад ЭМС-ийн хувьд баяртай байна. Цаашид ХНХЯ-тай хамтраад тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийн асуудал болон журам стандартад томоохон бодлогын ажлууд хийнэ" гэж хэллээ.
Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм. Тус шүдний кабинет нь нийт 6 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж ийнхүү нээлтээ хийж байна хэмээн СЗТ-ийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг хэлэв. Тус төв нь өдөрт 20-24 хүнийг эмчлэх бүрэн чадалтай иж бүрэн ариутгал, үзлэг, яаралтай тусламж, рентген гэсэн бүтэцтэй 2 кабинеттай юм.
Цаг үе
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгана
Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, ДЭМА эмнэлгийн хойд талаар Нарны хороолол хүрэх авто замыг барьж, зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 1-нд нээсэн.
Энэ авто зам 680 метр урт бөгөөд Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцаж, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломжийг бүрдүүллээ.
Шинэ авто замын гэрэлтүүлэг, тохижилтын ажлыг зургаадугаар сарын 15-нд бүрэн дуусгах юм.

Цаг үе
Улаанбаатар хотод цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийг судална
"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улсад цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц, цэнэглэх станцыг барих талаар тусгасан байдаг. Энэ хүрээнд нийслэл дэх “Ногоон өртөө” төслийн ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдаанаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийг байгуулах боломжит цэгүүдийн судалгааг боловсруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн Улаанбаатар хотод цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих “Ногоон өртөө” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын талаар зөвлөлдөв.
“Ногоон өртөө” төслийн үр дүнд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулж, агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах юм.

Цаг үе
Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарсан үнэлгээ хийлээ
Үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд хамтарсан уулзалт, эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа.
Уулзалтад Эрүүл мэндийн сайдын багцын хөрөнгөөр барилга, байгууламжийн засварын ажил гүйцэтгэж буй компаниудын удирдлагууд оролцож, барилгын ажлын үеийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвшилцөв.
Мөн “Эрсдэлийг илрүүлж – Аюулгүй байдлыг хангая” сарын аяны хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд хамтран байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг тодорхойлов.
Хамтарсан үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
